Ху Жинтао АНУ-д айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Ху Жинтао АНУ-д айлчилж байна

БНХАУ-ын төрийн тэргүүн Ху Жинтао АНУ-д хийж байгаа албан ёсны айлчлалаа өнөөдөр эхэллээ. Тэрээр АНУ-д дөрөв хоногийн айлчлал хийхээр төлөвлөсөн байна. Ноён Ху Жинтаогийн айлчлалын эхний өдрийн хөтөлбөрт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай оройн зоог барихаар төлөвлөгдсөн нь гадаадын мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг гойд татсан байна. Учир нь дэлхийн энэ хоёр хүчирхэг гүрний тэргүүн нар хамт зоог барьсан тохиолдол сүүлийн 13 жилд болж байгаагүй аж.

Хятад болон АНУ-ын хоорондын худалдааны хэмжээ 400 тэрбум ам.долларт хүрсэн байгаа нь гучин жилийн өмнө энэ хэмжээ ердөө л 100 сая ам.долларт хүрч байсантай харьцуулахад гайхалтай үсрэлт болж байгааг энэ үеэр тэмдэглэсэн байна. Мөн айлчлалын өмнөхөн тодорхой болсноор бол Хятад улс АНУ-ын үйлдвэрлэдэг Боеинг онгоц болон автомашины сэлбэг,хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүн зэрэг нийт арав гаран тэрбум ам.долларын бүтээгдэхүүн  худалдаж авахаар болж байгаа аж. Мөн хятадын талаас АНУ-ын Хьюстон хот дахь зарим компаниудтай нийт 600 сая ам.долларын бизнес гэрээнд гарын үсэг зурсныг энэ айлчлалын үр дүнгийн нэг хэсэг гэж үзэж байгаа ажээ.

БНХАУ-ын дарга  өнөөдөр болох оройн зоогны дараа Вашингтон хотыг орхиж Чикаго хотыг зорих юм. Тэнд ноён Ху Жинтао хоёр хоног айлчлах юм байна. 

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж