Утаатай тэмцэхэд саад учруулагсдыг торгоно

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Утаатай тэмцэхэд саад учруулагсдыг торгоно

Монгол Улсын Ерөнхийлөгч “Агаарын бохирдлыг бууруулах хууль” гаргах эрх зүйн орчин бүрдсэн гэж үзлээ. Өнгөрөгч пүрэв, баасан гаригт хотын утааны байдал, түүнийг багасгах арга замын талаар хийж буй ажлуудтай биечлэн танилцсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Үндэсний аюулгүйн зөвлөлийг хуралдуулж тодорхой асуудлуудыг шийдэхээр ярилцсаны нэг нь дээрх хууль. Утааг багасгах болон нэмэгдүүлэхэд нөлөөлж буй  үйл ажиллагаатай холбоотой  хүмүүст хүлээлгэх хариуцлагыг маш тодорхой болгох, гэр хороололд барьж буй гэр, байшинд стандарт тогтоож, мөрдүүлэх, стандартыг мөрдсөн нөхцөлд цахилгааны төлбөрийг тодорхой хэмжээгээр бууруулах зэрэг заалтуудыг хуульд тусгах юм байна.

Хотын утаа бүх нийтийн анхаарлыг татаж байна
 
Ерөнхийлөгчийг хотын утааны байдалтай танилцахад НИТХ-ын дарга Т.Билэгт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр нар байлцаж өнөөгийн нөхцөл байдлыг харуулсан.

Зөвхөн хотын хэдэн удирдлагын ажил мэт үздэг байсан энэ асуудалд төр, засгийн тэргүүнээс эхлээд иргэд хүртэл анхаарал тавих боллоо. Хотын утааг багасгахад бага ч гэсэн нэмэр болох гэсэндээ шинэ технологи санаачилан гэртээ хэрэглэж байгаа иргэн, дан ганц цахилгаанаар халаалт, ахуйнхаа бүх хэрэглээг зохицуулж байгаа айл байхад  хог хаягдал түлж агаар бохирдуулж байгаагаа байх л ёстой мэт үзэх  өрх ч тааралдсан. Хотын хоёр дарга Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Г.Алтангэрэл, Н.Батчулуун нарынхаар зочилсон. Алтангэрэл гуай тэтгэвэртэй гарсан ч мундаг инженерийн сэтгэлгээ гаргажээ. Ханан пийшингээ нурааж жижигхэн болгосон тэрбээр пийшин дотроо давхар цахилгаан халаагуур тавьжээ. Эднийх өдөртөө 3 кг орчим нүүрс түлдэг бол сардаа цахилгаанд 20-иад мянган төгрөг төлдөг гэнэ. Харин Н.Батчулууных бүх хэрэглээгээ цахилгаанаар хангадаг. Дулаанаа хадгалах герман технологийг хэрэглэдэг. “Мөнхөө дарга маань  олон том ажлыг санаачилан хийж байгаад  бид баярлаж байгаа. Өдөр бүр л таны хийж байгаа сайн сайн ажлыг телевизээр харж байна. Тийм болохоор хэдийгээр  өөрсдийнхөө төлөө хийж байгаа ч гэсэн энэ сонголт маань таны ажлыг дэмжиж байгаагийн нэг хэлбэр шүү“ хэмээн гэрийн эзэн хотын даргад хэлсэн.

-Иргэд маань бидний ажлыг ойлгож дэмжиж байгаад талархаж байдаг. Хот иргэдийнхээ оролцоотой л хөгжинө. Таны санаачилга бага биш шүү хэмээн өгүүлсэн хотын мээр Ерөнхийлөгч хотын утааны талаар ийнхүү анхаарал тавьж байгаа нь бидэнд хэцүү асуудлаа шийдэхэд онцгой их ач холбогдлоо өгнөө гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж