Сайдууд эх орноосоо урвасан тул шалгах хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Сайдууд эх орноосоо урвасан тул шалгах хэрэгтэй гэв

Өчигдөр “Гал үн­дэс­­тэн” хол­боо­­­­ны ги­шүүн Г.Даш­дэмбэрэл,  О.Лхав­га­дорж, Н.Баасанхүү нар сэт­гүүлч­дэд  хан­дан  хэвлэлийн хурал хийсэн юм. Уг хурлаар “ Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ нь Монгол Улсын төр, хуулийг басамжлан, дором­жилж, монгол улсын эрх ашгийг хэт хохироосон уг гэрээг  С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нар болон МАН, АН-ын дарга нарыг эх орноосоо урвасан хэмээн үзэж Монгол Улсын ерөнхий прокурор болон  Эрүүгийн цагдаагийн газарт шалгуулах болсон ту­хай мэдээлэл хийсэн. Чу­хам ямар үндэслэлээр дээрх нэр бүхий дөрвөн хү­нийг эрүүгийн хэрэгт шал­гуулах болсон талаар Мон­голын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний гүй­цэтгэх захирал, “Гал үн­дэстэн” холбооны гишүүн Г.Дашдэмбэрэлээс дараах асуул­тад хариулт авлаа.

-Танай холбооноос ямар үндэслэлээр дээрх албан ту­шаалтнуудыг эх орноосоо ур­васан гэж шал­гуулах хүсэлт тавьсан юм бэ?

-Оюутолгойн гэрээтэй хол­боотой  С.Баяр, П.Зоригт, Л.Гансүх, С.Баярцогт нарыг эх орноосоо урвасан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шал­гуулах тухай хүсэлтийг Улсын Ерөнхий прокурор  болон Эрүүгийн цагдаагийн газарт өчигдөр дараахи үндэслэлээр хандсан байгаа. Тухайлбал УИХ-ын гишүүн С.Баяр Мон­гол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж,Засгийн газ­рыг тэргүүлж байхдаа эрх мэдлээ ашиглан УИХ-д тул­ган зөвшөөрүүлж, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин аялал жуучлалын сайд Л.Гансүх нар 2009 оны аравдугаар сарын зургааны өдөр гарын үсэг зурж Айвенхоу Майнз Мон­голия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Ин­тернэшнл Холдингс Лимитед компаниудтай байгуулсан. Оюу толгой төслийн хөрөнгө оруулал­тын гэрээг Монгол ул­сын эрх ашгийг ноцтой хо­хироож, тонон дээрэмдэх шинж чанартай луйврын гэ­рээ хийсэн гэж бид үзэн хууль хяналтын дээд шатны байгууллагаар шалгуулах хү­сэлт тавьсан.

-Тэгэхээр Оюутолгойн гэрээ хууран мэхлэх, луй­вардах зорилготой явагдсан гэдгийг тодорхой баримтан дээр тайлбар өгөхгүй юу?

-Хөрөнгө оруулалтын гэ­рээ байгуулахдаа Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто хооронд 2006 оны аравдугаар сарын 18-ны өдөр байгуулсан хувьцаа борлуулах тухай гэрээ  нь Монгол улсын баялагийг ашиглахтай холбогдсон гэ­рээг Үндсэн хууль, Үнд­эсний аюулгүй байдлын ту­хай хууль, түүний үзэл ба­римтлал, Монгол улсын эрх ашгийг биш харин хувьцаа борлуулахаар хоорондоо бай­гуулсан гадаадын хоёр ком­панийн гэрээг иш үндэс болгож хийсэн нь  хэний эрх ашигт нийцсэн гэрээ болохыг илэрхийлж байна. Энэ мэт хөрөнгө оруулагч гэх гадаадын компаниуд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан ч ямар хариуцлага хүлээхгүй Оюутолгой баялгийг ухаж авсаар байх нөхцлийг гэ­рээний заалтад оруулж өг­сөн. Тухайлбал Хөрөнгө оруулалтын гэрээний 15.29-д “Хэ­рэв энэхүү гэрээний аль нэг заалт ямар нэгэн шалтгаанаар хэрэгжих боломжгүй болох нь тогтоогдсон бол тухайн заалтыг гэрээнээс тусад нь авч үзэх бөгөөд энэхүү гэрээний үлдсэн хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан байх жишээтэй. Гэтэл гэрээний заалт зөрчигдөхөд яахаараа гэрээ­нээс тусд нь авч үзэх гэж. Өөрөөр хэлбэл байгаль орчинг сүйтгээд гэрээгээ яаж ч зөр­чиж  Монгол Улсад өчүүхэн ч  ашиг өгөхгүй байлаа гэ­хэд уг гэрээ цуцлагдахгүй байх нь. Тэгж манай улсад өчүү­хэн төдий ч ашиг ор­лого оруулахгүй, ямар нэг татвар төлөхгүй байх талаар нарийн тооцож уг гэрээг хийсэн байх жишээтэй. Энэ мэ­тээр гэрээнүүд анхнаасаа Монголын ард түмний өмч баялгийг хууран мэхлэж луйвардах аргаар авах зорилго агуулж байсан гэж ойлгож байна.

-Эх орноосоо урвах гэмт хэрэгт  тагнуул хийх, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах зэв­сэгт үймээн дэгдээх гээд объек­тив талаас нь олон зүйлийг нэрлэж болно. Тэгэ­хээр дээрх нэр бүхий хүмүүс эх орноосоо уравсан гэдгийг ямар баримтаар нотлох вэ?

-Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярих асуудал л даа. Ийм бохир аргаар хууран мэхлэх замаар Оюу толгойн төслийн хөрөнгө оруулалтын, мөн хувь нийлүүлэгчийн гэрээ гэгч нь Монгол улсын эрх аш­гийг ноцтой зөрчсөн,  олон нийтийн эрх ашгийг хөн­дөн далд санаа агуулж, га­даадын компаниудын талд ашигтай байхаар хийсэн нь эх ор­ноосоо урвасан гэж үзэхээс өөр аргаггүй юм. Түүнээс энд таг­нуул хийх тухай асуудал яриагүй. Тэд албан тушаал эрх мэд­лээ хэтрүүлэн хэрэглэж нууцаар уг гэрээг хийсэн нь өөрөө хууль бус үйлдэл болж байгаа юм. Тангараг өргөсөн төрийн алба хаагч бохир үйл ажиллагаа явуулсан нь ил тод боллоо. Үүнийг үндэслэн хэрэг үүсгэн шалгаач гэсэн хүсэлтийг Дээд шатны про­курорын байгууллагад гарга­сан.

-Улсын Ерөнхий проку­рорт дээрх нэр бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хэ­рэг үүсгэн шалгаж өгөөч гэ­сэн хүсэлтийн хариуг та бүхэн хэзээ авах вэ?

-Хуульд зааснаар иргэдээс ирсэн гомдол мэдээллийг Эрүү­гийн байцаан шийтгэх хуульд зааснаар тав хоногийн до­тор шалгаж үзэх тухай заасан байдаг. Тэгэхээр эрүүгийн хэрэг үүсгэх үндэс­лэл байна уу гэж хуулийн байгууллагынхан шалгаж үзнэ. Хэрэв эрүүгийн хэрэг үүс­гэх үндэслэлтэй гэж үз­вэл сэжигтнээр татаж мөр­дөн байцаах ажиллагаа үр­гэл­жилнэ гэсэн үг. Тэгэхээр бид тав хоногийн дараа Улсын Ерөнхий прокурорын газраас өргөдлийнхөө хариуг авна.

-Хэрэв тэдэнд эрүүгийн хэ­рэг үүсгэх үндэслэлгүй гэж үзвэл яах вэ?

-Бид шат шатны хуулийн байгууллагад удаа дараа хан­дана.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж