Бага цалинтай хүн ядууралд өртөх магадлалтай

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Бага цалинтай хүн ядууралд өртөх магадлалтай

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандитай ярилцлаа
-Таны удирдаж байгаа салбар маш том. Эрхлэх асуудал үгүй, хариуцах ажил ихтэй…?
Хувь хүний өдөр тутмын шахуу амьдрал ахуй, цалин хөлс, нийгмийн асуудалтай холбогдож байдаг болохоороо том гэхээсээ их өргөн хүрээг хамарч байдаг салбар л даа.

Өнгөцхөн нэрлэхэд тэтгэвэр тэтгэмж, цалин, хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, гадаад дотоод шилжих хөдөлгөөн, хараа хяналтгүй хүүхэд, хүн, хүүхдийн хөдөлмөр, хүүхэд үрчлэлийн асуудал, орон гэргүй хүмүүс, олон хүүхэдтэй эх, эцэг эхийн амьдралыг дээшлүүлэх бодлого, ядуу иргэн-ядуу өрхийн халамжийн бодлого, хүн ам зүйн бодлого тэр чигээрээ энэ яамны эрхлэх чиг үүрэг дээр байдаг юм. Би бүгдийг нь тоочиж хэлсэнгүй ээ. Ер нь үргэлжийн ачаалалтай талтай шүү. Бас дээр нь хүнтэй шууд харьцдаг, үйлчилгээ үзүүлдэг болохоор хэл ам ч тасардаггүй. Аль болохоор бүгдийг л зохицуулах гээд л ажиллацгааж байна даа.

-Ер нь яам, салбар удирдах ажил эмэгтэй хүний хувьд хатуудах алба биш үү?
Эмэгтэй, эрэгтэй хүнд таарах салбар гэхээсээ илүү үйл ажиллагааны зөв тогтолцоо, бүтэц, ойлгомжтой боловсронгуй стандарт, дээр нь тогтвортой бодлого л чухал шүү дээ.

Тэгэхгүй бол нэг удаагийн сонгуулиар ийм яам байна гээд тогтчихдог, дөрвөн жилийн дараа үгүй ээ өөр бүтэцтэй байх юм байна гээд л өөрчлөгдөөд байвал тухайн хэрэгжүүлэх бодлогын тогтвортой үр дүн гардаггүй. Улс орнуудын зарим туршлагаас харахад яам, хэрэгжүүлэгч бүтцийг бий болгохдоо тухайн улс нийгэмд тулгараад байгаа асуудлуудыг шууд шийдвэрлэх үүрэг бүхий бүтэц механизмыг илүү чухалчилдаг нь харагддаг.

 Австралид л гэхэд “Гэр бүл, орон сууц, нийгмийн бүлгүүдийн үйлчилгээ,  уугуул иргэдийн асуудал эрхэлсэн департамент (Department of Families, Housing, Community Services and Indigenous affairs)” гэж байна. Доторхи чиг үүрэг нь оновчтой байвал салбарын удирдлага эр эм, хөгшин залуу байх нь нөлөөлөх хүчин зүйл биш шүү дээ. Мэдээж хэрэг салбараа мэддэг боловсрол, туршлага хэрэгтэй байлгүй л яахав.

-Таны хувьд салбарын сайд болсон чинь анхны хэрэг биш. Энэ салбарт та туршлагатай сайд. Гэхдээ жилээс жилд нийгмийг түгшээсэн асуудлууд нэмэгдэж байна. Тухайлбал, архидалт газар авлаа. Архинд донтсон эрчүүд, эмэгтэйчүүдийн цаана бидний ирээдүй хүүхдүүд цөхөрч байна. Тэд ямар хүн болж төлөвших бол. Үүнд та ямар анхаарал хандуулж байна вэ?

Тийм ээ, сэтгэл зовоосон түг түмэн асуудал байна. Ажилгүйдэл, ядуурал, хавтгай архидалт, ган зуд байгалийн хүчин зүйлээс үүдсэн шилжилт хөдөлгөөн, орон гэргүй хүмүүс, шат хонгилд амьдарч буй гэр бүл гээд… Гэхдээ энэ бүх асуудлыг яах вэ гээд шанаагаа тулаад зүгээр сууж, туг лоозон бариад жагсаж тэмцэж, хэрэлдэж хэмлэлдээд шийдэхгүй.

Асуудал өнгөрсөн цаг хугацаанд биш өмнө маань байгааг бүгдээрээ ойлгож ажиллах цаг иржээ гэж хэлмээр байна. Тэр тусмаа зөвхөн төсөв, хуулиар ч зохицуулагдахгүй олон асуудал нүдэн дээр байна шүү дээ.

Нийгмийн оюун санааны үнэт зүйл, ёс суртахууныг эрхэмлэсэн, хүнлэг, мөс чанартай хойч ирээдүйгээ бий болгох асуудал дээр Монгол хүн бүр нэгдэж ажилламаар байна. Надад хоёр ч удаа Германы улс төр, эдийн засаг судлаач Томас Майер гэдэг хүнтэй уулзаж ярилцах завшаан тохиолдсон юм. Тэр эрдэмтэн Монголын өнөөдрийн нийгэм эдийн засгийн байдлыг хоёрхон үгээр л оношилж байсан; Монголын нийгэм тэр аяараа улстөржиж байна. Бүгдээрээ ч сайхан ярьж, сонгууль хийж сурч. Харин бүгдээрээ улстөржөөд байвал хэн Монголын тань төлөө ажиллаж, хэн бүтээн байгуулж, хэн гэр бүл, үр хүүхдийн тань төлөө хуримтлал бий болгох юм бэ? Шулуухан хэлэхэд Монголын улс төр, эдийн засагт парагматик бодлого дутагдаад байна аа гэдгийг л ярьж байсан. Бодитой шууд хэрэгжүүлэх  ажил л гэсэн үг шүү дээ. Би энэ хүний ярьсантай санал нэг байдаг.

-Улс орон маань мөнгөтэй боллоо. Удахгүй ядуурлаас гаргаад өгнө өө гээд улс төрчид, Засгийн газар маань яриад байгаа шүү дээ?
    Баялаг байна уу? байна, Төсөв тэлж байна уу? тэлж байна, Эдийн засгийн өсөлт дээшлэх нь үү? Дээшилж байна. Гэхдээ дээр хэлсэн шиг баялагийн хуваарилалтыг зөв ухаалаг хийх нь төрийн, Засгийн газрын үүрэг мөөн. Гэхдээ баялаг дээр суурилсан эдийн засаг нэг их хол явдаггүй. Тэгээд ч хуваарилалт нь оновчгүй бол нэг хэсэг хугацаанд хүнээс бэлгэнд авсан зүйл шиг үрэн таран болоод дуусна. Харин мэдлэгт суурилсан эдийн засаг удаан хугацаанд тогтвортой, жинхэнэ нийгмийн баялаг болдог гэдгээ л бид мартаж болохгүй юм.
Мэдлэг гэхээр ганцхан гадаадад мастер хамгаалсан залуугийн оюуны хөрөнгө оруулалтыг хэлээд байгаа юм биш ш дээ. Зөв горимын дагуу техникийн заалт удирдаж ажиллуулдаг мэдлэгтэй, мэргэшсэн ажилчин л гэхэд ажиллах хүчний үнэтэй капитал болно. Ийм учраас хүүхэд, залуучуудаа мэргэжилтэй болгох, соён гэгээрүүлэх, өөрийнхөө ирээдүйн төлөө санаа зовдог, хариуцлагатай амьдрах цаг үе ирж байна гэдгийг ойлгуулах шаардлага улс оронд маань тулж ирээд байна. Шулуухан хэлэхэд мэргэжилтэй ажилчин дутаад байна уу? Эсвэл залуучуудад хөдөлмөрлөх чин хүсэл, эрмэлзлэл төдийлөн бага байна уу гэдгийг тодорхойлж, үнэхээр хөлс хүчээ гарган ажиллах идэвх сонирхолыг нь хөхиүлэн дэмжих хэрэгтэй болжээ. 

Архидах, мансуурах хор хөнөөлийн талаар тодорхой мэдлэгтэй болчихвол өсвөр үе маань энэ ангал руу бөөн бөөнөөрөө унахгүй. Энэчлэн мэдлэг, мэдээлэлтэй болгож чадвал бид зөвхөн төсөв, мөнгөөр хийж чадахгүй олон зүйлийг хийнэ. Олон ч хүндрэлээс аяндаа гарна.

-Та гудамжинд гуйлга гуйгаад сууж байгаа хүүхэдтэй тааралдаж байв уу. Ийм үед та тэдэнд яаж тусалдаг вэ. Таныг улс төрчийн хувьд хатуу талдаа гэж сэтгүүлчид ярьдаг юм. Эмэгтэй хүн, эх хүний хувьд мөн та төрийн чухал салбарыг тэргүүлдэг сайдын хувиар…?
     Би жирийн л амьдралтай нийгмийн нэг гишүүн. Дээр нь нийгмийн амьдралын барометр болсон салбарыг удирдан өнөөгийн амьдралын сайн сайхан, муу муухай, сэтгэл зовоосон бүхий л зүйлтэй таарч тулгарч явна.

Нийгэм маань хориод жилийн өмнө өөр системд шилжсэн. Тэр үед ардчилсан нийгэм зах зээлийн эдийн засгийн туршлага хэнд маань ч байсангүй. Хүмүүс ардчилсан нээлттэй эдийн засгийн нийгмийг зөвхөн улс төрийн ардчилал, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэх утгаар нь илүү ойлгож хүлээж авсан. Ардчилалын үнэт зүйлийг ойлгож мэдэрсэн ард түмэн энэ үзэл хандлагаасаа ухрахгүй ээ. Гэхдээ эцэг эх хүсвэл сургуулиас хүүхдээ гаргаж болдог юм байна.

Сургуулиа хаяад мөнгө хөөгөөд наймаа хийгээд явж болдог юм байна. Ерөөсөө хүсвэл өдөржин, шөнөжин архидаад гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй явж болдог юм байна гэсэн нэг хэсгийг төрийн зохицуулалт сул, иргэний нийгэм чадавхитай байгаагүй нийгмийн шилжилтийн үе маань яах аргагүй бий болгож орхилоо ш дээ. Энэ үеийн залуучууд нь насжиж, хүүхдүүд нь өсч залуучуудын эгнээг бүрдүүлж эхэллээ. Малаа маллуулах гээд сургуулиас нь гаргачихсан хүүг өнөөдөр боловсролтой бүсгүй голж шилж, эцэг нь наймаанд яваад эмээ өвөө дээрээ дур зоргоороо өссөн хүүхдүүд нийгмийн дунд үеийнхнийг бүрдүүлж эхэлж байна.

Тэгэхээр “завсардсан үеийнхэн” ч гэж хэлж болохоор энэ л дунд залуу үе рүүгээ хандсан үр дүнтэй ажил хийх хэрэгтэй байгаа юм аа.

Гуйлга гуйгаад зогсож байгаа халамцуу эмэгтэйг хараад жишим ч үгүй өнгөрдөг гэж та бодож байна уу. Үгүй дээ. Зүрх минь шимширдэг…Тэгээд ч би эмэгтэй хүн, ээж хүн шүү дээ. 

Чухам ийм олон тохиолдлуудаас “траншейны хүүхэд”-гүй болох төслийг шууд гардаад хэрэгжүүлж үзмээр санагдсан юм. Зөвхөн төсөв мөнгө хараад суулгүй, нийгмийн сэтгэл зүйд зөв, эерэг хандлага л бий болгох хэрэгтэй юм байна гэдгийг “Гэртээ харих зам” гэдэг зорилтот төсөл маань харуулсан.

-“Гэртээ харих зам” төслийг тань олон нийтийн зүгээс үнэхээр хөндөх асуудлыг хөндсөн, үр дүнд хүрсэн ажил болсон гэж ярьж байна. Зорилтот төсөл хэрэгжүүлэх болсон тухайгаа сонирхуулна уу?
Туршлага хуримтлуулж, загвар бий болгох, зорилго агуулсан зорилтот хөтөлбөр хийхийг зорьсон. Энэ төслөөс хүүхдийн эрх гэж их ярьдаг ч эрх нь зөрчигдсөн хүүхдэд шууд хандсан үйл ажиллагаа хаана хаанаа дутагдалтай байгаа нь харагдсан. Ар гэрт нь архидалтаас үүдсэн “жинхэнэ дайн” хүчирхийлэл болж хүний төрлөх инстинктээрээ нялх балчир хүүхдүүд маань амь насаа авч гарах гэж л тэнэдэг юм билээ дээ.

Нөгөөтэйгүүр монгол хүний мөс чанар муудаж байгааг энэ хэдэн хүүхдийн хувь тавилангийн түүх гэрчилдэг юм. Уламжлалт гэр бүлийн соёл, үнэ цэнэтэй эрхэм нандин харилцаа маань эвдрэн нурж байгаагаас залуучуудаа яаж хамгаалах вэ? гэдэг дээр төсөв гэхээсээ илүү иргэн төр, ТББ-ын нэгдмэл үйл ажиллагаа чухал байна.

-Засгийн газар, НХХЯ өнгөрсөн оны 12 сард нэгэн чухал сэдвийг хөндөж бага хурал зохион байгуулсан. Гэр бүлийн асуудалд анхаарал хандуулья гэж. Энэ чиглэлээр ямар ажил хийх вэ?
Тиймээ. Тун чухал асуудлаар ярилцсан. Улс орны маань хүн амын хөгжлийн бодлогод маш богино хугацаанд асар их өөрчлөлт орж байгаа нь харагдаж байна. Хууль журмууд даяаршил, шилжилт хөдөлгөөн, нийгмийн хөгжлийн хурдацыг гүйцэхгүй, зарим талаар илт хоцрогджээ.

Ирэх 10 гаруй жилд Монголын хүн амын 61 хувийг 14-59 насны ид үеийнхэн бүрдүүлэх төлөвтэй байгаа. Хүн амын өсөлтийг дагаад ажлын байр, төрөх эмнэлэг, цэцэрлэг сургууль, хүн амьдрах дэд бүтэц, нийгмийн хамгааллын бодлого гээд одооноос төлөвлөж хийх олон асуудал байна. Хэрэв энэ хүн амын ид насны өсөлтийг угтаад юу ч хийж амжихгүй бол ёстой хүн ам зүйн хямрал, гэр бүлийн хямрал, задрал гэдэг зүйл жинхэнэ утгаараа нүүрлэнэ. Ажилгүйдэл, гэр бүл салах, архидалт, биеэ үнэлэх, гэмт хэрэг ихсэх, нийгмийн эмх замбараагүй байдал бий болох,  гээд … Латин Америкийн орнуудад 80-аад онуудад нүүрлэсэн тэр хямрал ирнэ. Тийм учраас л бид Засгийн газар, НХХЯ-ны түвшинд хүн амын өсөлтийн үеийг угтсан гэр бүл, хүүхэд, залуучууд, хөдөлмөр эрхлэлтийн бодлогоо урьдчилан хэлэлцэж, эрдэмтэн судлаачид болон төрийн бус байгууллагынхаа үгийг сонсон юм. Стратегийн шинжтэй бодлогоос гадна шууд хэрэгжүүлэх олон ажил, асуудал байна. Жишээлбэл, шилжих хөдөлгөөн буурахгүй байгаагаас түүний үр дагавар эерэг, сөрөг байдлаар илрэх болсон. Ялангуяа, хот суурин газрыг өргөжүүлж, түүнээс улбаатай олон тулгамдсан асуудал гарч байна.

Хотын захаар амьдардаг “хотын хөдөөгийн өрх”-ийн тоо эрс нэмэгдэхийн зэрэгцээ орцны жижүүр хийж, 3х1 хэмжээтэй шатны хөндийд дөрөв таван ам бүлтэй амьдардаг өрхүүд олноор бий  болсныг та бүхэн харж байгаа байх. Бүр ингэж амьдрах ёстой юм шиг нүд дасчихаад байгаа биз дээ! 

Иймд эдгээр өрхийн орон байрны болоод хүнтэй холбоотой олон асуудлыг нь шийдвэрлэхээр Засгийн газар, хотын засаг дарга холбогдох олон улсын байгууллагуудтай хамтран зорилтот хөтөлбөр боловсруулахаар ажиллаж эхэлж байна. Ялангуяа, орлого багатай иргэд, залуу гэр бүлд зориулсан хямд төсөр орон сууц барих талаар төсөл боловсруулан хэрэгжүүлэхээр ЗТБХБЯ-тай хамтран ажлын хэсэг байгуулан Засгийн газраас хэрэгжүүлэх “Их бүтээн байгуулалт хөтөлбөрт” тодорхой асуудлууд тусгалаа. 

-Гэр бүлийн асуудалд өрхийн орлого болсон цалингийн асуудал чухал байр суурь эзлэх болов уу.Та цалингийн хэмжээнд ямар бодолтой явдаг вэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /ХХДХ/ 108 мянга байгаа бол цалингийн дундаж 250 мянга болсон байна. Ядуу хүмүүс бага цалин авч, албан тушаал эрх мэдэлтэй хүмүүс өндөр цалин авч байна?

Өрхийн орлогын 42-43 хувийг цалин хөлс бүрдүүлдэг гэсэн судалгаа бий.

ХХДХ бол тодорхой боловсрол, тусгай мэргэжил шаардахгүй энгийн ажил, хөдөлмөр эрхэлж байгаа ажиллагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор тогтоосон цагийн үндсэн цалин /хөлс/-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хэлдэг юм. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн хөлсний минимум стандарт буюу үүнээс доошоо бага цалин өгч болохгүй шүү гэсэн үг. ХХДХ-г тодорхойлсноор хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлтэй, мэргэжил, боловсролгүй ажилчдыг хамгаалж байгаа хэрэг юм.

Та санаж байгаа байх УИХ саяхан “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай” хуулийг шинэчлэн баталсан. Энэ хуулийг энэ оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн мөрдөж байна.

ХХДХ-г Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо тогтоохоор өөрчлөлт орсон. Шинэ хуулийн дагуу ХХДХ-г нэмэгдүүлэх асуудал удахгүй яригдана.

Ингэснээр баялаг үйлдвэрлэж буй салбар бүтээмжтэйгээ уялдсан ХХДХ-ээ өсгөн тогтоох боломж бий болно гэж ойлгож байгаа.

Цалингийн зөрүү их байгаа гэдэг дээр тантай санал нэг байна.  Гэхдээ энд нэг зүйлийг тайлбарлахад ядуу хүмүүс бага цалин авдаг биш, бага цалинтай, бага орлоготой хүмүүс ядууралд өртөх магадлалтай байдаг гэдгийг хэлмээр байна. Ийм хүмүүсийн амьжиргааг зөвхөн цалингаар бус нийгмийн хамгааллын бусад арга хэмжээтэй уялдуулан цогц байдлаар дэмжих учиртай. Тухайлбал, нийгмийн халамжийг ядууст чиглүүлэх, ядуу өрх, гэр бүлийг дэмжих гэх мэт. Татвар, зээл, санхүүгийн үйлчилгээг ч гэсэн ядууст ээлтэй байдлаар зохицуулдаг  туршлага улс орнуудад түгээмэл байна.

Өндөр цалинтай хүмүүсийн тухайд гэвэл мэргэжлийн ур чадварын түвшин эсвэл албан тушаал өндөр байх хирээр үүрэг, хариуцлага, бүтээмж өндөр байдагтай холбоотой. Жишээ нь, компанийн үйл ажиллагаа хэвийн явах, ашиг орлоготой байх нь компанийг удирдаж байгаа хүмүүсийн үүрэг, хариуцлагатай шууд холбоотой. Хэрэв тэдэнд бага цалин өгөх юм бол компанийн ТУЗ тэдэнтэй ажлын үр дүнгийн талаар ярих зүйлгүй.

Төрийн албанд ч энэ зарчим адил үйлчилнэ. Мэргэжилтнээсээ ихгүй цалинтай газрын даргатай ажлын үр дүнгийн тухай ярих боломжгүй л болно. Өнөөдөр уул уурхай, барилгын салбарт гэхэд л VI зэрэгтэй гагнуурчин хамгийн эрэлттэй, цалин өндөртэй мэргэжилд орж байна шүү дээ. Энэ нь тэр ажилчны эрэлт хэрэгцээ, бүтээмжээс шалтгаалан цалин нь тодорхойлогдож байна гэсэн үг.

-Төрийн бодлого иргэдэд өндөр цалин өгөх биш, түр зуурын халамжийн мөнгөөр аргацаасаар өдий хүрлээ. Энэ онд бэлэн мөнгөний урсгал 21 мянган төгрөгөөр үргэлжилж байна. Халамжийн энэ олон мөнгийг олгох нь хэр зөв бэ, та үүнтэй санал нийлэх үү?
Цалин, халамж хоёр агуулгаараа өөр зүйл. Гэхдээ бас холбоотой. Цалин бол аливаа хүн ямар нэг ажил, хөдөлмөр хийснийхээ төлөө авч байгаа шан харамж юм. Өнөөдөр хүнийг ажилд авч ажиллуулж байгаа манай аж ахуйн нэгжүүдийн өөрсдийнх нь эдийн засгийн чадамж муу байна. Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 82 хувь нь л гэхэд 10 хүрэхгүй ажиллагчтай гээд бод доо. Цалин бага байгаагийн шалтгаан үүнтэй холбоотой. Аж ахуйн нэгжүүд томорч, өрсөлдөх чадвар нь сайжирвал ажлын байр олноор бий болно. Ажилчиддаа өндөр цалин хөлс төлөх, мэргэжил ур чадварыг нь нэмэгдүүлэх замаар бүтээмжтэй ажиллах боломжоо бүрдүүлж чадна гэсэн үг.

Харин нийгмийн халамж бол нийгмийн баялагийг дахин хуваарилах замаар уг баялагаас хүртэж чадахгүй байгаа хэсэгт хүртээх арга хэрэгсэл юм. Өнөөдөр манайд нийгмийн халамж нэг их өргөн хүрээтэй биш бөгөөд хамгийн эмзэг ядуу хэсэг бүрэн хамрагдаж чадахгүй байна. Нэг үгээр хэлбэл халамж хүртэх хэсэгтээ хүргэх мөнгө, тусламж дэндүү бага байгаа. Тийм учраас бид нийгмийн халамжийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д оруулаад байгаа юм. Хэрвээ хуулийн энэ төсөл батлагдвал нийгмийн хамгийн бага орлоготой, эмзэг өртөмхий хэсэгт үр дүн гарахуйц халамж үзүүлж ядуурал хүрээгээ тэлэхгүй байх боломж бүрдэнэ.

Харин уул уурхайн орлогоос иргэн бүрт тэгш хүртээж байгаа Хүний хөгжил сангийн хишиг, хувийг нийгмийн халамжтай хольж болохгүй. Энэ бол халамжаас огт өөр зорилготой хүнийг хөгжүүлэх зорилго бүхий арга хэмжээ.
 
-ЗГ-аас 2011 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлалаа. Энэ бодлогыг гол хэрэгжүүлэгч  нь таны хариуцсан яам байх болов уу?
Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар НХХЯ нийгмийн түншүүдтэйгээ хамтран 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Хөдөлмөр-хөгжлийн үндэс” үндэсний чуулганаас хөдөлмөрийн харилцааны бодлогоо бүхий л талаас нь хэлэлцэж, ойрын ба хэтийн хугацаанд хөдөлмөрийн салбарт баримтлах стратегийн чиглэлээ тодорхойлж авлаа. Монгол Улсын Засгийн газар 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлт”-ийг дэмжих жил болгон зарласан нь дээрхи бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлж байна. 

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх асуудал нь нэг яам хийх эсвэл нэг хоёр хуулиар зохицуулах асуудал биш юм. Салбар дундын шинжтэй макро эдийн засгийн зохицуулалт шаардсан үйл ажиллагаа. Энэ хүрээнд хөдөлмөрийн зах зээлийнхээ багтаамжийг тэлж, аж ахуйн нэгжийг хөрөнгө оруулалт, цалингийн зээл, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт зэрэг арга хэрэгслээр дэмжих бодлогыг хэрэгжүүлэхгүй бол энэ бодлого явахгүй.

Нэг үгээр хэлбэл уул уурхайн салбар ажлын байр бий болгохоос илүүтэй төсвийн орлого бүрдүүлэлтэд сайн нөлөө үзүүлж байгаа учир тэндээс нэмэгдэж байгаа орлогыг эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэхэд түлхүү ашиглах хэрэгтэй  болж байна.

Мэргэжилтэй ажилчин бэлтгэх, давтан сургах, мэргэжлийн ур чадвар ахиулах сургалтын нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, агуулгын хувьд шинэчлэх гэх мэт тулгамдсан асуудлууд байна. Яамны зүгээс цалингийн шинэчлэл хийх судлаачдын баг гаргаад ажиллаж байна. Энэ оны 2 дугаар сарын сүүлээр тайлангаа гаргана.

-Манай нийт хүн амын 20 гаруй хувийг 25-30 насны залуучууд эзэпдэг гэх юм билээ. Эдгээр залуучууд гэр бүлийн амьдралаа зохиох гэхээр тэдэнд хуримтлал алга, бас нэг дор байрны урьдчилгаа төлчих мөнгөтэй болох өндөр цалин алга. Тэднийг дэмжсэн бодлого үгүйлэгдэж байна.

Шинээр гэр бүл болж буй залуу гэр бүлийн амьдралд орон байрны асуудал хамгийн чухал ач холбогдолтой. Өнөөгийн гэр бүлийн хэрэгцээ, шаардлага өрх гэрийн, түүний дотор шинээр гэрлэгчид, залуу гэр бүлийн орон байр, амьдрах дэд бүтцийг бий болгох асуудал орхигдож байна. Сүүлийн үед Засгийн газраас “40000 айлын орон сууц”, “100000 айлын орон сууц” зэрэг хөтөлбөрүүд хэрэгжиж, төвлөрсөн төв суурин газруудын орон сууцны хэрэгцээг хангахад зохих хэмжээгээр хувь нэмэр оруулж байгаа. Гэвч орчин үеийн орон сууцны үнэ өртөг нь дундаж орлоготой өрхийн худалдан авах чадвараас ч давж байна. Орон сууц худалдан авах чадваргүй шинээр гэрлэгчид эсвэл аав ээжтэйгээ хамт амьдрах, эсвэл аль нэг нь хямд төсөр өртөг бүхий гэр болон ердийн галлагаатай сууцанд шилжихэд хүрч байгаа юм. Өөрөөр хэлбэл, дундажаас доош болон бага орлоготой хэсэгт зориулсан хямд төсөр, тансаг бус боловч тохь тухтай орон сууцны хөтөлбөр бидэнд үгүйлэгдэж байна. Засгийн газар энэ оноос хэрэгжүүлж эхлэхээр болсон “Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд шинээр гэрлэгчид, залуу гэр бүл зэрэг орон сууц худалдан авах чадамжгүй хэсэгт зориулж, түрээсийн орон сууц барих, гэр хорооллын орон сууцны нөхцөлийг сайжруулах, иргэд орон нутгийн материал ашиглан өөрсдөө хувь нэмрээ оруулах хэлбэрээр “ажлын байр-амьдрах орчин”-оо бий болгох төртэйгөө харилцан туслалцах замаар орон байр барих, амьдрах нөхцөлөө сайжруулах санал санаачлагыг дэмжих зэрэг үйл ажиллагаа эхлүүлэхийг зорьж байна.  

-Өнгөрсөн оны салбарынхаа ажлыг та цөөн үгээр дүгнэж хэлнэ үү. Тухайлбал, амжилттай сайн ажилласан төсөл хөтөлбөр…?
2010 онд нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбар ачаалалтай, амсхийх завгүй ажилтай жил болж өнгөрлөө. “Хүний хөгжил сан”-аас иргэдэд хүргэх хувь хишгийг орон даяар зохион байгуулах ажил хийгдлээ. 800 гаруй ахмад дайчидаа орон сууцтай болгох асуудлыг БХЯ, ЗТБХБЯ-уудтай хамтран шийдлээ. Бүх аймагт хөдөлмөрийн бага чуулганыг зохион байгууллаа. Улаанбаатар хотод улсын хэмжээний хөдөлмөрийн чуулган хийлээ, гэр бүлийн хөгжлийн асуудал, тэтгэврийн шинэчлэлийн асуудлаарх онол практикийн бага хурлуудыг зохион байгууллаа. Орон даяар “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр” төслийг эхлүүлж судалгаа, аргачлал гаргаж, хүнсний нэмэлт талон түгээх ажлыг хэрэгжүүллээ. Оюутны болон малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд явагдлаа. Насжилтыг угтсан стратеги батлуулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тогтоол гаргууллаа. Халамжийн шинэчлэлийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж, гэр оронгүй олон жил орц хонгилоор амьдарсан хүүхдүүдийг нийгэмшүүлэх төсөл хэрэгжүүлсэн гээд яам болоод салбарын ажилтнууд маань өнгөрсөн онд хэлэх үгтэй хийсэн ажилтай амсхийх цаг завгүй л ажилласан байна.

-Дандаа бүтэмжтэй байдаг ажил гэж байдаггүй шүү дээ. Таны хувьд энийг л хийчвэл сайхан болчих гээд, тэгсэн хэрнээ бүтэж өгдөггүй ямар ажлууд байдаг вэ?
Хүслээр болдог бол бүтэц тогтолцооны өөрчлөлтийг хугацаа алдалгүй оновчтой хийж чадвал олон асуудал эзгүйдэх, эсвэл давхардах, эдийн засгийн үр дүнгүй болох зүйл багасах юм даа гэж боддог.

Оновчтой тогтолцоо, сайн засаглалын хүрээнд л ажил урагшилна шүү дээ. Түүнээс бус нэг асуудал дөрвөн өөр салбарт хуваагдчихаар зарим ажил зүтгээд зүтгээд үр дүн гарахгүй байх нь тодорхой шүү дээ. Гэр бүл хүний хөгжлийн тухай их ярьдаг боловч шууд хэрэгжүүлэх нэгж бүтэц тогтолцоо байхгүй байна. Иймээс асуудалд тулгуурласан бүтэцээ оновчтой болгочих юмсан…гэгчлэн асуудлууд байна даа.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

                                   Ярилцсан З.Боргилмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж