“Цусны төв”-ийн нөөц дахин хомсдлоо

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

“Цусны төв”-ийн нөөц дахин хомсдлоо

Донороос ДОХ-ын халдвар илэрсэн гэх түгшүүрт мэдээлэл цацагдсанаас цусаа
хандивлах  хүмүүсийн тоо эрс буурч,  Цусны төв ганцхан  хоногийн
нөөцтэй болж, галд алдсан өдрүүд саяхных. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж залуусыг донор болж, бусдад амьдрал бэлэглэхийг уриалж,  урлаг, спортын алдартнууд, УИХ-ын гишүүд, оюутан залуус гээд донорын эгнээнд  ар араасаа нэгдсэнээр монголчууд  цусны хомсдлоос түр ч атугай гараад байв. Гэтэл хэд хоногийн өмнөөс Цусны төвийн  нөөц дахин багасч, өдөрт ирэх донорын тоо 50-60 болж буурчээ. Чухам ямар шалтгааны улмаас цусны төвд хандах хүмүүсийн тоо багасав? Улаан загалмайн нийгэмлэг ямар ажил хийж байна вэ зэрэг  асуултад хариулт олохыг хичээлээ.

Цус сэлбэлтийн үндэсний төв өдөр тутам эмнэлгүүдэд нийлүүлэх цусан бүтээгдэхүүнээс  гадна  долоо хоногийн нөөцтэй байх  ёстой. Харин сарын өмнөөс донорын тоо багасч, одоогийн байдлаар тав хоногийн нөөцтэй болжээ. Тус төвийн дарга Ч.Улаанхүү “Цусны нөөцийн  40-өөд  хувийг хангадаг оюутнуудын улирлын  амралт эхэлсэн нь нөөц багасахад нөлөөлж байна. Тиймээс бид дүүргүүдийн Улаанзагалмайн хороотой хамтран албан байгууллагуудаар “Явуулын бригад” ажиллуулж байгаа. Гэхдээ хаа газрын ажилтнууд сайн дураараа цусаа хандивлахдаа хойрго хандаж байна”  гэсэн мэдээлэл өглөө. Цус хандивлах донор олно гэдэг амар ажил биш ажээ. 

“Донорын өдөрлөг” нэрээр байгууллагаа сурталчилжээ
Саяхан Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын дөрвөн хэлтэс, хоёр тасгийн  70 гаруй ажилтан, албан хаагчид Цусны төвийн “Явуулын бригад”-д сайн дураараа цусаа хандивласан гэх таатай мэдээлэл хэвлэлд гарч байлаа. Харин  бодит байдал дээр ердөө тавхан хүн л цусаа хандивласан  гэж албаны хүн баталлаа. “Донорын өдөрлөг” зохион байгуулах нэрийдлээр байгууллагаа “рекламдаж”, 300 орчим албан хаагчтай байгууллагаас тавхан хүн цус авахын төлөө баахан ажил удсандаа Цусны төвийнхөн сэтгэл гонсгор байлаа. Учир нь “Явуулын бригад”-д ажиллахын тулд  10 гаруй эмч, сувилагч бүтэн өдрийн ажлаа алддаг аж. “Донорын өдөрлөг” зохион байгуулж буй нь сайшаалтай ч  байгууллагаа рекламдах төдийхнөөр ажил явуулах энэ хэлбэр манайд удаа дараа гарч байгаа гэнэ.

“Цусны хомсдолд ороод байх үед дөрөвхөн өдрийн дотор ЭМШУИС-ийн 500 оюутан цусаа өгч, “Явуулын бригад” үр дүнтэй ажиллаж байсан. Энэ нь зохион байгуулж чадвал үр дүнгээ өгдөг болохыг харуулж буй хэрэг” гэж Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн дарга Ч.Улаанхүү учирлаж байв. Өөр бас нэг жишээ байна. Чингэлтэй дүүргийн  Улаанзагалмайн хорооноос нийслэлийн төр захиргааны байгууллагуудын нэгэн дор цугласан “Хангарьд” ордонд “Донорын өдөрлөг” зохион байгуулсан ч 20 хүрэхгүй хүн цусаа хандивласан аж. Гэтэл 15 давхар ордонд 600 гаруй хүн ажилладаг шүү дээ.

Эмнэлгүүд өдөрт хэдэн нэгж цус хэрэглэдэг вэ?
Цус сэлбэлт судлалын Үндэсний төв өдөрт 60-70 хүний цус буюу 1400 нэгж цусыг 50 гаруй эмнэлэгт нийлүүлж байна. Үүнээс дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлийн цусны тасгууд хамгийн их нэгж цус авдаг бол Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, Улсын клиникийн төв эмнэлэг, Гэмтэл, ХӨСҮТ удаалдаг аж.

Сар шинийн дараа цусны нөөц багасдаг
Цус хандивлах хүн согтууруулах ундаа, өөх тостой хоол хэрэглээгүй байх ёстой. Тиймээс монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг Сар шинийн баярын дараа цусаа өгөх донорын тоо цөөрдөг аж. Мэдээж энэ нь сар шинийн өдрүүдэд архи, айраг хэрэглэж, өөх тостой хоол олон хоног хэрэглэдэгтэй холбоотой. Тиймээс  сар шинийн дараах өдрүүдэд цусны нөөцөө хангахын тулд баярын өмнөх энэ өдрүүдэд “Явуулын бригад” ажиллуулж байгаа юм билээ.

Цус хандивлах нь эрүүл мэндэд  муу юу?
Цусаа бусдад хандивлах нь эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэх ойлголт олон нийтийн дунд байдаг ч эсрэгээрээ тогтмол цусаа өгдөг донор хүний бие эрүүл чийрэг, зүрхний шигдээсээр өвчлөх магадлал  30 хувь бага гэж шинжлэх ухаан нотолжээ.  Нэг удаа  350-400 грамм цус өгөхөд 24 цагийн дотор нөхөгдөж, 21 хоногийн дотор эсийн төвшинд бүрэн төлждөг байна. Хүний биед агуулагдах таван литр цуснаас нэг удаа 350-400 грамм цус авах  нь өчүүхэн бага хэмжээ ажээ. Цусаа өгснөөс хойш эрэгтэйчүүд хоёр, эмэгтэйчүүд гурван сарын дараа дахин цусаа хандивлахыг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. Түүнчлэн тогтмол цусаа өгдөг донорууд хэзээ ч цус багадалтаар өвчилдөггүй, харин ч цус алдалтыг тэсвэрлэх чадвартай болдгийн сануулъя.

Монгол Улс хэдэн донортой вэ?
Монгол Улсад жараад мянган хүн донорын эгнээнд бүртгэгджээ. Харин 2010 онд 18 мянган донор цусаа хандивласан нь 2009 оныхоос 16 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Донорын эгнээнд элсэх сайн санаат хүмүүсийн эгнээ өдөр бүр хүрээгээ тэлж, 1993 онд 5400 донорын 1200 литр цус нийлүүлж, аврал эрсэн олонд  амьдрал бэлэглэж байсан бол өнгөрсөн онд 18 мянган донор 6000 гаруй хүний амь нас, эрүүл мэндийг аварчээ. Түүнчлэн 2009 онд донорын эгнээнд бүртгэгдсэн 60 мянган донорын 39.6 хувь нь байнгын донор байсан бол жилийн дараа 44 хувь болж өссөн сайн мэдээ байна. 

Цусны төвийнхөн  7 сарын 1-нд барьж алдсан нь бий
Нийгмийн байдал тайван үед  таван хоногийн нөөц Цусны төвийнхөнд хангалттай байдаг аж. Харин газар хөдлөлт, гамшиг осол, эмх замбараагүй үймээн гарсан үед тав хоногийн нөөцтэй Цусны төвийнхөн ямар ч арга хэмжээ авч чадахгүй. Нэг жишээ хэлье. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний дараа Цусны төвийнхөн хоёр хоног хаалгаа барихад хүрч, цусны хомсдолд орж байсан гэдэг. Тэгэхээр хэн ч энэ төвийн туслалцааг авч болно гэдгийг санах хэрэгтэй. Хэлж ирдэггүй, хийсч ирдэг байгалийн гамшиг, аваар ослын үед эрдэнэт хүний амь насыг аврах эцсийн найдвар болсон Цусны төвийнхний ажилд чин үнэнчээр туслах нь иргэн бүрийн үүрэг гэж ойлгодог болоосой.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж