Төмрийн үнэ нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Төмрийн үнэ нэмэгдэж байна

Хоёрхон сарын дотор төмрийн үнэ 37 хувиар өсөөд байна. Хүнс, эрчим хүчний үнэ өсч байгаа энэ үед өргөн хэрэглээний бүх бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг төмрийн үнэ нэмэгдэж байгаа нь эдийн засагт муугаар нөлөөлж эхэллээ. Австралийн Квинслэнд дэх үер коксжуулсан нүүрсний хангамжид муугаар нөлөөлсөн. Харин төмрийн үйлдвэрлэлд коксжуулсан нүүрс гол түүхий эд болдог юм. АНУ-ын төмөр ороомог арваннэгдүгээр сарын эхэн үеэс хойш  37 хувиар өсч, тонн нь 738 ам.доллар болоод байна. Харин шууд арилжаагаар нэг тонн коксжуулсан нүүрсний каргогоор илгээх үнэ 350 ам.доллар болсон нь хэдхэн долоо хоногийн өмнө 225 ам.долларт тогтоосон гэрээт үнээс 55 хувиар илүү болжээ. Мөн төмрийн гол түүхий эд болох төмрийн хүдрийн үнэ ч рекорд тогтоохуйц хэмжээнд хүрээд байна. БНХАУ руу тээвэрлэж буй төмрийн хүдрийн үнэ арваннэгдүгээр сараас хойш 20 хувиар өсч, тонн нь 178,30 ам.доллар болжээ.

“Квинслэндийн үер төмрийн үнэд хүчтэй нөлөөлж байна. Хүмүүс түүхий эд авахаар дугаарлаж байна” гэж “Stemcor” хэмээх төмөр арил­жаалагч компанийн захирал Ральф Одденхаймер хэлэв. Австрали улс нь далайгаар тээвэрлэдэг коксжуулсан нүүрсний нийт хангамжийн талаас илүү хувийг нь эзэлдэг юм. Үүгээр Азийн болон Европын металлургийн компаниудыг хангадаг.

Төмрийн үнэ өсч байгаа нь дэлхийн инфляцийн асуудлыг хүндрүүлэхээр байна. Нефтийн үнэ 2008 оноос хойш анх удаагаа 100 ам.долларт дөхөж, хүнсний үнэ ч рекорд хэмжээнд хүрсэн тухай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хэлсэн. Хэдийгээр төмрийн үнийн өсөлт хэрэглэгчдэд эрчим хүч болон хүнсний үнийн өсөлт шиг шууд утгаар нөлөөлөхгүй ч жилд 500 тэрбум ам.доллараар үнэлэгдэх төмрийн зах зээл дэлхийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэнэ. Учир нь өдөр тутмын бүх бараанд төмрийн хэрэгцээ байдаг.

Дэлхийн бодлого боловсруулаг­чид, тэр тусмаа Азийн орнуудад инфляцийн өсөлт нүүрлэж байгаа билээ. Баасан гаригт БНХАУ үнийн өсөлтийг хазаарлахаар банкны мөнгөн хуримтлалыг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Мөн Өмнөд Солонгос инфляцийн эсрэг дайн зарлаад байгаа юм.

Үнийн өсөлт барууны орнуудад ч харагдаж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт Европын төв банк инфляци өсч байгаа гэж мэдэгдсэн бол АНУ-д ч байдал ижил байна. Хэдийгээр дэлхийн төмрийн хэрэгцээ 2008 оныхоос их биш байгаа ч Австралийн үер коксжуулсан нүүрсний хангам­жийг бууруулсаар байвал үнэ өссөөр байх болно гэж эдийн засагчид болон шинжээчид сануулж байна. Австралийн Цаг уурын газраас нутгийн хойд хэсгээр чийглэг уур амьсгал дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэхээр байгаа гэж мэдээлж буйгаас харахад төмрийн үнэ удалгүй рекорд тогтоох нь.

Өнгөрсөн жилийн хамгийн одтой байсан суурь металл бол ган төмөр. Лондоны бирж дээр 2013 он гэхэд нэг тонн ган төмөр 40 мянган ам.доллар болох магадлалтай байгаа гэж Малайзийн нэгэн компани мэдээлжээ. Энэ нь нийлүүлэлт эрэлтийг нөхөж чадахгүй гэсэнтэй холбоотой юм.

“Үнэ ойрын таван жилийн дотор 35-40 мянган ам.доллар болно гэдгийг үгүйсгэх зүйл биш. Шинэ уурхайнууд олборлолтоо эхлэхэд хугацаа хэрэгтэй төдийгүй төмрийн хүдрийн чанар буурахад үнэ өсөх нь тодорхой” гэж “Malaysia Smelting Corp”-ын захирал Мохд. Ажиб Ануар хэлжээ.

Ган төмрийг электрон бараа болон сав баглаанд их хэмжээгээр хэрэглэдэг бөгөөд өнгөрсөн онд хямралаас хойш рекорд тогтоосон анхны суурь металл байсан юм. Тус металлын үнэ 2010 онд 59 хувиар өсч, арваннэгдүгээр сарын 9-нд 27500 ам.доллар болсон юм. Энэ нь Индонези, Хятад болон Африкийн орнуудын нийлүүлэлт багассантай холбоотой. Лондоны бирж дээр гур­ван сарын гэрээт үнэ 26830 ам.доллар бай­на. Өнгөрсөн онд бусад суурь метал­луудаас никель 34 хувиар, зэс 30 хувиар, хөнгөн цагаан 11 хувиар өссөн бол цайр 4,1 хувиар хямдарчээ.

Ган төмрийн экспортоор Индо­незид тэргүүлдэг “PT Timah” ком­пани энэ сарын 14-нд цаг агаарын таагүй нөхцлөөс болоод 2011 онд үйлдвэрлэлт дөрөв дэх жилдээ буура­хаар байгаа гэж хэлсэн юм. Компанийн тооцоолсноор энэ оны үйлдвэрлэлт 3000 тонноор буурах аж. Азийн орнуудад энэ онд Ла Нинагийн урсгал асар их хур тунадас буулгасан гэнэ. Ингэснээр дэлхийд ган төмрийн экспортоор тэргүүлдэг Индонезийн үйлдвэрлэл их хэмжээгээр буурсан бол үйлдвэрлэлтээр тэргүүлдэг БНХАУ-д эрчим хүчний асуудлаас болж мөн л хангамж багассан байна.

Дэлхийн ган төмрийн хомсдол энэ онд 21,300 тонн байхаар байгаа бөгөөд хангамж 2013 он хүртэл бага байхаар байгаа аж. Гэвч электрон бараа, химийн үйлдвэрүүдийн эрэлт нэмэгдэж буй.

Бусад суурь металлын арилжаанд нэг тонн зэсийн үнэ 9643 ам.доллар, хөнгөн цагаан 2487 ам.доллар болжээ. Цайр 2431 ам.доллар байгаа бол никель 25465 ам.доллараар арилжаалагдаж байна. Шанхайн бирж дээр зэсийн үнэ 0,2 хувиар хямдарч, 71,290 юань, хөнгөн цагаан 16,860 юань болжээ.

Металлуудын үнэ бага зэрэг буурч байгаа ч цаашид нэмэгдэх хандлага хэвээр байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж