Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Нэг л өөр маргааш

Ажил руу гаа яарч явна. Ажлын цаг болох гээд л. Аз жаргалтай хүн өглөө ажил руугаа, орой гэр лүүгээ яардаг гэдэг. Би л лав өглөө  яардаг хүмүүсийн нэг ээ. Тоолдог хэдээс маань хасдаг болохоор ингэтлээ  яардаг уу  эсвэл аз жаргалтайдаа юу гэдгээ сайн хэлж мэдэхгүй л байна.

Гэртээ ирэхийг минь  хүлээж байсан нь нүднээс нь л мэдэгддэг хүү, хань хоёр луугаа бол үнэн сэтгэлээсээ яардаг аа.  Тэр үед утаатай Улаанбаатарын  замын түгжрэл бүр ч ихэссэн мэт санагддаг. Ажлын  хамаг алжаалыг хоромхон зуурт тайлах ид шидтэй газар бол гэр бүл маань юм даа. Олон хүмүүсийн хувьд ийм л байдаг байх. Гэр бүлийнхээ хомсхон төсөвт баригдан амьдардагч манайхан үүнийгээ асуудал гэж боддоггүй.  Маргаашийн хоол, бензиний мөнгө, байрны түрээс гээд өдөр тутмын хэрэгцээ их. Хэдий ийм ч  бид маргаашдаа итгэж амьдардаг шүү. Энэ бүхэн түр зуурынх гэдэгт бид итгэдэг.

Бид нэг л өөр маргаашийг хүлээдэг. Маргааш нэг л өөр болно гэж боддог. Авдаг цалин  амьдралд хүрдэг, утаатай Улаанбаатар  хот шиг болж, миний жаахан үр эрүүл саруул   орчинд амьдрана, хүмүүс хэзээд  зодолдоход бэлэн биш харин бие биеэн лүүгээ инээмсэглэдэг болно гэж итгэдэг шүү. Улс орон маань ч яг л манай гэр бүл шиг өөрчлөлт шинэчлэлийг , нэг л өөр маргаашийг хүлээн байгаа гэж боддог.  

Нээрэн “Нэг л өөр  маргааш” гэдэг цомог гарсан байна лээ. Сонсч үзнэ ээ. Яг л миний мөрөөдөл шиг нэртэй. Нэг л өөр маргааш.

Л.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж