Нүүрсний үнэ өссөөр байна

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Нүүрсний үнэ өссөөр байна

Цахилгаан станцуудад хэрэглэдэг нүүрсний үнэ долоо дахь долоо хоногтоо дараалан өсч, сүүлийн хоёр жилийн турш харагдаагүй хэмжээнд хүрчээ. Харин төмрийн үйлдвэрлэлд ашигладаг нүүрсний үнэ 5,7 хувиар өссөн байна. Энэ нь дэлхийн хамгийн том нийлүүлэгч Австрали улсад үер болж, хангамж буурч байгаатай холбоотой. Квинслэндэд 50 жилийн турш харагдаагүй их үер болж байгаа юм. Харин үүнээс болж 2,3 тэрбум ам.доллараар үнэлэгдэх нүүрсний арилжаа алдагдсан гэжээ. Одоогийн байдлаар тус улсын нүүрсний уурхайнуудын ердөө 15 хувь нь бүрэн ажиллагаатай байгаа юм.

Ньюкастл боомт дээр халаалтын нүүрсний үнэ 6,70 ам.доллар буюу 5,1 хувиар өсч, нэг метр тонн нь 138,50 ам.доллар болсон байна.

Австрали улс нь коксжуулсан нүүрсний нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд халаалтын нүүрсний экспортоор зөвхөн Индонезийн ард ордог юм. 2009 онд нийт 259 сая тонн нүүрс экспортолсон гэсэн мэдээг Дэлхийн нүүрсний нийгэмлэг өгч байна. Харин одоогийн таагүй нөхцлөөс болж нийлүүлэлт 15 сая тонноор буурахаар байна гэж Австралийн Үндэсний банк хэлэв. Австралийн коксжуулсан нүүрсийг тээвэрлэгч хамгийн том боомт болох Далримпл Бэй нь үерт автаад байгаа Брисбэйн хотоос 1000 километрийн зайд байрладаг. Харин энэ боомт дээр одоо 40 усан онгоц ачаагаа хүлээн зогсож байгаа аж.

Одоогоор нэг тонн сайн чанарын коксжуулсан нүүрсний үнэ 280 ам.доллар байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 15 ам.доллараар илүү байна. Цаашид үнэ 300 ам.доллар болох нь тодорхой байна гэж шинжээчид үзэж байна. Дэлхийн зах зээл дээр тус бүтээгдэхүүний үнэ 400-500 ам.доллар ч болж магадгүй байгаа гэж “Wood Mackenzie” компани мэдээлжээ. Квинслэндэд 2008 онд үер болж байхад Японы “Nippon Steel” болон “JFE Holdings” зэрэг төмөр үйлдвэрлэгч компаниуд нэг тонн нүүрсийг 300 ам.доллараар авах гэрээ байгуулж байсан юм.

Нэгэнт гуравдугаар сар хүртэлх гэрээг дунджаар 225 ам.доллараар хийсэн байгаа учир дөрөвдүгээр сараас эхлэн нэг тонн нүүрсний гэрээт үнэ 295 ам.доллараас давахаар байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж