Засдаггүй засварын учир

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Засдаггүй засварын учир

Жил болгон улсын төсвөөс мөнгө гарган ерөнхий боловсролын сургуульд засвар хийдэг билээ. Өнгөрөгч намар улсын төсвөөс нэг тэрбум 235 сая төгрөгийг гаргаж сургуулиудын засварт 724 сая төгрөгийг гаргасан юм. Сонгинохайрхан дүүргийн /СХД/ 42 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн /БЗД/ 48 дугаар дунд сургууль, Чингэлтэй дүүргийн /ЧД/ 72, 23, 50 дугаар дунд сургууль, Сүхбаатар дүүргийн /СБД/ нэгдүгээр дунд сургууль, Баянгол дүүргийн 40, 93 дугаар сургуулиудад зас¬вар хийгдэхээр төлөвлөгдсөн ажээ. СБД-ийн арваннэгдүгээр сургуулийн биеийн тамирын заалыг 12 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварын ажлыг хийсэн байна. Гэтэл СБД-ын 11 дүгээр сургуулийн биеийн тамирын заалын засварын ажил наймдугаар сарын сүүлээр эхэлсэн бөгөөд 9 дүгээр сарын дундуур дуусчээ. Харин 12 сая төгрөгөөр засварыг хийхдээ биеийн тамирын заалны шалыг будаж, шохойг янзалсан ажээ. Энэ талаар захирлаас нь тодруулах гэсэн боловч ажлын байрандаа алга байв. Харин тус сургуулийн наймдугаар ангийн сурагч Х. Баттөгс “Манай сургууль өмнө нь ч засвар хийхдээ ингэж орой л эхэлдэг байсан. Сургуулийн спорт заалыг хөрөнгө оруулалтаар хийсэн гэдгийг би л лав мэдээгүй. Хичээл эхэлсний дараа л ашиглалтад орсон шүү дээ. Гэхдээ одоо зааланд биеийн тамирын хувцастай орохоор маш хүйтэн байдаг” гэсэн юм. Мөн өнгөрөгч 11 дүгээр сарын дундуур ахлах ангийн хүүхдүүдээс тохижилтын ажлын мөнгө гэж дахин 5000 төгрөг хураасан ажээ.

Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар дунд сургуульд Нийслэлийн боловсролын газрын 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт энэ сургуульд оржээ. Засвар хийхээс өмнө сантехник болон дотоод засал чимэглэл муу байсан аж. Харин засвар хийсний дараа дулаан болоод бохир усны шугамаа засварласан байна. Харин бие засах газар нь одоо хүртэл гаднаа байрласан хэвээр л… Идэр есийн хүйтэнд гарч бие засах тус сургуулийн сурагчдад нэлээн хүнд байдаг гэдгийг сурагчид нь ярьж байсан юм. Тэгсэн мөртлөө 42 сургууль өөрийн цахим хуудсандаа Улаанбаатар Ротари клубээс ариун цэврийн болон душний өрөө барьсан гэж дурьдсан байх аж.

Хөрөнгө оруулалт орсон сургуулиудад өнөөгийн байдал нь ийм байхад хөрөнгө оруулалт ороогүй сургуулиудын байдалтай танилцахаар явсан юм. Эхний сургууль нь СБД-ийн 3 дугаар сургууль байлаа. Сургуулийн үүдээр оронгуут л эвгүй үнэр хамар цоргив. Сантехникээ шинэчлээгүй удсанаас болсон гэх. Энэ сургууль сурагчдаасаа мөнгө авч жил бүрийн урсгал засвараа хийж, өвлийг аргацаадаг ажээ. Мөнхүү сургуулийн хана тааз нь чийгтэж, мөөнгөнцөр үүссэн байв. Энэ талаар хичээлийн эрхлэгч Н. Уранбилэгээс мэдээлэл авах гэсэн боловч татгалзсан юм. Харин 3 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч Ж. Солонго “Бид нараас жил бүр анги засварын мөнгө гэж таван мянга, дээд ангиудаас арай илүү мөнгө авдаг. Түүгээрээ дотоод заслын ажлыг л хийдэг Сургуулийн урлаг заал маш хүйтэн. Бид нар тэнд бэлтгэл хийдэг ч гэсэн дараа нь маш даардаг. Аврах хаалгаар гарах бэлтгэлийг гурван жилийн өмнө хийлгэж байсан”.  
СБД-ын 31 дүгээр сургуульд ч гэсэн сүүлийн гурван жилийн хугацаанд хөрөнгө оруулалт ороогүй ажээ. Хүүхдүүдээс жил бүр мөнгө хурааж дотоод заслаа болгодог гэж хэлж байсан юм. Тус сургуулийн захирал энэ талаар “Сургуулийг ямар нөхцөлөөр сонгодгийг бид мэдэхгүй. Ямар ч байсан сургуульд сантехникын нарийн засал хэрэгтэй байна. Бид дотоод засал чимэглэлээ  өөрсдөө гурван жилийн турш болгож байгаа. Бид хүсэлт тавьдаг ч хариу ирдэггүй” гэж хариулсан юм. 724 саяар засвар хийсэн сургууль, засвар хийгээгүй сургууль хоёрын хооронд ялгагдах ялгаа огтхон ч алга. Харин ч хийгээгүй сургууль нь илүү байх шиг. Одоогоос хоёр сарын өмнө Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалт дунд сургуулиудаар явсан юм. Энэ шалгалтын тайланг мэдээлж байхдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын барилга байгууламжийн хэлтэсийн дарга Ц. Ганбат: Манай байгууллага ЕБС-ийн барилгын чанарын стандартанд 11 дүгээр сарын сүүлээр шалгалт хийсэн. 1970 оноос өмнө баригдаж ашиглалтанд орсон 27 сургуулийн 29 барилга байгаа.  Улаанбаатар хотод байгаа сургуулиудын 60 хувь нь ашиглах боломжгүй, 10 хувь нь засах шаардлагатай байгаа юм. Эдгээр сургуулиуд бүр газар хөдлөлтийн 4-7 баллыг тэсэхгүй. Ер нь жил бүр ЕБС-ын сургуулийн урсгал засварт олон тэрбумыг төсөвлөдөг ч засварын ажил хангалттай хийгдэхгүй байна” гэж хэлж байсныг уншигч танд сануулъя.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж