Гандболын ДАШТ үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Гандболын ДАШТ үргэлжилж байна

Эрэгтэйчүүдийн гандболын дэлхийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн энэ сарын 13-ны өдөр Шведэд нээлтээ хийжээ. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд энэ жил 24 баг, дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 18 жилийн дараа анх удаагаа Шведэд ирж байгаа нь тус улсын түүхэнд хамгийн олон жилийн дараа тэмцээнийг дахин хүлээн авч байгаа үйл явдал болж байна. Зохион байгуулагчид тэмцээнийг 10 хотын 10 өөр цэнгэлдэхэд явуулахаар шийдсэн юм.

А хэсэгт Франц, Испани, Герман, Египет, Тунис, Бахрайн гэсэн зургаан улс багтан өрсөлдөж байгаагаас эхний гурван тоглолтын дараах байдлаар Франц, Испанийн багууд хэсгээ хожигдолгүй тэргүүлж байна.

Харин В хэсэгт Бразил, Япон, Австри, Исланд, Унгар, Норвеги гэсэн улсууд өрсөлдөж байгаагаас Исланд гурван хожилтой буюу зургаан оноотой хэсгээ тэргүүлж байгаа аж.

С хэсэгт Дани, Хорват, Серби, Алжир, Румын, Австрали гэсэн улсууд өрсөлдөж байна. Тэднийг Дани болон Хорватын багууд хожигдолгүйгээр тэргүүлсээр. Харин Гётенбург хотноо явагдаж байгаа D хэсгийн үр дүнг Швед, Польшийн багууд тэргүүлж байгаа бол Өмнөд Солонгос, Аргентин, Словак, Чилийн шигшээ багууд удаалж байгаа ажээ.

Хэсэг тус бүрээс гурван баг дараагийн шатанд шалгарах бөгөөд нийтдээ 12 багийг дахин хоёр хэсэгт хуваан өрсөлдүүлэх аж. Ингэснээр хагас шигшиээд өрсөлдөх дөрвөн багийн нэр тодорно.

Гандболын ДАШТ-д хамгийн олон удаа Швед улс оролцож байжээ. Тэд түүхэндээ 20 удаа дэлхийн аваргад оролцохдоо дөрвөн алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар бүх улсуудыг тэрүүлдэг бол Румын, ОХУ болон Германы багууд бүх цаг үеийн амжилтаараа удаахь байруудад бичигддэг аж.

Гэхдээ Швед 1999 оноос хойш түрүүлж үзээгүй. Харин сүүлийн 10 жилд Хорват, Герман, Испани, Франц, Польш гэсэн улсууд шагналт байруудад тогтмол шалгарч байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж