Хөршүүд хөшилдөх нь монголд халтай юу?

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Хөршүүд хөшилдөх нь монголд халтай юу?

Түншүүд түншилцэж, хөршүүд хөшилдөх нь монголд халтай юу

Дэлхийг “залгих”-ыг санаархагч, хамгийн хүчирхэг хоёр их гүрний удирдагчид монголчуудын толгой дээгүүр нисэн буун уулзалдсаар. Нэг нь манай яах аргагүй эртний хөрш. Нөгөө нь ардчиллын жилүүдэд гуравдагч хөршөөрөө тунхагласан Америкийн Нэгдсэн Улс. Пентагоны тэргүүн, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Р.Гейтс саяхан БНХАУ-д айлчиллаа.  Сонирхолтой нь тэр үед Р.Гейтс Монголд ирэх байсан гэсэн мэдээлэл гарч байсан ч чимээгүй өнгөрсөн. Мөн энэ талаар ОХУ-ын зүгээс ихээхэн анхаарал тавьж байгаа талаар ч эх сурвалжууд мэдээлж байсан юм. Энэ талаар эргэлзээтэй зарим асуудал бий. Тухайлбал АНУ болон Монгол Улсын Батлан хамгаалахын сайд нарын ерэн хэдэн онд хийсэн нэгэн хэлэлцээрт Монгол Улс гуравдагч хүчинд цэрэг, зэвсэг нийлүүлэхгүй гэдгийг нарийвчлан зааж батламжилсан байдаг.

Гэтэл сүүлийн жилүүдэд энхийг сахиулах ажиллагаанд оролцох нэрийдлээр АНУ-ын цэргийн бодлогыг хүчтэй дэмжих хандлага илт ажиглагдах болсонд хойд хөршийн зүгээс санаа зовних болжээ. Эмээх гэхэд хатуудах ч онцгүй санагдах болсон энэ байдал эдийн засгийн болон улс төрийн бусад хориг арга хэмжээ, дарамт шахалтыг буй болгож болох юм. Монгол, АНУ-ын зүгээс ч төрийн томоохон айлчлал, арга хэмжээ бүрийн үеэр цэргийн салбарын энэхүү дэмжлэгийг дөвийлгөн ярих болсон нь тийм ч таатай санагдахгүй байгаа нь лав.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болд одоогоос яг жилийн өмнө буюу 2010 оны нэгдүгээр сарын 28-нд  Афганистаны асуудлаар Лондонд болсон олон улсын бага хуралд оролцож Монгол Улсын зүгээс Афганистаны талаар ямар байр суурьтай байгааг тайлбарлан Монголоос оруулж байгаа цэргийн оролцооны тухай танилцуулж байв. Мөн энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга А.Ф.Расмуссен, Афганистан дахь Америк-НАТО-гийн цэргийн командлагч, генерал С.Маккристал, АНУ-ын Ерөнхийлөгчийн Афганистан, Пакистан дахь тусгай элч Р.Холбрук нартай уулзаж байсан.

Үүнээс ердөө сар гаруйхны дараа буюу 2010 оны гуравдугаар сард Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Болд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд А.Э.Сердюковын урилгаар тус улсад айлчилсан. Энэ үеэр хоёр  орны цэрэг-техникийн хамтын ажиллагааны түвшинд үнэлэлт өгч, цаашид хэрхэн ажиллах чиглэлээ тодорхойлж тохиролцсон юм. Энэ үеэр 2004 онд байгуулсан цэрэг-техникийн тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын гэрээ өнөөг хүртэл хэрэгжиж, ОХУ-аас Монголын зэвсэгт хүчинд 60 гаруй сая ам.долларын өртөг бүхий зэвсэг, техник нийлүүлснээ “ах нар” онцолж байсан. Цаашид энэхүү тусламжаа үргэлжлүүлэх талаар тодорхой зүйлийг ярьсан ч анхааруулгын чанартай дээрх яриаг манай Батлан хамгаалахын сайд Л.Болд хүндэтгэлтэй сонсч, ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал Н.Е.Макаровын энгэрт “Алтан гадас” зүүж өгөөд үдсэн билээ.

Хожим нь буюу мөн оны арваннэгдүгээр сард Португалид болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Л.Болд нар оролцож Афганистанд цэрэг илгээхтэй холбоотой эрх зүйн болон бусад асуудлыг НАТО-той харилцан тохирч чадсанаар Монгол Улс албан ёсоор Афганистанд цэрэг илгээгч 45 дахь орон боллоо хэмээн баяртайгаар тунхаглаж байв. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  “Евроазийн бүс нутгийн аюулгүй байдал, хар тамхины наймаа зэрэг зохион байгуулалттай гэмт хэргийн гол цөмийн нэг болоод буй Афганистаны байдлыг тогтворжуулахад Монгол Улс цаашид ч нэмэр хандиваа оруулах болно гээд ардчилсан Монгол Улс нь Афганистаны хувьд хөгжлийн загвар болох боломжтойг дурдав. Хэдийгээр ингэж бахархаж болох ч салбарын хүмүүсийн ярианаас үзэхэд ээдрээтэй, эргэлзээтэй асуудал цөөнгүй байдаг юм билээ. Тухайлбал энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа нь техник, технологийн шинэчлэлд суралцахаас эхлээд олон сайн талтай боловч монгол цэргүүд дэлхийн хамгийн хямд цэргийн хүчин болж байгаа нь харамсалтай хэмээж байна.

Энэ удаа АНУ-ын Батлан хамгаалахын сайдыг БНХАУ-д айлчлах үеэр  Хятадын Батлан хамгаалахын сайд Лян Гуанле нь тус улсын зүгээс цэргийн салбарын хөгжлийн талаар баримталж байгаа бодлого нь гуравдагч орнуудын эсрэг чиглээгүй. Хятадын хүчин чадал энэ талаар эрчимтэй өсч буйд Пентагоны тэргүүн түгших хэрэггүй хэмээсэн билээ. Харин Р.Гейтсийн хувьд харилцан ашигтай хамтарч ажиллахаар тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бүх хүчээ шавхаж ажиллана гэж амласан.

Айлчлал намжмал байдалд болсон хэдий ч хоёр орны хооронд үүссэн цэргийн салбарын хамтын ажиллагааны мөсийг хайлуулсан хэмээн ажиглагчид үзэж буй. Цэргийн салбарын зөрөлдөөнөө арилгасанд айлчлалын гол ач холбогдол оршиж байна гэж уг хэлэлцээрийн дүгнэлтэд дурьдсан. Мөн өчигдрөөс эхлэн БНХАУ-ын тэргүүн Ху Жинтао АНУ-д гурав хоногийн айлчлал хийж байгаа. Энэүеэр мөн л АНУ, БНХАУ-ын удирдагчид цэргийн холбоогоо хөгжүүлэх талаараа үргэжлүүлэн ярихаар төлөвлөөд байна.

Хоёр орны төрийн тэргүүний хэлэлцэх зайлшгүй чухал бас нэг том асуудал бол эдийн засгийн ээдрээтэй нөхцөл байдлын тухай юм. Тиймээс энэ удаагийн уулзалтын үеэр мөнгөний бодлогын асуудлыг хөндөж ярих нь дамжиггүй. БНХАУ-ын дарга Ху Жинтао ам.долларт тулгуурласан олон улсын мөнгөний зах зээлийг “өнгөрч буй цаг үеийн бүтээгдэхүүн “хэмээн нэрлээд юанийн хаанчлалыг тогтоох эхний алхмуудаа хийж эхэлсэн тухайгаа мэдэгдсэн. Мөн АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас эдийн засагтаа 600 тэрбум ам.доллар гэнэт оруулж ам.долларын ханшийг сулруулах бодлого явуулсанд нь шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн билээ.

Монголын улс төрийн болон эдийн засгийн түншүүд хоорондоо ийнхүү сайдаж муудахыг бид “өдөр тутмын улс төр”-өөсөө илүү анхааралтай ажиглаж байхыг цаг үе, нөхцөл байдал сануулж байна. Сонгууль айсуй хэмээн бужигнахын цаана ханцуйдаа наймаалцсан яриа хэлэлцээрт нь Монголын эрх ашгийг ширхэг самрын төдий хамаад тохиролцчихсон байхад л бид яаж ч чадахгүй. Олон хөрштэй, баян түнштэйн бас нэг “зовлон” энэ. Жишээ нь АНУ-ын Конгрессийн гишүүд ардчиллыг дэмжих комиссын шугамаар 2009 оны зургадугаар сарын 30-нд Монголд ирсэн. Тэр үед Оюутолгойн гэрээг батлах гээд ёстой л дээр, доргүй бужигнаж байв. Мөнөөх ардчилал дэмжих зочид маань Оюутолгойн гэрээ хэрхэн батлагдахыг манай хөрөнгө оруулагчид ажиглаж, хүлээж байгаа шүү гэчихээд, ер нь өөр хаанахын хөрөнгө оруулагчид танайхыг сонирхож байна хэмээн асуугаад сонирхсон бүх асуултдаа хариулт авчихаад “нисээд явчихсан”-ыг хэн ч анзаараагүй. Монголчууд “үгэн дотор үг” гэдэг. Бүр төрийн дээд удирдлагуудаас нь хамаг нууцыг нь хэлүүлж аваад явсан ч ажирдаггүй, хачин сайхан уулзалт боллоо гээд инээж суудаг манай улстөрчид ч энэ талаар бодмоор юм.

У.Оргилмаа

Эх сурвалж:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж