Асгатын ордыг хөдөлгөөн оруулна

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Асгатын ордыг хөдөлгөөн оруулна

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Батлан хамгаалахын сайд Л.Болдоор ахлуулсан УИХ-ын ажлын хэсгийнхэн Баян-Өлгий аймагт ажиллалаа. Уг ажлын хэсгийнхэн урд өмнө байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан байна. УИХ-ын гишүүн А.Тлейхан, Х.Жекей, З.Энхболд, Р.Амаржаргал,  Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт болон Батлан хамгаалах яамны генерал, захирагчид айлчлалын бүрэлдэхүүнд багтсан аж.

Айлчлалын хүрээнд Баян-Өлгий аймагт шинээр байгуулагдаж буй Барилгын цэргийн 340-р ангид байлдааны туг гардуулах, Баян-Өлгий аймаг дахь цэргийн ангиудын үйл ажиллагаатай танилцах ажлуудыг хийсэн бөгөөд аймгийн төв, Цагааннуур тосгон, сумдын ард иргэдтэй уулзалт хийлээ. Баян-Өлгий аймагт ажилгүйдэл голлох асуудал болсон бөгөөд 6000 гаруй иргэд тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа аж. Иргэдийн  зүгээс ажлын байр бий болгох, хөгжлийн бодлого үгүйлэгдэж байгааг сануулав. Түүнчлэн иргэд, урьд өмнө нь ирж байгаагүй өргөн бүрэлдэхүүнээр хүрэлцэн ирж, олон жил гацаанд байсан асуудлыг зоригтойгоор барьж авч байгаад талархал илэрхийлсэн байна.

Энэ үеэр Ажлын хэсгийн гишүүдээс айлчлалын зорилго, ач холбогдлын талаар тодруулсан юм.

Л.БОЛД: ТҮГЖЭЭТЭЙ БАЙСАН ОЛОН АСУУДЛЫГ БАРЬЖ АВЛАА

-Баян-Өлгий аймагт хийсэн айлчлалын зорилго, ач холбогдол юу вэ?

-Улсын Их хурлын энэ жилийн эхний орон нутгийн айлчлал Баян-Өлгий аймгаас эхэлж байна. Хоёр байнгын хорооны хамтарсан шийдвэрээр энэхүү ажлын хэсэг байгуулагдан хоёр жил гаруйн хугацаанд ажиллаж байна. Энэхүү ажлын хэсэг аюулгүй байдал, хил хамгаалал, батлан хамгаалах, цэрэг хүчний хөгжлийн асуудлаар олон чиглэлийн санал боловсруулан маш үр дүнтэй ажиллаж байна.

Олон сайхан ой тохиосон энэхүү жилийн ажлыг баруун хязгаар, Баян-Өлгий аймгаасаа эхэлж байна. Хоёр хөрш оронтой хил залгаа энэ бүс нутгаас эхэлж байгаа нь ч учиртай. Энэ томилолтын үр дүн Монголын баруун хязгаарыг хөгжүүлэх,  баруун зүгийн аймгуудыг хөгжүүлэх, Монголын хөгжлийн нэгэн чухал түлхүүр, зүтгүүр болгох боломжийг судлах тодорхой санал санаачлагууд гаргаж байна.

-Асгатын мөнгөний ордыг ашиглах талаар нутгийн иргэд голлон анхаарал хандуулж байна. Энэ орд Баян-Өлгийг хөгжүүлэх зүтгүүр мөн үү. Хэзээнээс ашиглах вэ?

Асгатын мөнгөний ордыг ашиглах ажлыг ярианы хэмжээнд байлгасаар хүмүүсийг дөжрөөсөн байна. Энэ ордыг эргэлтэд оруулчихвал зөвхөн аймаг, бүс нутаг төдийгүй Монгол улсын хөгжилд ихээхэн ахиц гаргах бололцоо бий. Энэ бол хөгжил авчрах барьцтай гол баялаг. Бүхэл бүтэн орд газар байж байна. Уг нь биднээс өөрсдөөс шалтгаалах хэдхэн асуудал бий. Үүнийг шийдвэрлэх, ажил хэрэг болгох санал санаачилга ойрын үед гаргаж, хэрэгжүүлэх болно.

-Баян-Өлгий аймагт барилгын цэргийн ангийг байгуулах шаардлага юу вэ?

Өнөөдөр бүс нутгийн хөгжлийг ярихдаа Монгол Улсын хөгжлийг байнга уялдуулан харж байх учиртай. Монгол улс бүтээн байгуулалтын үед шилжиж байна. Зэвсэгт хүчин энэхүү шаардлагад нийцэж байх ёстой.  Иймд шинээр байгуулагдаж буй ангиуд барилга, бүтээн байгуулалтын ангиуд байх бодлогыг Засгийн газраас хийж байгаа. Алба хааж байхдаа ч, алба хаагаад дууссаны дараа ч бүтээн байгуулалтад оролцох, ажлын байраар хангагдаад амьдралаа аваад явах боломжтой болгох зэвсэгт хүчний бодлогыг хэрэгжүүлж байна. 

-Аймгийн иргэдтэй уулзах үеэр Баян-Өлгийчүүд ямар асуудлыг голлон тавьж байна?

Иргэд өнөөдөр хөгжлөө түргэтгэе, ажилгүйдлийг бууруулах, ажлын байр бий болгох, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг тавилаа. Шилжилтийн үеийн эдгээр гол асуудлууд одоо ч хэвээрээ байна. Гэхдээ иргэдийн зовхи өөдөө байна. Үнэхээр тэдний нүдэнд итгэлийн оч гэрэлтэж байна.

Яагаад гэвэл бид анх удаа Монголын түүхэнд гацаатай, түгжээтэй байсан асуудлыг барьж аваад шийдвэрлэх, хөгжлийн гарцуудыг хайх саналууд хийж байгаад учир бий. Дээр нь Монголын төр иргэдийнхээ итгэлийг алдахгүй байж шийдэх ёстой асуудлыг хийж, иргэдийн амьдралд хувьсгал хийх шаардлагатай байгаа нь харагдаж байлаа.

-Баян-Өлгий аймаг татаас авдгаас, татвар төлөгч аймаг болоход хэр хугацаа байгаа гэж харж байна вэ?

Миний бодлоор ойрын гурван жилд, бүрэн шийдэгдэх, хөгжлийн түлхүүр болсон аймаг болох боломж харагдаж байна.

З.ЭНХБОЛД: АСГАТЫН МӨНГӨНИЙ ОРДЫГ АШИГЛАХ БОЛОМЖИЙН ТАЛААР СУДАЛЖ БАЙНА

УИХ-ын таван гишүүн,  Засгийн газрын хоёр сайд, хил хамгаалах чиглэлийн зургаан генералтайгаа Баян-Өлгий аймагт өндөр ач холбогдол өгч ажиллалаа.  Мэдээж гишүүд аливаа асуудлыг шийдэхийн тулд газар дээр нь очиж ажиллах хэрэгтэй. Энэ ажил бол хоёр гаруй жилийн өмнөөс төлөвлөгдсөн байсан. Өмнө нь бид зүүн зүгийн аймгууд руу явж ажилласан. Харин энэ удаад баруун зүгийн аймгууд руу ирж ажиллаж байна. Манай ажлын хэсгийн зорилго зөвхөн цэргийн анги, хилийн заставын тухай биш. Жишээлбэл, Говь-Алтайд ажиллахдаа Саян нуурын төмрийн хүдрийн ордыг судалсан бол, одоо Баян-Өлгийд Асгатын мөнгөний ордыг ашиглах боломжийн талаар судалж байна.

Д.ЗОРИГТ: БОГИНО ХУГАЦААНД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ОЛОХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА

Сүүлийн хоёр жилд улс орны хэмжээний томоохон орд газруудыг ашиглах талаар анхаарч байсан. Харин одоо орон нутаг, бүс нутгийн дэд бүтцийн хөгжлийг түргэтгэх орд газруудыг анхааралдаа авах бодлоготой байна. Асгатын орд газрын асуудал бидний анхаарлын төвд байна. Оросын төр засгийн тэргүүнүүд Монголд айлчлах үеэр, мөн Орост Засгийн газрын тэргүүн айлчлах үеэрээ энэ асуудлыг хөндсөн. Засгийн газрын зүгээс аль болох богино хугацаанд хөрөнгө оруулагч олохын төлөө ажиллана. Ер нь баруун аймгууд, Баян-Өлгийн хөгжлийг түргэтгэхэд яам, Засгийн газраас анхаарал хандуулах болно.

А.ТЛЕЙХАН: БҮСИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДАХИН ӨРГӨН БАРИНА

Орон нутагт хийх энэ ажлын зорилго нь Баян-өлгий аймгийн тулгамдсан асуудлуудыг газар дээр нь үзэн шийдвэрлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход чухал нөлөөтэй.  Аймгийн тулгамдсан асуудал бол ажилгүйдэл. Ажилгүйдлийг багасгах чиглэлээр Баян-Өлгий аймагт байгуулагдсан Барилгын цэргийн ангийн ангид барилгын мэргэжилтэн бэлтгэх, аймгийн томоохон ордыг ашиглах замаар ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр асуудлыг шийдэх боломжуудыг харж байна.

Нөгөө талаас баруун бүсийн алслагдсан аймгуудад байх асуудал бол бүсийн нэмэгдлийг шийдвэрлүүлэх тухай. Бүсийн нэмэгдэл олгох асуудалд ач холбогдол өгөн, газар дээр нь ямар асуудал байгааг үзсэнээр гишүүдээс өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд саналууд тусгах боломжтой болно. “Мянга сонсохоор нэг үз” бий. Үүний адил бид газар дээр нь асуудлуудтай танилцлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж