Ц.Гончигийн хүсэлтэд ХЗДХЯ хариу ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Ц.Гончигийн хүсэлтэд ХЗДХЯ хариу ирүүлжээ

Охиноо бусдын гарт алдсан хохирогч  Ц.Гончиг  хэргийг мөрдөн шалгахад саад учруулж,   шүүх хуралдааныг санаатай  хойшлуулж байсан өмгөөлөгч З.Хүрэлсүх, Ё.Энхбулган нарт оногдуулсан сануулах сахилгын арга хэмжээг хангалтгүй байна гэж  Хууль зүйн сайд Ц.Нямдоржид хандан өргөдөл  гаргасан юм. Түүний өргөдөлд ХЗДХЯ хариу ирүүлж, хохирогч Ц.Гончиг өнөөдөр хариугаа авчээ. Өргөдлийн хариуд “БЗД-ийн иргэн Ц.Гончигийн өргөдлийг судлах явцад, сайдад танилцуулан, УМБГ-аас холбогдох асуудлаар албан ёсоор хариу өгсөн байна. Өмгөөлөгч З.Хүрэлсүх, Ё.Энхбулган нараас Монголын өмгөөлөгчдийн холбооны Сахилгын хорооны 2010 оны 127 дугаар тогтоолыг эс зөвшөөрч , сайдад хандан гаргасан өргөдлийг судлан, тэдэнд сахилгын арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй, үндэслэлтэй байгаа тухай нэр бүхий өмгөөлөгч нарт хариу өгсөн болно. ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Алтангэрэл” гэжээ. Өмгөөлөгч З.Хүрэлсүх, Ё.Энхбулган нар   “Өмгөөлөгчдийн холбооноос оногдуулсан сахилгын арга хэмжээ нь хууль зөрчсөн” хэмээн ХЗДХЯ-нд мөн гомдол гаргаад  байжээ. ХЗДХЯ-наас ирүүлсэн дээрх өргөдлийн хариуд   өмгөөлөгч З.Хүрэлсүх, Ё.Энхбулган нарт дахин хариуцлага тооцох тухай нэг ч өгүүлбэр ороогүй байгаа юм. Харин Сахилгын арга хэмжээ нь хууль зөрчөөгүй тул өмгөөлөгчдийн гаргасан өргөдлийг хүлээж авахгүй гэх санааг илэрхийлжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж