Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээ амлаж чадна

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээ амлаж чадна

Нөхөн сэргээлт хийж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээ амлаж чадна


“Жамп” компанийн ерөн­хий захирал Л.Цэрэндавааг “Ярилцах танхим”-даа ури­лаа.

-Зарим улстөрчид уур­хай­­чидтай хэлэлцээрийн ши­рээний ард сууж, “урт нэртэй” хуулийн ал­даатай зүйл заалтыг за­сах боломжтойг хэлж бай­сан. Уурхайчдын хувьд улс­төрчидтэй ойлголцохын тулд хэлэлцээр хийхэд бэлэн үү?

-Ойлголцох, засах боломж байлгүй яахав. Харин хэн хэнээ хохироохгүй гарцыг яаж олох вэ гэдэгт л асуудал байна. Улс орондоо ашигтай, уурхайчдыг ажилтай байлгах үр дүнд хүргэх шийдлийг бодож олох ёстой. Давж шийдэх үү, тойрч шийдэх үү гээд олон арга зам байна. Шийдвэр гаргасан улстөрчид “Ширээний ард суугаад ярилцъя” гэвэл уурхайчид хэзээд бэлэн.

-Өнгөрсөн хугацаанд уурхайчид төрийн өндөрлөгүүд, улстөрчдөд хаягласан олон хүсэлт, санал явууллаа. Хариу нь ирсэн үү. Улстөрчид та бүхэнд  яаж хандаж байна вэ?

-“Уул уурхайгаа аваръя” хөдөлгөөний үйл ажиллагаа “урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гарснаас хойш нэлээд идэвхижсэн. Түүнээс өмнө Уул уурхайн үндэсний ассоциаци, “Уул уурхайгаа аваръя” хөдөлгөөн УИХ-ын олон гишүүнд бичиг явуулсан. Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхантай хэд хэдэн удаа уулзсан. Өнгөрсөн гуравдугаар сард Б.Батбаяр гишүүнтэй уулзаж нэлээд өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлж байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ биднийг дэмжиж байна гэсэн хариуг өнөөг хүртэл нэг ч улстөрч өгөөгүй байна.

-Уурхайчдын байр суурь гэдгээ тодруулаач?

-Үүнийг хөдөлгөөний байр суурь гэхээс илүү Монголын уурхайчдын байр суурь гэж хэлмээр байна. Монголын уул уурхайн түүхийг судлахад 1995 оноос өмнө Монгол Улс алттай юу гэсэн ойлголт бүрхэг байлаа. Түүх яривал анх 1908-1918 онд Монгол Улсад алт олборлосон байдаг. Энэ түүхийг гадныхан ярьдгаас монголчууд бараг мэддэггүй. Тэр үед Богд хаант улс ямар хууль гаргаж Европын улсуудаас яаж төлбөр тооцоо авч байсныг уншихад гайхамшигтай ухаан зарсан байдаг. Бүдүүлэг гэж нэрлээд байгаа тэр үеийн гэрээ, хэлэлцээр үнэхээр гайхамшигтай. Тэр үеийг одоо үетэй харьцуулахад хар үүл буугаад ирдэг юм.

-Долоон заалттай, “урт нэртэй” хуулийн хэрэгжилт хангалтгүйгээс салбарын сайдын суудал ганхаж байна. Нөгөө талд олон мянган уурхайчин ажилгүй болох дээрээ тулж байна. “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх боломжгүйдээ хэл ам дагуулаад байна уу. Эсвэл үнэхээр муу хууль уу?

-Хуулийн сайн, мууг дүгнэх эрх бидэнд байхгүй. Долоохон зүйлтэй энэ хуулиас өмнө Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хууль буюу “68 хувийн татвар”-ын алдартай хууль батлагдсан. Энэ хуулийг ажлын тав хоногийн дотор баталсан. Ердөө л алт, зэс гэсэн хоёрхон заалттай супер хууль. Тэр хууль ямар хор хөнөөл дагуулсныг улстөрчид боддог болов уу. Ингэж асууж байгаа ч хүн алга. Ийм асуулт асуулаа ч хэн ч хариулахгүй. Тэнэг л биш бол үйлдвэрлэгч хүн зардал нь 500 ам.доллараас давчихаад байхад дахиад 68 хувийн татвар яаж төлөх вэ дээ. Тиймээс татвараа төлөөд, олборлосон алтаа Монголбанкинд тушааж байсан аж ахуйн нэгжүүд бүгд далд эдийн засаг руу шилжсэн. Энэ хууль дөрвөн жил хэрэгжихдээ ямар хор учруулсныг тооцох сонирхол эдийн засагчдад алга. Улстөрчид харин төсвийн орлого бүрдүүлсэн гэх нэрийдлээр иргэдийн тархийг угаачихсан. Монгол Улс 2000 оноос өмнө 500 кг алт олборлодог байлаа. Энэ тоо нэмэгдсээр ОХУ-ыг ардаа орхиж байлаа. Мөн хамгийн либералчилсан хуультай улс гэж дэлхийд тоогдож байсан. Гэтэл 68 хувийн татварын хууль гарснаас хойш нөхөн сэргээлт хийгдэхээ больсон. Яагаад гэвэл компаниуд нөхөн сэргээлт хийх зардалгүй боллоо. Хууль бусаар борлуулсан алт нь бараг 100 хувь алга болсон. Ерөөсөө хар захын буюу далд эдийн засгийг бий болгосон. Ийм үр дүнтэй хууль цуцлагдахаас нэг жилийн өмнө энэхүү “урт нэртэй” хуулийг санаачилсан. Бид одоо ч энэ хуулийг ямар зорилгоор санаачилсныг гайхдаг юм.

-УИХ-ын гишүүд уул уурхайтай холбоотой хууль санаачилсны хувьд яг тэр үед уурхайчидтай уулзаж санал солилцож байв уу?

-Үгүй. Энэ хуулийг УИХ-ын чуулган завсарлахын өмнө, наадмын дараа буюу долдугаар сарын 16-нд баталсан. Өөрөөр хэлбэл, монголчууд тэр чигээрээ наадамлаж байгаа сиймхийг ашигласан хэрэг. Уурхайчид уурхай руугаа явчихсан, зарим нь амарчихсан үе. Энэ хууль батлагдах үед би гэхэд л  уурхайдаа байсан. Хуулийн талаар сүүлд мэдэж байлаа. Бусад уурхайчид ч ингэж л хэлдэг.

-Хууль санаачилж, баталсан гишүүд ирээдүйгээ харсан учраас байгалиа хамгаалж байна гэж учирладаг. Та нар байгалийн дайсан, ирээдүйгээ сүйтгэгчдийн гол дүр мөн үү?

-Тийм дүр зураг байгааг үгүйсгэхгүй. Үүнд уул уурхайн компаниуд, байгаль орчны чиглэлээр ажиллаж байгаа төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа, орон нутаг дахь мэргэжлийн бус ажилтнууд нөлөөлсөн. Алт олборлодог компаниуд цэвэр гэж хэлэхгүй. Бидэнд алдаа бий. Үнэхээр гамшиг учруулаад, байгаль орчныг сүйтгээд байгаа компаниудыг зөв дараалалд оруулах шаардлага бий. Гэхдээ Монголд 1996 оноос өмнө хувиараа алт олборлодог компани байгаагүйг санах ёстой. Болгар, ОХУ-тай байгуулсан гэрээний дагуу төрийн байгууллагууд алт олборлож байлаа. Харин 1998 оноос хувиараа алт олборлогчид бий болсон нь ардчиллын гавьяа. Энэ ололтыг дагасан хар мөр байгааг үгүйсгэхгүй. Тэр үед сумын Засаг дарга, байгаль орчны байцаагч нөхөн сэргээлт гэдгийг мэддэггүй байсан. Энэ байдал гүнзийрсээр өөрийн чинь хэлсэн гамшигт хүргэсэн. Би уул уурхайд 20 шахам жил ажилласны хувьд хэлэхэд яг алт олборлосноос болж ширгэсэн гол, мод тайрсан баримт байхгүй. Үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан ч мэдэж байгаа.

-Тэгвэл уурхайчид хэний хөлд чирэгдээд байна вэ?

-Хөлд нь чирэгдээд байна уу, хэн нэгэн нь хөлдөө чирээд байна уу гэдгийг хэлэхэд хэцүү юм. Уул ус, ой модоо тахин шүтэлгүй яахав. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ монгол хүний олонхи нь угаасаа тал хээр, говийн нутагт амьдардаг. Яг ой модтой газарт нь буриад зэрэг үндэстэн байдаг. Хөвсгөлийн ойд л гэхэд цаатангууд байна. Эндээс нэг ойлголт гарна даа. Ой модон дотор малчин айл амьдарч байна гэхээр санаанд буухгүй байгаа биз. Нөгөө талд дэлхий хөгширч байна шүү дээ.

-Гол ширгэж байгаа нь жам ёс гэж хэлэх гээд байна уу?

-Цаг агаарыг харъя л даа. Австралид үер болоод нүүрсний борлуулалт зогсч байна. Америкт цас орж байна. Гэтэл 294 лицензээ цуцлуулсан 31 компани Монголын гол усыг бохирдуулаад, мөнгөн ус холиод, модыг нь тайрч хаяагүй л биз дээ. Бид ойн бүсийг говийн бүс болгочихоогүй л биз дээ.

-Харин  уурхайчдыг таны хэлээд байгаа байгалийн хөгшрөлд иргэд буруутгаж байгаа. Харин улстөрчид иргэдтэй нэг санаатай байгаа гэдгээ баталлаа. Та нар иргэдийн үзлээр “ял”-аа хүлээгээд ажилгүй болвол хаачих вэ?

-Ойлгомжтой шүү дээ. Алт олборлогчид хүнд машин механизм барьж чаддаг, баяжуулалтын ажил хийж чаддаг. Бас ашигт малтмалыг тодорхойлж чадна. Бид уурхай ямар бүтэцтэйг мэднэ, ашигт малтмалыг яаж олборлодгийг мэднэ. Гол эзэмшсэн мэргэжил нь алт олборлолттой холбоотой шүү дээ. Тиймээс нинжа болохоос өөр зам байхгүй. Магадгүй уурхайчид тодорхой хугацааны дараа үнэд орно. Яагаад гэвэл бид ажлаа мэддэг. Мэдлэгээ өндөр үнээр эргүүлж худалдана. Зохион байгуулалттай нинжагийн бүлэглэл үүснэ гэсэн үг.

-Уул уурхайн компаниуд төрд татвар төлж баялаг бүтээж байгаа. Харин лицензээ хураалгаж нинжагийн бүлэглэл үүсвэл төр хохирох нь ээ?

-68 хувийн татварын хууль гарснаар төр хохирдогоо хохирчихсон. Тоо бодоход, тэр хууль гарахаас өмнө жилд 24 тонн алт Монголбанкинд тушааж байлаа. Тэр хууль гарснаас хойш 50 хувийг нь  хасчихъя. 12 тонныг дөрвөн жил нуусан гэхээр 48 тонн алт болно. Ийм хэмжээний алтыг Монголбанкинд хадгалж байгаад Дэлхийн зах зээлд үнэ өссөн үед зарах ёстой байсан. Алт гэдэг хатуу вальютыг хаана ч, хэнд ч зарсан авна. Харин төгрөг гэдэг эрсдэлтэй дэвсгэрт шүү дээ. Мөн энэ хууль гарснаас хойш хичнээн олон нинжатай болов. Ийм хохирлыг уурхай үүсгэдэггүй шүү дээ.

-Би ирээдүй цаг дээр асууж байна л даа.

-Хэрэгжиж эхлээгүй байгаа хуулийн үр дүнг гамшиг гэж хэлж болно. Статистик тоогоор ярихад 50 орчим мянган алт олборлогч бий. Уурхайд ажилладаг нэг хүн ардаа найман хүн дагуулдаг. Тэд бүгд  ажилгүй болно. Уурхайг дагасан жижиг, дунд үйлдвэрүүд дампуурна.

-Ийм бүрхэг зүйл ярихаас илүүтэй ярилцлагынхаа эхэнд асуусан асуултыг дахиад асуумаар байна. Шийдвэр гаргагчидтай зөвшилцлөө гэхэд уурхайчид юу амлаж чадах вэ?

-Бид энэ хууль баталсны дараа энэ талаар ярьсан. Шударга ярьж хариуцлагагүй байдал дээрээ дүгнэлт хийсэн. Гарц хайсан. Бидний амлаж байгаа амлалт уурхайн олборлолтоо дуусгая. Гэхдээ уг хуульд өөрчлөлт оруулах замаар уурхайн хаалт гэдгийг албан ёсоор зохион байгуулъя. Төрийн бус байгууллага, мэргэжлийн хяналтынхны хяналт дор нөхөн сэргээлт хийе. Харин хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол лицензийг төр буцаагаад аваг. Түүнээс биш Цэцэг гэдэг хүний хугалсан модыг Наран, Туул гэдэг хоёр хүнд нялзааж гурвууланг нь шийтгэж болохгүй шүү дээ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг энэ салбарт хандаж болохгүй.

-Уурхайчдыг доргиогоод байгаа нэг ордоос нөгөө рүү сэмхэн нүүчихдэг “но”-той компаниудыг эгнээнээсээ хасч чадах уу?

-Тийм компани байгаа бол Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар уулын ажлын төлөвлөгөөг нь батлахдаа орон нутгийн хяналттай хэрхэн уялдуулах вэ гэдгийг шийдэх ёстой. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргатай өнгөрсөн тавдугаар сард уул уурхайн хяналтын асуудлаар уулзалт хийсэн. Тэр үед Я.Содбаатар дарга “Аливаа нэг зүйлийг хорино, хаана гэхээсээ илүү дотоод хяналт дээрээ анхаарч ажиллах ёстой” гэж байсан. Энэ бол маш зөв санаа. Дотоод хяналтыг сайжруулаад, ном дүрмээр нь л ажиллуулах ёстой. Энд нэг зүйлийг хэлэхэд шороон орд усыг хордуулдаггүй юм. Харин ч хөрс сийрэгжүүлж ус цэвэршүүлж эргэлтийг нь нэмэгдүүлдэг. Гэтэл яагаад алтны компаниудаас болж гол ширгэж байна гэж дүгнэж байна вэ. Хэн үүнийг тогтоосон юм бэ гэдэг асуулт хариултгүй үлдэж байгаа.  Нөхөн сэргээлт хийдэггүй гэдэгт нэрмээс болсон зүйл бас байгаа.

-Ямар?

-ОХУ-аас 1996 оны үед цөөнгүй компани орж ирсэн. Тэгэхдээ хоцрогдсон технологиор алт олборлоод хаяад явсан. Ийм жишээ Монголд олон бий. Тэнд одоо ч нөхөн сэргээлт хийгээгүй. Түүнээс өөрөөр шороог нь овоолоод хаячихсан газар хараагүй. Түүнийг сэргээхэд тийм их зардал гарахгүй.

-Та нөхөн сэргээлт хийхэд зардал гарахгүй гэж байна. Тэгвэл уурхайчид алт ухсан газар болгоныг нөхөн сэргээчихээд үйл ажиллагаагаа тэг цэгээс эхлэх боломж бий юү?

-Байгаа. Дөрвөн жилийн өмнө Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас компаниудаар нөхөн сэргээлт хийлгэх ажил эхлүүлж байсан. Гэтэл төр энэ ажлыг хэрэгжүүлээгүй. Хэрвээ тухайн үед компаниуд нийлээд алт гаргасан бүх газарт нөхөн сэргээлт хийсэн бол өдийд ийм байдал гарахгүй байсан. УИХ-ын болон бусад олон сонгуулиас болоод төр хувийн хэвшлийн уялдаа сульдаж байна. Үүнд хувийн хэвшлийнхний ч буруу байгаа. Аль, аль нь буруутай учраас аль болох хохирол багатай шийдэх ёстой.

-Яаж шийдэх ёстой вэ?

-Өөрийн чинь асуугаад байсан дугуй ширээний ард л суух ёстой. Нөхөн сэргээлт хийгээгүй байсан компаниудыг нэг бүрчлэн тогтоогоод хариуцлага тооцох хэрэгтэй. Харин одоо ажиллаж байгаа компаниудтай гэрээ байгуулж ажиллах ёстой. Түүнээс хойш төр “Та үүргээ биелүүлж ажлаа хий. Бид бодлогоор туслая” гэж ойлголцох ёстой. Уурхайчид ч иргэдийн адил төрдөө хайртай. Төрийн сүлд өршөө гэж залбирдаг хүмүүс. Гэтэл төр маань хамгийн буруу шийдвэр гаргаад байна.

-Төрийн бус байгууллагынхан алтны компаниудын үйл ажиллагааг зогсоохгүй бол тэмцлийн хурц хэлбэр сонгоно гэдэг. Та нар бас тэмцлийн хурц хэлбэр сонгох юм биш биз?

-Бид уулзахдаа “Тэмцэж яагаад болохгүй” гэж хэлж байсан. Төр яагаад ямаанд 30 тэрбум төгрөг өгдөг юм. Хадгаламж зээлийн хоршоо гэгч пирамидын бизнес хийгчдэд татаас гэж 34 тэрбум төгрөг өгдөг юм. Гэтэл яагаад татвар төлөөд, үр хүүхдээ тэжээж байгаа бидний эрхийг хааж байгаа юм бэ. Бид төрд яаж тэрсэлсэн юм бэ. Ингэж асуугаад айхавтар тэмцлийн хэлбэр сонгоно гэх хүн олон байсан. Харин бид зөв гарц олохыг л хичээсэн. Банкнаас зээл авчихсан, авсан зээлээрээ ажилчиддаа байр аваад өгчихсөн, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлчихсөн уурхайчдыг бид зөвшилцлийн ширээнд суух ёстой гэж тайвшруулсан.

-Зөвшилцөнө гэж хүлээхээс өөр арга байхгүй нь харагдаж байна?

-Хүлээхээс өөр яах вэ дээ. Хэрвээ энэ хүлээлт урт хугацаанд үргэлжлээд зогсонги байдалд орвол бухимдлаа барьж чадахгүй байгаа уурхайчдаас юу ч гарч мэдэхээр юм билээ. Гэхдээ бид заавал тэрсэлдэх ёсгүй. Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр гэдэг. Алт, зэсийн үнэ өсч байна. Тиймээс төртэйгээ хамтарч хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх ёстой.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж