Хагас саяын шагналтай нэвтрүүлэг болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Хагас саяын шагналтай нэвтрүүлэг болжээ

Хэнтий аймгийн анхны долгион “Дөлгөөн Хэрлэн” олон нийтийн радиостанц, өөрийн “Дөлгөөн Хэрлэн” төв ТББ-ынхаа Тэргүүн М.Хүдэрбаатарын нэрэмжит, “Эзэн Чингисийн өлгий нутгаа хэн сайн мэдэх вэ” танин мэдэхүйн, бооцоот, шууд нэвтрүүлгийнхээ эхний дугаарыг өнгөрсөн ням гарагт сонсогчдынхоо дунд явуулсан байна.

Тус аймгийн тэргүүлэх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд албан ёсоор тооцогддог, тогтмол үйл ажиллагаатай, мэргэжлийн сэтгүүлч, нэвтрүүлэгчид ажилладаг, “Дөлгөөн Хэрлэн” радио станцын уламжлалт энэхүү нэвтрүүлэг нь 2004-2006 онуудад сонсогчдын хамгийн их оролцдог цэнгээнт нэвтрүүлэг байсан авч сүүлийн жилүүдэд ивээн тэтгэгчгүйн улмаас тасалдаад байсан юм.  Танин мэдэхүйн “Эзэн Чингисийн өлгий нутгаа хэн сайн мэдэх вэ?” шууд нэвтрүүлгийн эхний ялагчаар МСҮ-ийн төвийн гагнуурчны ангийн оюутан Э.Улсболд шалгарч нэг түмэн төгрөгөөр шагнууллаа. Нэвтрүүлэгт оролцож буй сонсогчид нь, Хан Хэнтий нутгийн өнгөрсөн, одоо цагийн түүхтэй холбоотой асуултад тасралтгүйгээр зөв хариулж чадвал 500 мянган төгрөгийн шагналыг ч авах учиртай юм.

“Дөлгөөн Хэрлэн” радиостанцыг аймгийн “Урагшаа” сонинд 1988-2000 онуудад ажиллаж байсан, өдгөө “МОНЦАМЭ” агентлагийн сэтгүүлч Б.Адъяахүү үүсгэн байгуулсан бөгөөд тус радиостанцын долгион хойд талдаа 70, тал хээр бүхий урд зүгтээ 100 км-ийн тойрогт нэвтрүүлгээ 30 мянган оршин суугч, малчид амьдардаг нутаг дэвсгэрийг хамруулан цацдаг юм. Япон улсад олон жил ажиллаж сурч байсан, Хэнтий аймгийн Хэрлэн сумын уугуул, аймгийн Үндэсний Бөхийн Холбооны     Тэргүүн, “Хутагт” группын Ерөнхийлөгч М.Хүдэрбаатар тус “Дөлгөөн Хэрлэн” төв ТББ-ын Тэргүүнээр 2010 оны хавар сонгогдож төрөлх нутгийнхаа радиостанцад хөрөнгө оруулалт хийж эхэлсэн юм. Үндэсний бөхөө дээдэлж явдаг тэрбээр цаашид ч, хүн амд хамгийн хүртээмжтэй, хурдан шуурхай мэдээлэл өгдөг “Дөлгөөн Хэрлэн” радиостанцын техник, технологийн шинэчлэлийг хийхээр төлөвлөөд байгаа юм.
 
“Дөлгөөн Хэрлэн” богино долгионы радиостанц шиг нэвтрүүлгээ хамгийн их хүн амыг хамруулан хол зайд нэвтрүүлгээ цацдаг, богино долгионы радиостанц одоохондоо Монгол улсын хөдөөгийн аль ч аймагт байхгүй билээ.

Б.Адъяахүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж