Япон, Йорданы багууд дараагийн шатанд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Япон, Йорданы багууд дараагийн шатанд шалгарлаа

Катар улсад үргэлжилж буй хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний В хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр болж, энэ хэсгээс Япон болон Йорданы багууд шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авлаа.

“Цэнхэр самурайнууд”-аас Шинжи Оказаки хет-трик хийж, тэд Саудын Арабын багийг 5:0 харьцаатай хожсоноор В хэсгийг манлайлжээ. Харин Йорданы багийн хувьд Сирийн шигшээг 2:1-ээр хожиж, шөвгийн наймд өрсөлдөх боломжтой болжээ.

Нээлтийн тоглолтоо Йорданы багтай хийж, 1:1 харьцаатай эвийн гэрээ байгуулсан япончууд өчигдрийн тоглолтод илт илүүрхэж, өрсөлдөгчөө төвөггүй буулган авсан бол Саудын Арабчууд гурван тоглолтоос ганц ч оноо авалгүй хэсгийн шатнаас нь нутаг буцах болж байна. Харин хэсгээсээ нэгээр шалгарсан “Цэнхэр самурайнууд” хасагдах шатанд А хэсгээс хоёроор гарсан Катарын багтай баасан гаригт тоглох юм.

Харин хөрш орон болох Сирийн багтай тэнцэхэд л дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авах байсан Йордан шөвгийн наймд А хэсгийн ялагч Узбекистантай өрсөлдөнө. Гэхдээ Йорданы дасгалжуулагч, Ирак мэргэжилтэн Аднан Хамад узбекуудыг хожно гэдэгтээ итгэлтэй байгаа бололтой. Тэрбээр “Узбекистан бол хүчирхэг баг. Хэдхэн долоо хоногийн өмнө бид нөхөрсөг тоглолт хийсэн. Тэр үед Узбекистаны дасгалжуулагч бидэнтэй финалд тоглохыг хүсч буй тухайгаа ярьж байсан. Тэд бол хүчирхэг, хурдтай баг. Гэхдээ хагас шигшээд шалгарах нь бидний зорилго” хэмээн өчигдрийн тоглолтын дараа ярьжээ.

Харин өнөөдөр С хэсгийн сүүлийн тоглолтууд болох бөгөөд Өмнөд Солонгосын шигшээ Энэтхэгтэй, Австрали, Бахрайны багууд хоорондоо тоглоно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж