Тендер будлиантуулсан бол 20 саяар торгуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Тендер будлиантуулсан бол 20 саяар торгуулна

Улсын төсвөөр бараа үйлчилгээ худалдан авах хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсууриас тодрууллаа.

-Улсын төсвөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулна гэсэн. Энэ талаараа тодруулна уу?
-Улсын төсвөөр бараа үйлчилгээ худалдан авах буюу тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар бид ажилласан. Энэ нь юутай холбоотой гэхээр өнөөдөр Монгол Улсад үйлчилж байгаа хуулийн дагуу тендерт будлиан үүсгэсэн улсуудад 100-аас 200 мянган төгрөгийн торгууль ногдуулж байгаа. Торгуулийн хэмжээ хэтэрхий бага байна. Тиймээс тендерийн будилаан Монгол Улсад их гарч байна. Тендерийн будлианы асуудлыг дагаад авилга хээл хахууль их газар авч байна гэсэн үүднээс асуудлыг шийдвэрлэхээр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Сэдваанчиг, Г.Баярсайхан нарын зургаан хүн хамтран өргөн барилаа.

Хуулийн гол агуулга нь тендерийн будилуулсан, зохион байгуулсан улсуудад хүлээлгэх хариуцлага өндөрсөж байгаа. Нэгдүгээрт торгуулийн хэмжээ өндөр болж байгаа. Торгуулийн арга хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-аас 200 дахин өндөр болгосон. Энэ нь үндсэндээ 10-20 сая төгрөгийн торгууль ногдуулах болж байна гэсэн үг. Мөн гурваас зургаан сар хүртэл хорих ялаар шийтгэх тухай тусгасан байгаа. Цаашлаад эрүүгийн хэргийн чанартай байвал, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан бол таван жил хорих ялаар шийтгэдэг байх заалтыг Эрүүгийн хуульд оруулахаар хуулийн төсөл боловсруулж өргөн барьсан.

-Энэ хуулийн төслийг гишүүд өөрсдөө гардаж санаачилсан уу, эсвэл мэргэжлийн хүмүүс, байгууллагуудаас санал авсан уу?
-Ерөнхийдөө бол хүн болгон л мэдэж байгаа шүү дээ. Монголд тендерийн будилаан хэт их хавтгайрсан. Энэ төрлийн хэрэг хийсэн хүнд хариуцлага хүлээлгэх тогтолцоо байхгүй. Зөвхөн л 100-200 мянган төгрөгөөр торгодог ийм л хуулийн заалттай. Тэгэхээр энэ мэт асуудал нь тендерийн будлианыг газар авахуулахад ихээхэн нөлөөлж байна гэж бид өөрсдөө дүгнээд, иргэд сонгогчдынхоо ирүүлсэн санал  хүсэлтэд үндэслээд энэ хуулийн төслийг өргөн барьж байгаа юм.

Б.АЛТАНСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж