Ойрын амлалт холын ашигт саад болж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Ойрын амлалт холын ашигт саад болж болзошгүй

Хөрөнгө оруулалтын акулууд нэг сонирхолтой бөгөөд том ан хийхээр зэхэж байна. Энэ нь Тавантолгойн хувьцааны арван хувийг иргэн бүрт тарааж өгнө гэсэн Монголын Засгийн газрын гэнэн шийдвэрийн биелэлтээс олох ашиг юм. Тавантолгойн хувьцааг энэ оны эхний улиралд багтаан иргэн бүрт тарааж эхэлнэ гэсэн. Тэгсэн чинь “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний уурхай ажилд ороогүй, нүүрсээ экспортлоогүй байдаг. Огт танихгүй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хувьцааг тараана гэвэл хорин жилийн өмнөх ягаан, цэнхэр тасалбарын гунигт түүх давтагдах нь ойлгомжтой.

Эхлээд нүүрсний ордоо ашиглалтад оруулж гадаад зах зээл дээр таниулах хэрэгтэй. Таниад үнэлсний дараа байдал өөрчлөгдөнө. Дараа нь тухайн компанийн нэр хүндийг өргөх, дэлхий нийтэд таниулах шаардлагатай. Жишээ нь “Энержи Ресурс” одоогоор хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж чадсан. Тэднийх Хятадын зах зээлд 5-6 тонн нүүрс гаргаад, дараа нь IPO хийж байж хувьцааны ханш нь өссөн. Зөвхөн өчигдрийн байдлаар л гэхэд “Энержи Ресурс” /Mongolian mining corporation/ компанийн хувьцааны ханш  1.33 ам.доллар буюу өмнөх өдрийнхөөсөө 3.99 хувиар өссөн байв. Цаашид энэ ханш улам өснө гэж ажиглагчид үзэж байгаа.

IPO хийнэ гэдэг очоод баялгаа магтчихаар мөнгө бэлэглэнэ гэсэн үг биш. Энэ чинь зээл шүү дээ. Ирээдүйд баахан үүрэг амлалт авч байгаад мөнгө өгнө. Өгөхдөө бизнесийн нөхцөл нь тун хатуу. Цалин хэдийг өгөх вэ, ямар техник хэдээр авч байна вэ гээд алхам тутамдаа хянуулна, шалгуулна, тайлагнана. Нарийн яривал алсын бодлоготой компаниуд болж өгвөл IPO хийдэггүй. Жишээ нь “МАК” IPO хийдэггүй ч олсон орлогоороо дэвжээд л явж байгаа. Нөгөө талаар IPO хийнэ гэдэг нь заавал тухайн улсын өөрийн потенциал, зээл авах, төлөх чадвартай холбоотой. Манайхыг олон улсын зэрэглэлээр авч үзэхэд өнөөдөр дөнгөж B+  зэрэглэлтэй байна. Гэтэл дэлхийн хамгийн сайн зэрэглэлтэй, найдвартай компани AAA зэрэглэлтэй байдаг. Тиймээс нэгдүгээр зэрэглэлийн банк л лав манайд зээл өгөхгүй.  Өгсөн ч маш өндөр хүүтэй зээл өгнө. Тэгэхээр компани бүхэн “Энержи Ресурс” шиг IPO хийгээд амжилтад хүрээд байна гэж төсөөлбөл гэнэн хэрэг болно. Мөн төр, засаг яаж дэмжих вэ, хэр саад тотгор болох вэ гэдэг ч эргэлзээтэй. Өнөөдрийг хүртэл манайх ийм том орд газрыг дангаараа эзэмшиж үзээгүй. Дандаа хамтын ажиллагааны шугамаар, хөрөнгө мөнгө нь гаднаас ирж байгуулагдсан түүхтэй. Монголын тал, тэр тусмаа төр, засгаас эхлээд яарч нэхсээр байгаад хөрөнгө оруулалтыг нь урьдчилаад авчихдаг. Дараа нь төлнө, төлөхгүй гэж ярьдаг. IPO босгоод хувьцаагаа гаргачихаар л баяжиж эхэлнэ гэсэн зөрүүтэй ойлголтыг бас залруулах хэрэгтэй байна. Тухайн компани борлуулсан хувьцааныхаа хэрээр төсөл хэрэгжиж байгаа улсад татвараа төлж, цахилгаан эрчим хүч, дэд бүтэц, ажиллах хүчинд зарцуулж эхэлнэ. Эндээс л улс ашиг олж эхэлнэ. Харин компанийн ашиг үүнээс хавьгүй хожуу үеийн, олон жилийн дараа олдох “хатуу самар” билээ.

Тавантолгойн ордын хувьцааг эзэмших дотоодын компаниудын оролцооны хувьд олон компани оролцох тусмаа удирдлага нь ярвигтай болно. Учир нь тэр олон компанийн ашиг сонирхлыг зангидаж нэг бодлогод оруулах нь  хамгийн хэцүү асуудал. Иргэдэд хувьцаа тараахын тухайд бол бүр ч яарах хэрэггүй. Учир нь тараагдах хувьцааны үнэ ханш тодорхойгүй байгаа болохоор ердөө л цаас тарааж өгөх гэж байгаа хэрэг гэдгийг үнэнээр нь ойлгож хүлээж авахаас аргагүй. Тэр цаас ямар үнэтэй байх нь ордын нөөц, ашигт үйл ажиллагаа, нэр хүнд, ирээдүй гээд олон зүйлээс хамаарна. Иргэдийн тархинд үүнийг үнэн зөвөөр “суулгаж” өгөөгүй цагт хэдэн төгрөгөөр зарчихаад “Тавантолгойгоос хувьцаа тараагаад л байсан. Амьдралд хэрэг болсон юм алга” гэж хэлээд сууж байх нь тодорхой. “Хүн мэдэхгүй юмныхаа дайсан” гэдгээр л үүнийг тайлбарлаж болох юм. Тухайлбал ягаан, цэнхэр тасалбарын хувьд тэр үед мөнгөгүй хүн олон, мөнгөтэй нь цөөн байсан. Мэдэхгүй дээр нь ядуу нэмээд төрөөс өгсөн өмч хувьчлалын тасалбарыг сайтар бодож үзэлгүйгээр мөнгөтэйдээ зарсан. Эцэст нь “Өмч хувьчлал гэж боловсон дээрэм байдаг” гэсэн ойлголттой хоцорсон. Одоо ч тэр буруу ойлголт нь арилаагүй бөгөөд гадаадын иргэн, байгууллага хэдэн ногоон үзүүлэхэд ирээдүйд хэдэн үеэрээ баяжиж болох үнэт цаасаа худалдахад бэлэн л байна шүү дээ. Тиймээс хувьцаа тараана гэж “хошгируулах”-аасаа өмнө эхлээд иргэдэд зөв мэдээлэл, ойлголт өгөх, хувьцаа тараах арга механизмаа зөв тохирох, энэ ажлыг гүйцэтгэх брокерийн пүүс, эрх бүхий арилжааны банкуудыг менежментийн хувьд бэлтгэсэн байх ёстой. Эцэст нь хэлэхэд Тавантолгойн ордын нүүрсийг зуун хувь гадаадад гаргах учраас бид зах зээлээсээ бүрэн хамааралтай байхаас өөр аргагүй.

Энэ “гоё” төслөөр ирээ­дүйнхээ санхүү­жил­тийг босгож чадах эсэх нь зөвхөн эрх баригчдаас шалтгаална. Нөгөөтэйгүүр эрчим хүчний сал­бар цаагуураа улс төртэй заавал холбогддог. Тиймээс эрчим хүчний зах зээл дээр бид том биш ч гэсэн шинэ тоглогч болж гарч ирнэ. Энэ тоглогчийг яаж хүлээж авах нь бид асуудлаа яаж тавихаас ихээхэн хамаарна. Манай гол зах зээл гэж үзээд байгаа БНХАУ өөрөө нүүрсний нөөц ихтэй. Гаднаас авахдаа маш нарийн бодлого баримталдаг. Харин ОХУ-ын хувьд нүүрс импортолдоггүй. Бүх төрлийн нүүрсээр хэрэгцээгээ бүрэн хангадаг улс. Гэхдээ зарим үед сайн чанарын нүүрс импортлох тохиолдол гардаг. Өнгөрсөн жил Кузбассын  коксждог нүүрсний ордод томоохон осол гарсан. Үүнээс болж Оросын  коксждог нүүрсний нийт хэрэглээний дөрөвний нэг хувийг гаргадаг уурхай зогслоо. Энэ мэтийн онцгой тохиолдолд л оросууд хэрэглэгч болох магадлалтай. Харамсалтай нь  Оросын талын олон компани сүүлийн жилүүдэд Тавантолгойн талаарх сонирхлоо илэрхийлсэн боловч хоорондоо зохион байгуулалтад орж чадаагүй. Тус улсын Засгийн газраас ч эдгээр компанийг зохион байгуулах талаас нь хангалттай ажиллаж чадаагүй хэмээн ажиглагчид үзэж байгаа.

Иргэдийн олонх нь хувьцаа тараахыг баялгийн хуваарилалтын хамгийн зөв хувилбар гэж үзэж байгаа ч мэргэжилтнүүдийн яриагаар бол тийм биш ажээ. Баялгийн хуваарилалт бол тэгш хуваарилалт огт биш. Энэ бол хийсвэр асуудал. Баялгийн хуваарилалтын тухай ярихад хэн нь ямар хэмжээний хөрөнгө гаргах, техник технологио хаанаас яаж олж ирэх, ажлыг хэн зохион байгуулах, боловсон хүчнээ яаж бэлтгэх, зах зээл хаана байна, баталгааг хэн гаргах вэ гээд олон асуудал бий. Энэ хэмжээгээр ашгаа ч, хариуцлагаа ч хуваарилдаг. Гэтэл монголчууд “Би мөнгө гаргая, техник олъё” гэж хэзээ ч ярьдаггүй. Зөвхөн “Би хэдэн хувийг нь авах вэ” л гэдэг. Энэ бол туйлын өрөөсгөл хэмээн гадны хөрөнгө оруулагчид шүүмжилдэг.

Мөн энэ талаар УИХ-ын гишүүн Х.Наранхүү ярихдаа “Үнэхээр дэл­хийн зах зээл дээр түүхий эдийн үнэ цэнэ, ач холбогдол өсч байгаа нь үнэн. Тэглээ гээд түүхий эдтэй улс орон л бүхнийг шийддэг, бусдад асуудлаа тулгадаг юм биш. Цаана нь олон улсын харилцаа, худалдаа, улс төр гэж бий. Монгол Улс  газрын баялгаараа олон  улсын анхаарлыг татаж байгаагаа мэдэрч байгаа нь зөв мэдрэмж боловч өөрсдөө нэг ч цент зарцуулаагүй байна.  Хөрөнгө босгоод, ядаж Хятадын арван үйлдвэр манайхаас хамааралтай болчихсон үед биднийг гадныхан тоож эхэлнэ. Ажил хаялт зохион байгуулсан, газар хөдөлсөн тохиолдолд бид түүхий эдгүй болж үйлдвэр зогсоно гэж айна шүү дээ. Энэ бол бид олон улсад тоогдож, ач холбогдол ихэсч байгаагийн илрэл. Харилцан хамааралтай болох, бусдыг өөрсдөөсөө хамааралтай болгохын эхний шат нь энэ. Урт удаан үргэлжлэх энэ үйл явцад яарч болдоггүй” хэмээсэн юм.

Дашрамд дурьдахад “Эрдэнэс Тавантолгой”-н  оператор компанийг энэ сарын 27-нд шалгаруулна. Хэдийгээр дэлхийн нэр хүндтэй консерциумууд тунаж үлдсэн ч сонгон шалгаруулалтын асуудлыг УИХ,  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэнэ. Эцсийн шийдийг гаргахдаа геополитик, улс төр, эдийн засгийн ач холбогдолтой талаас нь нарийвчлан авч үзэх учиртай.  Жишээ нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 8-10-нд ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушев Монголд албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай толгой дараалан уулзаж, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинтэй хэлэлцээ хийсэн билээ. Хэлэлцээрийн үеэр эдийн засгийн хамтын ажиллагааны 2011 оны төлөвлөгөө, ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийг Монголд айлчлах үеэр тохирсон зарим асуудлын хэрэгжилт, хамтарсан компаниудын үйл ажиллагаа, хэтийн төлөв зэрэг асуудлыг ярьсан. Уг хэлэлцээ Тавантолгойг тойрсон байх үндэслэлгүй.  Тэр тусмаа Шанхайн хамтын ажиллагааны гишүүн улсуудын ҮАБЗ-ийн дарга нарын уулзалтад Монголын төлөөлөгчийг оролцуулахад дэмжлэг үзүүлэхээ амлаад зогсохгүй, ОХУ-д айлчлахыг урьж тун ч сэтгэл хангалуун буцсан юм. Ямартай ч Тавантолгойн асуудлаар ОХУ огт оролцоогүй байх учиргүй бөгөөд захиас, нөлөөгөө хэдийнэ “хийчихээд” явчихсан биз ээ гэсэн таамаглал үлдээсэн нь бодит зүйл билээ.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж