Өрийн асуудал еврод нөлөөлж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Өрийн асуудал еврод нөлөөлж байна

Мягмар гаригт еврогийн ханш ам.долларын эсрэг бага зэрэг өссөн байгаа ч Еврозоны өрийн асуудал хэвээр байгаа нь өсөлтийг хязгаарлаж байна. Харин Азийн хөрөнгийн биржүүд дээр технологийн компаниудын хувьцаа эрс өсчээ. iPhone болон iPad үйлдвэрлэгч “Apple” компанийн ерөнхий захирал Стийв Жобс эмчилгээ хийлгэхээр 2004 оноос хойш гурав дахь удаагаа ажлаасаа чөлөө авч байгаа тухай мэдээ тус компанитай өрсөлдөгч Азийн технологийн фирмүүдэд таатай нөхцөл бүрдүүлж байгаа бололтой. “Apple” компанийн зах зээлийн үнэлгээ нь Японы хамгийн том 11 технологийн компанийг нийлүүлсэнтэй ижил хэмжээтэй байдаг юм. Ямартай ч энэ мэдээллийн дараа Японы “Nikkei” биржид 0,15 хувийн өсөлт гарсан бол MSCI Ази, Номхон далайн индекс 0,5 хувиар өсчээ.

Португаль, Испанийн Засгийн газрын бондын дуудлага худалдаа харьцангуй сайн байсан нь Еврозон өрийн хямралаас гарч байна гэх найдвар төрүүлж байгаа ч Европын эдийн засгийн гол хөдөлгүүр Герман улс тусламжийн санг нэмэгдүүлэх шаардлага одоогоор байхгүй гэж мэдэгдэж байгаа нь зах зээл дэх еврогийн ханшид сайнаар нөлөөлөхгүй байгаа юм.

“Сангийн мөнгийг нэмэгдүүлэх ажлыг яаравчлах ёстой гэх зах зээлд байгаа мэдрэмж Европын удирдах албан тушаалтнуудад байхгүй байна. Тэгэхээр еврогийн ханш хэсэгтээ бага байх болов уу” гэж Сингапур дахь валютын зах зээлийн стратегич хэлэв.

Даваа гаригт Еврозоны Сангийн сайд нар уулзаж, бүлгийн дарга Жан Клауд Жункер Европын холбооны төрийн тэргүүдийн чуулга уулзалтаас өмнө сангийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг сөхөхгүй байх нь дээр гэж хэлсэн юм. Европын байгуулсан эрсдлийн сангаас Еврозоны Засгийн газрын батлан даалт бүхий зах зээлд 440 тэрбум хүртэлх еврогийн зээл олгох боломжтой.

Өнгөрсөн баасан гаригт 1.3460 ам.доллар байсан еврогийн ханш 1.3312 ам.доллар болж өссөн байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж