
Тухайлбал, тухайн үед Эргүүл хамгааллын газрын чиглэлийн ахлах байцаагчаар ажиллаж байсан дэслэгч Л.Ганболдод Эрүүгийн хуулийн 91-ийн 2-оор хэрэг үүсгэн сэжигтнээр татжээ. Түүнийг нийгмийн хэв журам бүдүүлгээр зөрчин, олон нийтийн илт хүндэтгэхгүйгээр, үл ялих шалтгаалан урьд өмнө танихгүй, хувийн өш хонзонгүй хүнд болон бусад хүнд өөрийн хүч чадалтай, давуу гэдгээ харуулах гэж хүнийг санаатайгаар алсан гэсэн зүйлчлэлээр хэрэг үүсгэсэн байна. Уг хэрэгт сэжигтнээр татагдсан Ч.Ганболдод хүнийг санаатай алсан хэрэгт сэжигтнээр тооцсон үндэслэлээ мөрдөн байцаагч “Хэрэгт татагдсан сэжигтнүүдийн өгсөн мэдүүлгээс яллагдагчаар татах үндэслэл гарч ирсэн” гэж тайлбарлажээ. Мөн долдугаар сарын 1-ний хэрэгт нэмж яллагдагчаар татагдсан хүний нэг нь үймээний үеэр үүрэг гүйцэтгэж байсан Эргүүл хамгаалалтын газрын их эмч н.Тунгалаг юм. Түүнд ямар зүйл ангиар ял төлөвлөж байгаа нь одоогоор тодорхойгүй. Зарим эх сурвалжийн мэдээллээр түүнийг гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээгүй гэдэгт буруутгаж байгаа гэнэ. Мөн уг хэрэг Эргүүл хамгаалалтын газрын дарга асан н.Мягмаржав, тус газрын эргүүл хариуцсан байцаагч хошууч н.Мөнхбат, тусгай үүрэг гүйцэтгэгч н.Мандах нарыг ч сэжигтнээр тооцож шалгаж эхэлсэн байна. Уг хэрэгт хүнийг санаатай алсан хэрэгт сэжигтнээр татагдсан Хөдөлгөөнт эргүүлийн газрын дэслэгч Л.Ганболдоос хэргийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Сонгуулийн үймээний өөрөө яг хаана үүрэг гүйцэтгэж байсан бэ?
-Үймээний үеэр албан үүргийн дагуу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр МАХН-ын байрны өмнөх талбайд хамгаалтад гарч байсан. 2008 оны долдугаар сарын 1-ны өдөр хувиарын дагуу өдрийн 13.00 цагаас оройн 11.00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэсэн.
-Таныг яагаад хүнийг санаатай алсан гэмт хэрэгт сэжигтнээр татсан юм бол. Мөрдөн байцаагч тань ямар нэгэн тайлбар хэлсэн үү. Өнгөрсөн хугацаанд хэдэн удаа мэдүүлэг өгөв?
-Бусад хүмүүсийн мэдүүлгээс сэжигтнээр татах үндэслэл болсон гэж мөрдөн байцаагч тайлбарласан. Би үнэндээ өнөөдрийг хүртэл таван хүн амь үрэгдсэн хэрэгт сэжигтнээр татагдан шалгуулж мэдүүлэг өгсөн хүмүүсийн мэдүүлэгтээ танилцаагүй. Яагаад хүнийг санаатай алах гэмт хэрэгт намайг шалгаж байгааг ойлгохгүй байна.
-Та тухайн үед яг ямар үүрэг гүйцэтгэсэн бэ, байлдааны буу зэвсэг хэрэглэсэн үү?
-Тусгай хэрэгслийн зориулалтай автомат буу, сургуулилтын сумтай буутай үүрэг гүйцэтгэсэн.
-Сая энэ хэргийг сэргээн шалгаж эхэлснээс хойш эрүүгийн хэрэгт татагдсан албан хаагчдыг таних уу. Тэдэнд ямар зүйл ангиар хэрэг үүсгэсэн юм бол оо?
-Би тэрийг хэлж мэдэхгүй. Энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүй учраас ямар нэгэн мэдээлэл өгөхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хориглосон байдаг шүү дээ.
-Таныг үймээний үеэр хохирсон албан хаагчдын нэг гэж сонссон. Гэмдлийн зэрэглэлээ тогтоолгосон уу?
-Тухайн үед нөхцөл байдал маш хүнд байсан шүү дээ. Би тархи болон нүүрний баруун хэсэгтээ гэмтэл авсан. Зөвхөн би ч биш цагдаагийн 300 гаруй албан хаагч их бага хэмжээгээр гэмтсэн шүү дээ. Өнөөдөр үүрэг гүйцэтгэж яваад гэмтэл авсан хүмүүсээс унаж татдаг болсон хүн ч бий. Саяхан долдугаар сарын 1-ны үймээний үеэр хамт ажиллаж байсан нэг найз минь тэр үед авсан гэмтлийнхээ улмаас нас барлаа.
-Та нарт Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас мэдүүлэг авахдаа ямар нэгэн дарамт шахалт үзүүлж байна уу?
-Энэ талаар ярих боломжгүй гэв.
Өмнө нь хэргийг хааж, өршөөлд хамруулахдаа цагдаагийн ажилтнууд галт зэвсэг хэрэглэсэн, буудсан гэдгээ хүлээсэн боловч хэний буудсан суманд хэн гэдэг хүн оногдсоныг тогтоож чадаагүй учраас хаасан байдаг. Харин хэрэг хаагдсаны дараа буюу өнгөрсөн зургадугаар сард цагдаагийн нэгэн албан хаагчийн тэмдэглэл ил болж байсныг “АЭ”-ийн уншигчид санаж байгаа байх. Тэгвэл шинээр сэжигтнээр татсан гээд буй Эргүүл хамгаалалтын газрын тусгай үүрэг гүйцэтгэгч ахлах ахлагч Мандахын тухай сая дурдсан тэмдэглэлд бий. Тэмдэглэлд дурдсанаар Мандах “Би нэг залуугийн хөлд чиглүүлж буудсан. Тэр хүн дороо дэвхцээд байсан, би оноогүй байх аа” гэж ярьсан талаар тэмдэглэсэн нь бий.
Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүхийн талаар нэгэн цагдаа ярихдаа "Ангийн захирагч Батсүхийг машин дотроосоо буугаар нэг хүүхдийн хэвлийд нь буудаж унагахыг харсан. Сайн бууддаг юм билээ” гэж ярьж байсан талаар тэмдэглэлд дурдагджээ. Ш.Батсүхийн сууж явсан эргүүлийн алаг машины баруун гадна талын баруун толь жижиг бууны мөр гарч, хагарсан байсныг Я.Хорлоорембүүчий хараад “Энэ толийг солихгүй яасан юм бэ” гэж дуу алдсан талаар бас бичсэн аж. Я.Хорлоорембүүчий нь өмнө нь долдугаар сарын 1-ний хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсныг энд дурдах нь илүүц буй за.
Эргүүл хамгаалалтын газрын дарга асан н.Мягмаржавын хувьд 2008 оны дугаар сарын 18-ны 23,00цагт Ш.Батсүхийн хамт цагдаа нарт “Хоригдож байцаагдана. Өөрсөндөө эргэлзэж байгаа хүн байвал хэлээрэй, буунуудыг чинь янзалчихна” гэж хэлжээ.
Тэрхүү тэмдэглэлээр бол цагдаа нараар бууны хонгио түүлгэсэн, мөн тараасан сумаа эргүүлж авахдаа тоолж аваагүй зэрэг нь ихээхэн эргэлзээтэй мэт. Түүнчлэн хурандаа Ш.Батсүхийн сууж явсан УБЗ 40 59 дугаартай машины толийг солисон гээд олон баримтыг дурдсан нь хэргийг илрүүлэх салшгүй баримт байж ч болох. Гэхдээ энэхүү тэмдэг хангалттай нотлох баримт мэдээж биш. Ямартай ч тэмдэглэлд дурдагдсан хүмүүсийн зарим нь шинээр сэжигнээр татагдсан хүмүүс. Шинээр сэжигтнээр татагдсан зургаан хүний хоёр нь “хэн бэ” гэдэг одоогоор тодорхойгүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр нэг нь тэтгэвэрт гарчээ. Магадгүй тэмдэглэлд дурдсанчлан байлдааны сум тарааж, “Явж явж, би буруутан болох юм байна л даа” гэж хэлж байсан хүнийг “гуай” гэж тэмдэглэжээ.
Хэргийн явц хэрхэн үргэлжлэхийг харах л үлдлээ.