Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийг дэмжив

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдрийн хуралдаанаараа Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төслийг авч хэлэлцээд олонхиороо дэмжжээ. Энэхүү хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга танилцуулсан байна. Хуулийн төсөл нь нууцын зэрэглэлд хамаарч буй тул мэдээлэл хийх бололцоогүй аж. Харин хоёр дахь асуудал Хөгжлийн банк байгуулах тухай,  холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд мөн дэмжжээ. Хөгжлийн банкаар дамжуулан том, том хөрөнгө оруулалт, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл тул дэмжих ёстой гэж үзсэн юм байна. Харин Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн талаар бүлгийн санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн танилцуулгыг авч хэлэлцээд хойшлуулжээ. Бүлгийн гишүүдийн хувьд, төрийн болон нийтийн албанд ажиллагсад нь жил бүр хувийн сонирхлын мэдүүлгээ гаргадаг болно. Хувийн сонирхлын мэдүүлгийн загварыг эхний ээлжинд гаргах шаардлагатай. Дараа нь хувийн сонирхлын зөрчлийн мэдүүлгээ гишүүд гаргаад үзье. Мэдүүлгийг бөглөхөд ойлгомжгүй ямар асуудлууд гарах нь, түүнийг тодруулъя, гүйцээж боловсруулах шаардлагатай ямар асуудал байна, түүнийг тодотгоё,  дараа нь ажлын хэсгийн дүгнэлтийг эцэслэн боловсруулъя гэж үзжээ.
Бүлгийн дарга Ч.Сайханбилэгээс сэтгүүлчид дараах асуултад хариулт авлаа.

-Сонирхлын зөрчлийг зохицуулах хуулийн төсөлд УИХ-ын гишүүн нь хувийн сонирхлын зөрчлийн мэдүүлгээ УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гаргаж өгөхөөр тусгасан. Гэтэл УИХ-ын гишүүн хэрнээ сайдын албыг давхар хашдаг бол сонирхлын зөрчлийн мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж өгнө. УИХ-ын гишүүдийн сонирхлын зөрчлийн мэдүүлгийг хянах тогтолцоо суларчих юм биш үү. Бүлэг дээрх асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Яг энэ асуудлыг гишүүд хөндсөн. Яагаад гэвэл хууль энэ байдлаараа батлагдах юм бол УИХ-ын гишүүдийн хувийн сонирхлын зөрчлийн мэдүүлэг нь УИХ-ын Ёс зүйн хороонд хадгалагдана. Шаардлагатай гэж үзвэл тус хорооноос олон нийтэд мэдээлж байхаар зохицуулалт тусгасан байгаа. Энэ нь хэр зөв бэ. Хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт жил бүр гаргаж өгдөг. Түүний нэгэн адил УИХ-ын гишүүн нь хувийн сонирхлын зөрчлийн мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт мэдүүлдэг болох нь зүйтэй юм биш үү гэдэг саналыг олон гишүүн тавьсан. Тиймээс энэ мэт зохицуулалтыг эргээд харъя,саяных шиг заалтуудыг нарийвчилж үзэх шаардлага бас байна гэж үзэн, тухайн хуулийн төсөл, ажлын хэсгийн дүгнэлтийг түр хойшлуулсан, дараагийн хуралдаанаар авч хэлэлцэнэ.

-Үндсэн хуулийн цэцийн гишүүдээс дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа. Энэ асуудлыг хэзээ авч хэлэлцэх вэ?  
-Нэгдүгээр сарын 13-20-ны хооронд Үндсэн хуулийн цэцийн дөрвөн ч гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусна. Хуулийн дагуу нэр санал болгох субьектуудын зүгээс саналаа оруулж ирнэ, тэр цагт бүлэг нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэх субьект нээгдэнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж