-Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг байнгын хороо хэлэлцсэн. Ямар шийдвэр гаргасан бэ?
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос томилсон ажлын хэсгийн ажил уг нь эрт дууссан. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулаад Засгийн газраас ажлын хэсгийг хууль гартал хүлээж байгаач гэдэг хүсэлт тавьсан юм. Уг хууль оны өмнө батлагдсан. Нөөц ашигласны төлбөрийн таван хувь дээр 10 хувийг нэмээд 15 хувь болгосон. Хууль гарсны дараа ажлын хэсэг хуралдаад өнөөдөр /өчигдөр/ дүнгээ гаргалаа. Ажлын хэсгийн дүнг байнгын хороо дүгнээд тогтоолын төслийг санал нэгтэй дэмжлээ. Мөн Засгийн газарт холбогдох үүрэг даалгаварыг өглөө.
-Ямар, ямар үүрэг даалгавар өгч байгаа юм бол?
-Эрдэс баялгийн зөвлөлөөс Оюутолгойн ТЭЗҮ-ийг буцаасан. Чухам яагаад буцаасан шалтгааныг нь тодруулах, ТЭЗҮ-тэй танилцахад ажлын хэсгийн гол зорилго нь оршиж байгаа юм. Оюутолгойн ТЭЗҮ-д тусгасан хөрөнгө оруулагчдын нөөц ашигласны төлбөрийн хоёр хувийг Монголын талаас цэвэр ашигласнаар тооцож авна гэж ТЭЗҮ-д туссан байсан. Үүнийг ажлын хэсгийн явцад хөрөнгө оруулагч нь анхныхаа лиценз худалдаалсан компанитайгаа өөрсдөө хоорондоо тохирох, Монголын талд хамааралгүй болгож өөрчилсөн. Мөн 45 сая тонн нефтийн 19 сая тонныг нь ашиглана гэж байгаа. Уг нь Хөрөнгө оруулалтын гэрээндээ 45 сая тонн гэж орсон. Харин ТЭЗҮ-дээ 19 сая тонн гээд ороод ирсэн. Ажлын хэсэг болохгүй гэж үзээд 19 сая тонныг 31 сая тонн болгосон. Өөрөөр хэлбэл 68.9 хувь нь үр ашигтай нөөцөд хамааруулж ашиглахаар хийсэн. Мөн усны нөөцийг тогтоох, баталгаажих боломжтой хэсгийг үүрэг даалгавар болгож ажлын хэсгээс өглөө. Хамгийн гол нь УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолд заасан “Анхны хөрөнгө оруулалт хийсний дараа Монголын тал 50-аас доошгүй хувийг эзэмших” гэсэн байгаа. Үүнийг ажлын хэсэг тусгаж өгсөн байгаа юм.
-ТЭЗҮ дээр 30 жил гэсэн маргаан нэлээд гарсан. Ажлын хэсэг энэ талаар юу гэж үзэж байна вэ?
-Бид өнөөдөр 30, 25, 20 гэж хэлэх боломж байхгүй. Ямартай ч 30 жилийг нааш нь татна гэдгийг дахин ярья гэсэн. Үүнийг нэг жил ч татаж болно, хоёр жил ч татаж болно. Тоо заахаар дараа нь асуудал үүсч магадгүй. Учир нь манайд ашиггүй болж магадгүй шүү дээ. Засгийн газар ч өөрөө 30-аас доошлуулна гэдэг саналтай байгаа.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин