Эрчим хүчний ялгавартай тарифт зохицуулалт алга

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний ялгавартай тарифт зохицуулалт алга

Улаанбаатар хотод цахилгааны үнэ өнөөдрийн байдлаар НӨАТ-гүй­гээр киловатт тутам нь 79.80 төгрөг бай­гаа. Харин дулааныг аж ахуйн нэгжид 323, айл өрхөд метр квадрат нь 304 төгрөгийн үнэтэйгээр нийлүүлдэг. Тун удахгүй нэ­мэгдэх сураг ч сонсогдсон. Учир нь дулаан, цахилгааны одоогийн үнэ нь байх ёстой тарифынхаа 69 хувьд л хүрч байгаа аж.

Эрчим хүчний сал­ба­рынхан орон нутагт дулаан хан­гамжийн үйл ажиллагаа эрхэлж бай­гаа, тус­гай зөвшөөрөл эзэмшигч ком­пани, аж ахуйн нэгжүүдийн хэрэг­лэгчдэд худалдах дулааны тари­фыг бодит өртөг зардалд үндэслэн тог­тоож чадахгүй байгаагаа хү­лээн зөвшөөрдөг. Ялангуяа ахуйн хэ­рэглэгчдийн дулааны та­риф Сэлэнгэ, Булган, Дундговь, Дорно­говь, Төв, Ховд зэрэг аймагт бусад бүс нутгаас өндөр үнэтэй байдаг билээ. 

Өнгөрсөн онд Монгол Улсын үр тариа, хүнсний ногооны 60 гаруй хувийг нийлүүлсэн Сэлэнгэ аймаг. Улсын төсвөөс татаас авдаггүй, харин татан төвлөрүүлдэг аймаг хэмээн магтаал хүртэж байсныг санаж байна. Тус аймгийн хувьд төвийн бүсэд хамаардаг тул цахилгааныг нийслэлчүүд бидэнтэй адил үнээр худалдан авдаг. Харин дулааны үнийн хувьд 800-1200 төгрөгт хэлбэлздэг байна. Энэ нь төмөр замаар 200 гаруйхан километр яваад нүүрсээ тат­чихдаг аймгийн хувьд харьцангуй өн­дөр үнэ юм. Гэтэл хоёр талдаа 450 гаруй километр замыг шатахууны алдагдалд орон байж нүүрсээ татаж авдаг атлаа 700-1300 төгрөгөөр хэрэг­лэгчдэд дулаан түгээж буй аймаг бас байна.  Иймэрхүү өндөр үнэ санал бол­гож хэрэглэгчдэд харилцан адил­гүй хандаж байгааг эрчим хүчний хуулиар зохицуулж ча­дах­гүй байна уу даа гэж дүгнэхээс өөр аргагүй. Эрчим хүчний хуульд зааснаар хэрэглэгчдэд хүрэх цахил­гаан дулааны үнийг захиалсан дээд хэмжээ, хэрэглээ, ачааллын горим, хэрэг­лэгчийн ачааллаа зохицуулах чадвар буюу эрчим хүчний тасалдлыг хүлээн зөвшөөрөх боломж зэргээс шалтгаалж тогтоодог юм билээ.

Хэнтий аймаг ганцхан метр квад­рат талбайг ду­лаацуулах үнээ 980-1100 төг­рө­гөөр үнэлжээ. Тус аймгийн хувьд 60 гаруйхан кил­лометр яваад нүүрсээ нийс­лэл­чүүдээс ч хур­дан тээвэрлээд ав­чихдаг. Бас хам­гийн хол сум нь 100 гаруйхан киллометрийн зайтай гэж байгаа. Тус аймгийн Эрчим хүчний зо­хицуулах зөвлөлийн гишүүнээс энэ талаар лавлахад өндөр үнэтэй гэж хэлснийг үгүйсгэсэн юм. Гэхдээ дулааны төвлөрсөн шугамтай болбол 50 хүртэлх хувиар багасгах боломжтой гэсэн огт хамааралгүй хариулт хэлж байна.  Хамгийн сонин нь нүүрс тээвэрлэлтэд энэ аймаг ямар ч хяналт тавьдаггүй бөгөөд тээвэрлэгчийг сонгон шалгаруулах ажил нь Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс огт хамааралгүйгээр аймгийн ЗДТГ-ын хэн нэгэн эрх мэдэлтний “ханцуй”-нд л өрнөдөг бололтой.

Завхан аймаг эрчим хүчний хувьд улсаас татаас авдаг хоёрхон аймгийн нэг. Тус аймаг 930-1350 төгрөгөөр дулаа­наа нийлүүлдэг байна. Мөн цахил­гааны хувьд  киловатт ту­тамд 90 төгрөг авдаг аж. Энэ нь хэ­дийгээр улсдаа хамгийн өндөр үнэ хэмээн тооцогдож байгаа ч 460 километр хол Могойн голын уурхайгаас нүүрсээ татдаг аймгийн хувьд дундаж үнэ гэж ойлгож болно. Тус аймгийн ЗДТГ-аас авсан мэ­дээллээр өнөөдрийн байдлаар сүү­лийн гурван жилд болоогүйгээр хүй­тэрч дулааны шугамууд нь их хэм­жээгээр хөлджээ. Тиймээс дулаа­ны хязгаарын гори­моор ажиллаж, өдөр­төө халааж шө­нөдөө шугам засварлах бэрх ажилтай болсон байна. Тус аймагт өнөөдрийн байдлаар дулаан дам­жуулагч 14 аж ахуйн нэгж байгаа бөгөөд тэдгээр аж ахуйн нэгжүүдээ Эрчим хүчний зохицуулах хорооноос тавьсан шаардлагын дагуу сонгож авдаггүйгээс болж жил, жилийн өвөл улиг домог болтлоо шугам, сүлжээний эвдрэл гардаг аж. Мөн өнгөрсөн онд дээрх 14 галлагааны зуухны наймыг шинэчилснээс гурав нь аймгийн Засаг даргын мэ­дэлд байдаг гэдгийг орон нутгийн иргэд нь хэлж байна. Харин зуухны ши­нэчлэлийг арилжааны банкнаас бага хүүтэй зээл авч, гурвалсан гэ­рээнд үндэслэн хийсэн хэмээн айм­гийн Эрчим хүчний зохицуулах зөв­лөлийн гишүүн тайлбарлаж байна. Мөн өнгөрсөн оноос аймгийн Засаг дарга нарын мэдэлд Тээвэр, за­мын агентлаг байгуулахыг хол­богдох яамнаас үүрэг болгосон юм. Агент­лагийн үндсэн үйл ажиллагаа нь хот хоорондын зорчигч тээвэр, нүүрс тээвэрлэлтийн компаниудын дунд сонгон шалгаруулалт явуулах ажил юм. Гэтэл өнөөдрийн байдлаар дий­лэнх аймгууд агентлагаараа дам­­жуулж нүүрс тээвэрлэгчийг сонгол­­гүй хувь хүмүүсээр тээвэр­лүүлдэг болохоо хэнэггүйхэн хэлж байна. Зав­хан аймгийн хувьд 460 кило­метрийн алсаас бүтэн өвлийн турш нүүрс тээвэрлэдэг атлаа хувь жолооч нараар гүйцэтгүүлдэг аж. Тэгэхээр нэгдсэн зохицуулалтгүй бүдүүн бараг тохиролцоонд үндэс­лэн явагддаг ийм тээвэрлэлт дулааны үнэ бүрдэлтэд яаж нөлөөлж байгааг мэдэхэд хэцүү юм.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж