Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнөөдөр  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Юи Хунг Яог бүрэн эрхийн хугацаа дуусаж, эх орондоо буцах гэж  байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Ноён Элчин сайд УИХ-ын даргыг цаг зав гарган, хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, Монгол улсад элчин сайдаар ажилласан гурван жилийн хугацаанд хоёр орны харилцаа бүх чиглэлээр өргөжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.Түүнчлэн хэдхэн хоногийн дараа тус улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга тэргүүтэй төлөөлөгчид Ази Номхон Далайн орнуудын парламентчдын чуулганд оролцох гэж байна. Парламентын түвшинд төдийгүй хоёр улсын хамтын ажиллагааны бүхий л хүрээнд томоохон амжилт гарна гэдэгт найдаж байгаагаа онцоллоо. Мөн хоёр орны гадаад харилцааны байгууллагуудын хооронд энэ онд хоёр талын өндөр хэмжээний харилцан айлчлалуудыг хийхээр төлөвлөж байна. Гурван жилийн турш Монгол улсын үзэсгэлэнт байгаль болон найрсаг ард түмний зан заншил надад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн юм. Намайг элчин сайдаар ажиллаж байх хугацаанд  чин сэтгэлээр туслан дэмжиж ажилласан УИХ-ын дарга болон бусад албаны  хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлмээр байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар хоёр улсын бүх салбарын харилцаанд улам шинэ ахиц гаргахыг хүсч байна гэлээ.

 Уулзалтын үеэр УИХ-ын  дарга " Ноён элчин сайд таныг манай оронд гурван жил ажиллахдаа үр бүтээлтэй ажилласан гэж боддог. Монгол Хятадын харилцааг та стратегийн түншлэлийн харилцаанд хүргэлээ. Энэ бол томоохон агуулгатай, ирээдүйтэй алхам гэж үздэг. Манай хоёр орны эдийн засаг, худалдаа, соёл,  боловсрол гээд бүх талын хамтын ажиллагаа урагшаа ахисан нь таны ажилласан хугацааны үр дүнтэй холбоотой бөгөөд хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд та их анхаарал тавин ажилласан. Танай сайхан оронд айлчилсан нь сэтгэлд  хадгалагдан үлдсэн  төдийгүй хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд ӨМӨЗО-ны болон Шинжаан Уйгарын Өөртөө Засах орны парламент хооронд хамтран ажиллах боломжийг та олгосон. Тиймд Парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд таны оруулсан хувь нэмрийг мартахгүй. Мөн хоёр орны харилцаа хурдтай хөгжих явцад зарим бэрхшээлтэй асуудлууд гарч байсан ч  цаашид бидний хамтын ажиллагааны том бодлогын хүрээнд эдгээр бэрхшээлүүд  бүрэн шийдвэрлэгдэх боломжтой гэж үзэж байна. Ази Номхон далайн бүс нутгийн парламентчдын хуралд томоохон бүрэлдхүүнтэй төлөөлөгчдөө ирүүлэх болсныг таниас сонссондоо баяртай байна. Төлөөлөгчдийг хүлээн авч уулзах болно. Манай оронд элчин сайдаар ажилласан хүний хувьд таныг цаашид Монголын талаар  БНХАУ-ын Засгийн газарт ихээхэн зөв ойлголт өгч, нааштай  нөлөө үзүүлэн ажиллана гэдэгт найдаж байна. Цаашдын ажилд амжилт хүсье’’ гэлээ. Харин ноён элчин сайд хариу талархал илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрээ цаашид ч оруулсаар байх болно гэдгээ онцлон тэмдэглэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж