Хөвсгөлд 500 гаруй толгой мал хорогджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Хөвсгөлд 500 гаруй толгой мал хорогджээ

Онцгой байдлын газрын удирдах албаны сургалт семинар өчигдөр боллоо. Энэ уулзалтанд нийслэлийн дүүргүүд болон  21 аймгийн  Онцгой байдалын удирдах албан тушаалтан оролцсон юм. Онцгой байдлын ерөнхий газрын мэдэгдсэнээр  17 аймгийн 89 сум өвөлжилтийн хүндрэлтэй байгаа. Нийт нутгийн 90 хувь нь цастай байгаа бөгөөд ирэх хоёрдугаар сард олон жилийн дунджаас цас ихтэй мөн зарим нутгаар -50 хэм хүрч болзошгүй гэдгийг Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна. Одоогоор Завхан аймгийн Баянтэс сум гамшгийн байдалтай байгаа юм байна. Тиймээс бид орон Онцгой байдлын газрын  удирдлагуудаас сумдад байдал ямар байгаа талаар тодруулсан юм.

Завхан аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Ө.Болд:
-Манай аймгийн Баянтэс, Тэс, Баянхайрхан, Асгат зэрэг сумдаар өвөлжилт хүндэрсэн. Баянтэс сум гамшгийн байдалд хүрсэн. Нөмрөг, Түдэвтэй, Их-уул, Тосонцэнгэл гэсэн сумд цаашид хүндрэх төлөвтэй байгаа. Өнгөрсөн 12 дугаар сард богино хугацаанд  их цас орсон нь өвөлжилт хүндэрч, зам даваа хаагдсан гэх мэт нөхцөл үүсч байна. Тиймээс аймгийн Засаг даргын шийдвэрээр байдалтай явж танилцсан. Өвс тэжээлийн хувьд  өнгөрсөн жил зуншлага сайхан болсон учраас малчид, сумд тодорхой хэмжээний нөөц бүрдүүлсэн.  Өвөлжилт хүндэрсэн сумдад 100 тонн өвс,  20 тонн тэжээл улсын нөөцөөс хэрэглэсэн. Мөн  орон нутгийн болон малчидад хүрэх зам хаагдсан асуудлыг шийдсэн. Өвөлжилт хүндэрсэн, хүндрэх төлөвтэй сумдын өндөр настай, жирэмсэн, суурь өвчтэй зэрэг хүмүүсийг төв рүү татах арга хэмжээ авч байна.  Өвөлжилт хүндэрсэн сумдад эм, эмнэлгийн  хэрэгсэл,  шаардлагатай машин техник зэргийг бэлтгэсэн. Аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай байгаа. Мөн бензин, түлшний хэрэгцээ маш их байгаа.   

Хэнтий аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Батжаргал:
-Аймгийн баруун урд буюу Дархан, Баянмөнх, Галшар, зүүн хойд хэсэгт Дадал, Норовлин, Баян-Адарга гэсэн сум цас ихтэй байгаа. Бусад сумдаар бараг цасгүй,  цасны зузаан  0-5 см  байгаа. Одоогоор энэ гурван сум өвөлжилт хүндэрч магадгүй байгаа.  Энэ жил сум бүр  хоёр сая төгрөгийн орон нутгийн нөөц бүрдүүлсэн. Аймагийн хэмжээнд  200 тонн өвс, 600 тонн тэжээл нөөцөлсөн байгаа. Малын хорогдол байхгүй, ирэх сард хүндэрсэн тохиолдолд өвс тэжээлийн нөөц хангалттай хүрэлцэх байх гэж үзэж байна.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Равдандорж:
-Сэлэнгэ аймгийн Жавлант, Ерөө, Зүүнбүрэн, Цагаан-нуур, Түшиг, зэрэг сумд өвөлжилтийн байдал хүндэрсэн байна. Цас тал хээр газраар 20-30 см зузаантай, гуу жалга нам дор газар 40-70 см зузаан цастай байна. Аймгийн хэмжээнд цас ихтэй, малын бэлчээр байхгүйн улмаас 102 малчин өрхийн мал нэмэгдэл тэжээлд орсон. Аймгийн хэмжээнд 200 мянган тонн өвс бэлтгэсэн. Үүнээс 55 хувийг ашигласан байгаа. Малчид зуднаас өмнө малаа мах болгон зарах нь ихэссэн. Тйимээс бид энэ жил Дархан, Улаанбаатарын Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүрэгтэй гэрээ хийж  махныг борлуулахаар гэрээ хийсэн. Одоогоор хорогдсон малын тоо сумдаар  нэг айлд нэгээс гурав гэх мэт харьцангүй бага байгаа. Малчид амны бэлгээс ашдын бэлэг гээд малын хорогдол байхгүй гэж хэлж байгаа. Сум бүр үхсэн мал устгах цэгтэй. Энэ газраа устгалд оруулж байгаа.

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Г.Нэргүй:
-Говь-Алтай аймгийн 10 орчим сум цас ихтэй, цасны зузаан 10-40 см зузаантай байна. Гол гол том даваанууд хаагдсан байдалтай байгаа. Цаашид цас орж хүйтрэвэл байдал хүндрэх төлөвтэй байна.  Манай аймгийн Онцгой байдалын газарт ард иргэд болон, зорчигчид төөрч байна гэсэн дуудлага олноор ирж байгаа. Тухайн нөхцөл байдалд зохих арга хэмжээг авсан. Аймгийн засаг даргын захирамжаар Нэгдүгээр сарын 8-аас нэг сарын өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Улсын нөөцөөс 900 тонн тэжээл, 340 тонн өвс нөөцөлсөн.  Одоогоор улсын нөөцөөөс хэрэглээгүй. Цаг аргаар хүндэрсэн тохиолдолд малчид, аймаг, улсын нөөцөөр энэ өвлийг даах байх гэж бодож байна. Малын хорогдол одоогоор байхгүй. Аймгийн хувьд малын гоц халдварт өвчин буюу чоно галзуурсан тохиолдол хэд хэд гарсныг тухайн үед нь арга хэмжээ авч халдваргүйжүүлсэн.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга С.Даваасүрэн:
-Аймгийн Цэцэрлэг, Цагаануул, Тариалан, Эрдэнэбулган сумд өвөл­жилт хүндэрсэн байна.  Цагаануул сумын Өлийн даваа цасанд хаагдсан, Тоомын даваа цасанд боогдсон байгаа. Одоогоо цасыг цэвэрлэх амжил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар 500 гаруй толгой мал хорогдсон. Аймгийн хэмжээнд 200 тонн өвс, 300 гаруй тонн тэжээл нөөцөлсөн.  Мөн сум бүр нөөцөө бэлтгэсэн байгаа.

Бусад аймгийн хувьд өвөлжилтийн байдал өмнөх жилтэй харьцуулахад  хэвийн бөгөөд цаг агаар хүндэрсэн тохиолдолд малчид болон холбогдох байгууллагууд нь бэлэн байдалтай байгаа гэж орон нутгийн дарга нар ярьж байлаа.  Өвс тэжээлээс гадна дутагдаж байгаа зүйлийн нэг нь шатахуун гэдгийг зарим аймгийн төлөөлөгчид хэлж байлаа.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж