Уул уурхайн салбарын өсөлт 100 хувь!

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Уул уурхайн салбарын өсөлт 100 хувь!

Монгол Улсын эдийн засгийн бүтцэд 2013 оноос хойш гарах өөрчлөлтүүдийг эдийн засагчид төсөөлж байна. Энэ төсөөллөөр бол уул уурхайн салбар эдийн засгийн бүтцэд давамгайлж, хөдөө аж ахуй, боловсруулах салбарын эзлэх байр суурь доош унахаар байгаа аж.

Эдийн засгийн бүтэц нь тун цөөн “орц”-той, үүн дотроо хөдөө аж ахуй голлосон,  энэ хэрээрээ ойлгомжтой, хялбар явж ирсэн Монголын эдийн засгийн бүтцэд шинээр хүч түрэн орж ирж буй шинэ салбар болох уул уурхай цаашид улам бүр “томрох” нь тодорхой байна. Өнөөдөр Монголын экспортын 80 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж буй бөгөөд энэ тооцоонд алтыг оруулаагүй байх аж. Хэрэв алтыг нэмж тооцвол экспортын 90 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, ашигт малтмалын түүхий эд бүрдүүлж байна.  Уул уурхайн салбарт өнөөдөр эхлүүлж буй томоохон төслүүдийн бодит үр дүн ойрын жилүүдэд мэдрэгдэж эхэлнэ гэвэл дээрх тоо хэмжээ улам өсөх юм.

Уул уурхайн салбарын өсөлт 2013 он гэхэд өмнөх оноосоо 100 хувиар, тэгээд жил тутам зуу, зуун хувиар өсөөд явах төлөв харагдаж байгааг өчигдөр Гадаад харилцааны яаман дээр болсон “Макро бодлогын асуудал” зөвлөлдөх уулзалтын үеэр хариуцлагатай албан тушаалтан судалгаанд тулгуурлан дурдлаа. Уул уурхайн салбарын энэ өсөлттэй зэрэгцээд хөдөө аж ахуй, боловсруулах салбарын уналт ажиглагдаж байгаа юм байна. Тэгэхээр хурдацтай өсөх уул уурхайн салбарын бүтээгдэхүүнийг боловсруулах салбараар дамжуулан экспортод гаргах бодлогыг баримтлах ёстой болж таарлаа. Монголын эдийн засгийн бүтцэд уул уурхайн салбар хүссэн, хүсээгүй давамгайлах ойрын ирээдүйд биднийг хүлээж буй аюул нь мөнөөх “Голланд өвчин” гэдгийг дээрх үзүүлэлтэд үндэслэн Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх ноён Н.Энхбаяр сануулсан юм.

Уул уурхай давамгайлсан эдийн засагтайгаар нэг хэсэгтээ, тодруулбал 2018-2019 он хүртэл явж болох ч үүнээс цааш ийм загвараар хөгжиж хэрхэвч болохгүй гэдгийг тэр онцолж байв. Түүний барьж буй судалгаагаар бол ирэх онуудад уул уурхайн өсөлт жил тутам 100 хувьтай байх бол  үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарын өсөлт 80 гаруй хувь, үйлчилгээний салбарын өсөлт 70 орчим хувь, барилгын салбарын өсөлт 60 орчим хувь байх бөгөөд дээр өгүүлсэнчлэн хөдөө аж ахуйн салбар 20-40 хувь хүртэл доош унахаар байна.

Оюутолгой, Тавантолгой зэрэг уул уурхайн томоохон төслүүдийг дагуулан боловсруулах салбарыг өндийлгөх бодлогыг Засгийн газраас баримталж байгаа ч Хятадууд үүнд хүчтэй өрсөлдөгч болохоор шамдаж байгаа аж. Сайншандын боловсруулах аж үйлдвэрийн цогцолбортой зэрэгцүүлээд хилийн цаана мөн л ийм цогцолборыг манайхны төлөвлөснөөс хэд дахин өндөр хүчин чадалтайгаар барьж байгаа мэдээлэл бий. Мөн Хятадын жижиг, дунд үйлдвэрлэгчид Өмнөговьд шил шилээ даран баригдах томоохон уурхайнуудад ханган нийлүүлэгч болох зах зээлийг урьдчилан харж, үйлдвэрүүдээ наашуулж байгаа гэдэг мэдээллийг УИХ-ын нэгэн гишүүн ярилцлагадаа дурдсан байсан.

Уул уурхайн салбарын өсөлт, түүнээс олох ашгийг боловсруулах салбартаа хөрөнгө оруулалт болгон татах, ийм байдлаар эдийн засгийн бусад салбаруудыг хөгжүүлэхгүй бол нэг л салбарт түшиглэсэн эдийн засаг аюултай байдаг. Тэр тусмаа уул уурхайн салбарт шүтсэн эдийн засаг маш амархан урууддаг үзэгдлийг голланд өвчин гэж нэрлэдгийг бид хангалттай мэдэх болсон.

Тэгвэл дээрх тоо баримтуудаас харахад голланд өвчний шинж тэмдгүүд өнөөдөр хэдийнэ илэрч эхэлсэн байна. Хэрэв үүний эсрэг арга хэмжээ авахгүй бол аюулд орно. Мэдээж энэ эрсдэлийг бүрэн зайлуулах боломжгүй бөгөөд гагцхүү урьдчилан харснаараа цаг хугацааг хожно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өөрөөр хэлбэл, эрсдэлийг урьдчилан тооцоолсноор сөрөг үр дагавар, гамшгийн хэмжээг л бууруулах боломжтой аж.

Монголын эдийн засагт ойрын ирээдүйд учрах эрсдэлийг ийн тооцоолж буй бол эрсдэл багатай, тодорхой байгаа хүчин зүйлүүдийг ч гэсэн нэрлэж болох юм байна. Үүнд, түүхий эдийн үнэ, экспортын өсөлт, Ази, тэр дундаа Хятадын  эдийн засгийн өсөлт, өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлт бага байх, гадаад худалдааны тээвэрлэлтэд авто тээвэр түлхүү үүрэг гүйцэтгэсээр байх зэрэг хүчин зүйлүүдийг эрсдэл багатай гэж үзэж байгаа юм байна. Урд хөрш Хятадын эдийн засгийн өсөлт дунджаар найм орчим хувьтай байхаар байгаа бөгөөд энэ нь нэг улсын ДНБ-тэй тэнцэх хэмжээний эдийн засгийг бий болгож байна гэсэн үг бөгөөд бидэнд бол таатай хүчин зүйл гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй юм.  
                                                                                                            

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж