Sprite D лигийн аварга тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Sprite D лигийн аварга тодорлоо

Сонирхогчдын сагсан бөмбөгийн TLG-13 Төрийн бус байгууллага, MCS Coca-Cola компанитай хамтран зохион байгуулдаг Sprite D лиг буюу Хөгжлийн лигийн аваргууд тодорлоо. Аваргын төлөө өрсөлдөхөөр Цагдаагийн академи болон УБДС-ийн багууд шалгараад байсан бөгөөд финалын шатны сүүлийн тоглолт өчигдөр Яармагийн дэнж дээрх Спортын шинэ ордонд болж, Цагдаагийн академийн баг 97:73 харьцаатай хожсоноор цувралын харьцааг 2-1 болгож, Sprite D лигийн аваргаар тодорчээ. Хоёр багийн эхний тоглолт өнгөрөгч пүрэв гаригт болж, УБДС-ийн баг 67:66 харьцаатай хожсон бөгөөд бямба гаригт болсон хоёр дахь тоглолтод Цагдаагийн академийн баг 77:76 харьцаагаар хожсоноор хоёр багийн хожлын харьцаа 1-1 болсон байна. Спортын шинэ ордонд болсон сагсан бөмбөгийн спортын анхны тоглолт нь энэ байсан бөгөөд өчигдрийн тоглолт энэ удаагийн Sprite D лигийн аваргыг тодруулах шийдвэрлэх тоглолт байсан юм. Улмаар Цагдаагийн академийн баг өрсөлдөгчөө төвөггүй буулган авч хоёр дахь жилдээ зохион байгуулсан Sprite D лигийн аварга болжээ. Харин өнгөрсөн жил “Отгонтэнгэр” их сургуулийн баг түрүүлж байлаа. Сонирхуулахад, энэ жилийн финалын тоглолтын MVP буюу үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг Цагдаагийн академийн багийн тоглогч н.Баянбат хүртсэн байна. Түүнчлэн бэлгэдлийн шигшээ буюу гарааны шилдэг таван тоглогчоор н.Наранболд /GemNet LLC/, н.Өсөхбаяр /New Arena/, н.Галбадрах /Өмнөговь/, н.Зоригт /УБДС/, н.Алтангэрэл /Хархорин чацарганууд/ нар тодорсон байна.

Энэ удаагийн Спрайт хөгжлийн лигийн тэмцээн аравдугаар сарын 30-нд эхэлж, 32 баг өрсөлдсөн. Улмаар шалгарсан найман баг энэ сарын 28-нд эхлэх Sprite супер лигт өрсөлдөх эрхтэй болсон юм. Тэдгээр найман баг нь Цагдаагийн академи, УБДС, New Arena, Эрдэнэдрийлинг, Суруга Монгол, Хархорин Чацарганууд, Голден гэр болон Шинэ Монгол багууд ажээ.

Sprite супер лигийн тухайд энэ сарын 28-нд Спортын төв ордонд эхэлж, тоглолтууд СТО-оос гадна Спортын шинэ ордонд болох юм. Өмнөх 16 баг дээр Хөгжлийн лигийн найман баг нэмэгдэж, нийт эрэгтэй 24 баг, мөн эмэгтэй зургаан баг Sprite А лиг буюу супер лигт өрсөлдөнө. Сонирхуулахад, энэ удаагийн супер лигт NCAA болон Германы лигт тоглож байсан АНУ-ын Александр Девон гэгч хар арьст тоглогч оролцохоор болсон байна. Мөн “Хасын хүлгүүд”-д хүчин зүтгэж байсан Данди хочит Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй Сэнгүр лигт тоглож байсан 20 гаруй тоглогч энэ жил Спрайт А лигт тоглохоор болжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж