“Golden home” үйлдвэртэй танилцлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

“Golden home” үйлдвэртэй танилцлаа

Х.Баттулга: Үйлдвэрлэгчид технологийн шинэ төвшинд хүрчээ   

Халуун орны улаан мод, Америкийн интоорын мод, Оросын хус, Канадын агч модоор тавилга урлаж, бүтээгдэхүүнийх нь хийц, үзэмж чанар нь Европ стандартад дүйх “Golden home” тавилгын үйлдвэрийн үйл ажиллагаатай  ЗТБХБ-ын сайд Х.Баттулга танилцлаа.

Герман зөвлөхтэй тус үйлдвэр нь 2005 онд 13 ажилтантай байгуулагдаж байсан аж. Үйлдвэрийн захирал Д.Мягмар өөрийн үйл ажиллагааг танилцуулахдаа “Удирдлага, хөрөнгө оруулалт маань гадаадын ямар нэгэн давхар харьяалалгүй, бид өөрсдийн хүчин чармайлтын үр дүнд одоогийн төвшинд хүртэл үйлдвэрээ хөгжүүлсэн” хэмээсэн нь бахархалтай санагдсан. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй юм билээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжсэний дараагаар өрх бүрийг үндэсний үйлдвэрийн тавилга, модон эдлэл, бүтээгдэхүүнээр хангах учиртай. Тиймээс дотоодын үйлдвэрлэгчид дэлхийн жишигт нийцхүйц бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг ийн эрмэлзэх болсон нь үнэхээр сайшаалтай.

ЗТБХБ-ын сайд Х.Баттулга “Тавилгын чиглэлийн нэлээд олон аж ахуй нэгжүүд байдаг. Ихэнх нь  сандал, ширээ хийж ажлаа эхэлж, бизнес, цехээ өргөжүүлсэн түүхтэй. Үйлдвэрлэгчид өнөөдөр технологийн шинэ төвшинд хүрчээ. Энэ үйлдвэрийн тухайд Герман улсын тоног төхөөрөмжөөр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Мод, түүхий эдээ Европ, Америкаас авчирч байгаа гэсэн. Ирэх жилүүдэд Монгол улсад маань томоохон бүтээн байгуулалтын их ажил өрнөнө. Тухайлбал, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг дагаж 100 мянган айлын тавилга ямар байх юм, хэчнээн хаалга, гал тогооны тавилга хэрэгтэй болох уу гээд олон асуудал гарч ирнэ. Тэгэхээр эдгээрийг худалдан авах хөрөнгө, мөнгө гадагшаа биш, дотооддоо үлдэж, нэмүү өртөг үйлдвэрлэхийн тулд үйлдвэрүүд идэвхитэй ажиллаж байгаа нь сайшаалтай. Дотоодын үйлдвэр олноор бий болвол ажлын байр нэмэгдэнэ. Бүтээн байгуулалт руу хөрөнгө гаргахад дотооддоо баялаг болж үлдэж байгаа нь энэ үйлдвэрийн залуусын том гавьяа юм даа” хэмээн онцлон хэлсэн юм. Герман Улсаас үйлдвэрийн бэлдэц, түүхий эдээ авдаг “Golden home” үйлдвэрт 60 хүн ажиллаж байгаа юм билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж