“Битлз”-ын дуунууд 5 сая удаа татагджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

“Битлз”-ын дуунууд 5 сая удаа татагджээ

Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн алдарт Битлз хамтлагийн дуунуудыг iTunes-т байрлуулж, сонсогчдын хүртээл болгож эхэлсэн билээ. Тус хамтлагийн хамгийн их борлуулалттай цомгуудын шилдэг дуунууд хоёр сарын хугацаанд 5 сая удаа татагдаж, iTunes-ын хамгийн олон удаа татагдсан амжилтын эзэн болсон байна.

Тус хамтлагийн гишүүн Paul McCartney “Бидний уран бүтээл бүх дэлхийн хаанаас ч татаж авах боломжтойгоор худалдаалагдаж байгаад үнэхээр олзуурхаж байна. Бидний үнэнч фэнүүд дуртай дуугаа сонсоход орон зай хамаагүй боллоо” хэмээн ярьсан байна.
Мөн алдарт “Битлз” хамтлагийн тухай та бидний мэдэхгүй олон сонирхолтой баримтыг дэлгэсэн "Lennonyc" кино өнгөрсөн даваа гаригт Нью-Йорк хотод болсон кино фестивальд нээлтээ хийлээ. Уг кино нь тус хамтлагийн дуучин Жон Леннон тухай түлхүү харуулсан ба энэхүү киног найруулагч Michael Epstein найруулж, олны хүртээл болгожээ.
Өмнө нь хэвлэл мэдээллээр цацагдаж байгаагүй аудио бичлэг, дууны студид хийсэн бичлэг зэрэг сонирхолтой материалуудыг агуулсан энэхүү кино тус хамтлагийн үнэнч фэнүүдэд том бэлэг болно хэмээн киноны багийнхан ярьсан байна. Мөн хэдхэн сарын өмнө Жон Ленноны амьд сэрүүндээ зүүж явсан нүдний шилийг дуудлага худалдаанд оруулж асар өндөр үнээр зарсан юм. Тэрбээр энэ шилээ 1966 онд Японд аялан тоглолт хийж явахдаа орчуулагч залууд бэлэглэсэн аж. Энэ удаа авга ах нь Жон Ленноны дунд сургуульд сурч байхдаа бичиж байсан дэвтрийг мөн л дуудлага худалдаанд оруулан зарж овоо мөнгө олжээ. Түүнийг ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн хойноо ч маш их “орлого олдог хүмүүсийн” тоонд оруулж ирсэн юм.
Жон Леннон Британийн Ливерпуль хотод 1940 оны аравдугаар сарын 9-нд төрсөн аж. Түүнийг төрөх үед  Английн төдийгүй дэлхийн түүхийн алдарт хүмүүсийн нэг  улстөрч, ерөнхий сайд Уинстон Черчилль ид алдаршиж байжээ. Эцэг нь шинэ төрсөн хүүдээ алдарт улс төрчийн Уинстон гэдэг нэрийг нь өгчээ.
Ийнхүү бяцхан жаалхүү Жон Уинстон Оно Леннон гэсэн урт нэртэй болсон аж. Гэхдээ аав нь хүүгээ өсгөлцсөнгүй. Түүнийг хөлд орсоны дараахан өөр эмэгтэйтэй учирч гэрээсээ явсан байна. Жоны ээж  энэ явдалд сэтгэлээр унаж гутарсангүй. Харин ч эрх чөлөөтэй боллоо гэсэн шиг зугаа цэнгэл хөөцөлдөн гэрийн бараа харахаа больжээ. Жаалхүүг нагац эгч нь өөр дээрээ авч өсгөн хүмүүжүүлэх болжээ. Жон үеийнхнээсээ бичгийн хэв муутай, дуулгаваргүй сахилгагүйгээрээ ялгарч байв. Нагац эгч нь түүнд их хайртай байсан тул байнга бусдаас өмөөрч хэл ам дэгдээдэг байсан аж. Жон дунд сургуулиа төгсөөд урлагийн коллежид суралцан төгсчээ. Энэ үеэс тэр алдар нэрд хүрч, баян чинээлэг болохыг мөрөөддөг болсон гэдэг. 180 см өндөр, хар нүдтэй, хүрэн үстэй Жон Леннон бусдын нүдэнд дулаахан харагддаг байжээ. Тэр аман хуур, гитар, төгөлдөр хуур хөгжмөөр хөгжимдөхийн зэрэгцээ дууны үг бичиж эхлэжээ. Жон Леннон 195О-иад оны дунд үеэс хөгжмийн урлагт бий болсон шинэ урсгал рок-н-роллыг аажмаар сонирхон сүүлдээ салж чадахаа больсон байна. 1957 оны хавар “The Quarry Men” гэдэг анхныхаа хөгжмийн хамтлагийг байгуулжээ.  Тэгэхэд тэрбээр дөнгөж 17 нас хүрч байсан аж.  Энэ үед ээж нь өөд болжээ. Ээждээ их хайртай байсан Жон Леннон хөгжим сонсож уйтгар гунигаа тайлдаг байж. Мөн ижийнхээ дурсгалд зориулан хөгжим ч бичжээ. Түүний өсч төрсөн Ливерпуль хөл бөмбөгийн багаараа алдартай хот байлаа. Энэ хотын нэрийг Жон Леннон хөгжмийн хамтлагаараа дэлхийд алдаршуулжээ. Тэрбээр Ливерпулийн залуустай үдэшлэгэн дээр уулзаж , шар айраг ууж явахдаа нэгэн солгой гитарчинг олж харав. Тэр нь Пол Маккартни байсан аж.
Энэ хоёр залуу санамсаргүй танилцаагүй бол домогт “Битлз”  байгуулагдахгүй байсан ч байж магадгүй. Жон , Полтой уулзаад “ Чиний тоглолтыг сонсоод шинэ хамтлаг байгуулмаар санагдлаа” гэж хэлжээ. Удалгүй тэр хоёр Жорж Харрисон, Ринго Старртай нийлж “Битлз” хамтлагийг байгуулан улмаар Жон Леннон  мөрөөдөж явсан нэр алдраа олж, дэлхийн баячуудын эгнээнд орсон байна. Гэвч алдар нэр нь өсөхийн хэрээр түүний зан ааш хачин жигтэй болж эхлэв.
Бас ахмад хүмүүсээс эмээх гэж үгүй. Тэр ч байтугай Германд тоглолт хийж явахдаа ариун гэгээнтний толгой дээрээс хэрэглэсэн бэлгэвчиндээ ус хийн цацаж, олны дургүйг хүргэж байжээ. Бясалгал хийж, хар тамхи ч татаж эхлэв. Охид хүүхнүүдтэй ч  зугаалах боллоо.  Зүгээр ч нэг зугаалахгүй. Тэднээр заримдаа доог тохуу хийж зүггүйтдэг байж. Гэвч аажмаар тэр томоожин бусдаас зайгаа барих болов.   “ Би алдар нэртэй байхаас залхаж байна. Хэнтэй ч уулзалгүй ганцаараа байх нь жаргал юм” гэж Жон Леннон хэлдэг байж. Тэрбээр энэ этгээд араншингаасаа болж анхны эхнэр Синти, таван настай хүү хоёроо орхин явжээ.
Энэ үед түүнийг зураач  Япон хүүхэн Йоко Оно “урхидав”. Эмэгтэйн этгээд араншин, бие даасан чөлөөтэй байдал нь Жон Ленноны сэтгэлд нийцжээ. Хэвлэл мэдээллээр бөөн шуугиан дэгдэж, эхнэр хүү хоёроосоо Япон хүүхнийг илүүд үзэх болсныг нь шүүмжлэж эхлэв.
Ялангуяа Пол Маккартни Жон Ленноны шинэ сонголтод эрс дургүйцсэн нь “Битлз”хамтлагийг тарахад хүргэжээ. Жон Леннон хамтлагаа тарснаас хойш удалгүй 1971 оны наймдугаар сарын 12-нд Нью-Йорк явж, тэндээ амьдрах болсон аж. Тэрбээр нэг хэсэг гэрээсээ ч гарахаа больж, Йоко Онотой цагийн ихэнхийг өнгөрөөх болжээ. Тэд рекламанд чармай нүцгэн зургаа авахуулсан удаатай.
Удалгүй тэд Шон Оно хүүгээ төрүүлэв. Жон Ленноны ааш өдрөөс өдөрт өөрчлөгдөж, эхнэрээ өчүүхэн төдий буруу зүйл хийвэл үсдэж зоддог болжээ. Нөхрийнхөө аашнаас залхаж гүйцсэн Йоко Оно түүнийг нарийн бичиг дарга хүүхэнтэй нь цуг Хавайн арал руу явуулжээ. Жон Леннон нэг хэсэг тайвширч туслахтайгаа учир ургуулав. Аажмаар тэр Йоко Оногоос холдож байлаа. Гэвч Йоко Оно цагийг нь олж Жоны дурлалын явдлыг хазаарлаж чадсан аж.
1980 онд Жон Леннон уран бүтээлдээ эргэн орж “ Double Fantasy”  шинэ цомгоо гаргав. Харамсалтай нь энэ нь түүний хамгийн сүүлчийн цомог байжээ.  Жон Ленноныг өөрийгөө түүний шүтэн бишрэгч хэмээн нэрлэсэн Марк Чепмен гэгч этгээд араас нь хэд хэдэн удаа бууджээ. ХХ зууны түүхэнд мөнхөрсөн содон хүний нэг, домогт “Битлз” хамтлагийг үндэслэн байгуулагч Жон Леннон эмнэлэгт хүргэгдэх замдаа өөд болсон юм. Энэ үед түүний хүү Шон Леннон дөнгөж тавхан настай байсан гэдэг.
Нэрт дуучны амьдралын түүхийг өгүүлсэн  энэхүү кино түүний 70 насны ойгоор буюу ирэх аравдугаар сарын 9-нд үзэгчдийн хүртээл болох аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж