Зураачид аяллын үр дүнгээ тайлагнав

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Зураачид аяллын үр дүнгээ тайлагнав

Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд энэ оны анхны үзэсгэлэн нээлтээ хийсэн билээ. Тус хорооны гишүүн уран бүтээлчдийн өнгөрсөн зуны Монгол орны байгалийн сайхныг дэлгэн харуулсан “Дөрвөн зүг, найман зовхист” үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлчийн 100 шахам бүтээлийг дэлгэсэн юм. Та эндээс Монгол орны байгалийн сайхныг тольдон харж болно. Талд хэрхэн өглөөний нар мандаж, хангайд хэрхэн жаргаж, уулс үүлсийн завсар үзэсгэлэнт газрууд өнгө сүлбэн оршин байгааг  энэхүү үзэсгэлэнг зорин ирж сонирхоорой. Үзэсгэлэн энэ сарын 20-ныг дуустал үргэлжилнэ. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр МУЭ-ийн хорооны гишүүн зураач Ц.Болдбаатартай уулзлаа.

-Өнөөдрийн үзэсгэлэнгийн талаар сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Өнөөдөр сайхан байна. Манай уран бүтээлчид зун явсан ажлынхаа үр бүтээлийг дэлгэн харууллаа.

-Та аль багт орж аялсан бэ?

-Би яг тэр үед бие даасан үзэсгэлэнгээ гаргаад явж амжаагүй. Гэхдээ энэ үзэсгэлэнд миний гурван зураг тавигдсан.Би үзэсгэлэнгээ гаргаж дуусгаад Хар цастай яваад бас Тайгын хоёр ажлаа дэлгэлээ.

-Та энэ зун хөрөг зургуудаараа бие даасан үзэсгэлэнгээ гаргасан шүү дээ. Энэ жилийн төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

-Ажил бол өдөр бүхэн л байдаг юм чинь дээ. Хэлэх ганц дуртай үг байдаг юм. Михаильд нэг бодол бий гэж. Байнга л ажилтай байдаг даа. Аз байвал ирэх хоёр дугаар сар гаргаад Хөвсгөлийн Дархад явах санаа байна. Аз байхгүй бол будгаа зуураад л сууж байхаас. Дархдад очиж жаахан уран бүтээл хиймээр санагдаад байна.

-Ойрын үед үзэсгэлэнгийн төлөвлөгөө байгаа юу?

-2012 онд үзэсгэлэнгээ гаргана гэсэн бодол байна. Тэр болтол юмаа хийгээд зургаа цуглуулаад, худалдахгүй, хүнд өгөхгүй тэгээд л  байж байхаас. /инээв/

Өнгөрсөн жил МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Д.Бадамын зурсан “Цагаан суваргын зун” бүтээл нь  дэлхийн хамгийн алдартай гурван музейн нэг болох ОХУ-ын Санкт-Петербург хотод байрлах “Эрмитаж”-д тавигдсан юм. Түүнтэй  уулзан цөөн хором ярилцлаа.

-Манай урчуудын эвлэлийн хороо уран бүтээлчдэдээ судалбар зургаар дөрвөн зүг, найман зовхист явуулсан. Цаанаас нь бид нарт зардал мөнгийг нь өгөөд бүх зураачдыг тал тал тийш нь явуулсан. Би Өмнөговь аймаг руу яваад ирсэн. Тэгэхдээ бас замаараа хангайн нутгаар орсон. Ер нь их сайхан яваад ирсэн. Тэр хөдөө харсан үзсэн зүйлээрээ л уран бүтээлээ хийлээ.

-Монгол зургаар дагнаж зурдаг. Энэ удаад ямар бүтээлүүд дээр ажиллав?

-Энэ удаад аж байдлын сэдвээр голчлон бүтээлээ хийсэн. Одоогийн энэ Монголын амьдрал чинь ирээдүйд түүх болж үлдэнэ. Тийм учраас өнөөгийн хөдөөгийн хүмүүс хэрхэн амьдарч байна, ямар амьдралтай байна гэдгийг угсаатан зүйгээ судалж түүгээр уран бүтээлээ туурвидаг. 

-Энэ үзэсгэлэнд дэлгэгдсэн “Дэлгэр зун” бүтээлийнхээ талаа ярихгүй юу?

-Зуны хөдөөний амьдралыг энэхүү зурагтаа дүрсэлсэн. Ард түмний амар амгаланг байгаа бодит байдлыг л харуулсан.

-Та намар үзэсгэлэнд тавьсан “Цагаан суваргын зун” гэдэг зургаараа тэргүүн байрын шагнал авсан шүү дээ. Энэ аяллын дараа бүтээсэн бүтээл тань уу?

-Тийм ээ хөдөө явж ирснийхээ дараа тэр зургаа зурсан.

-Өнгөрсөн арван хоёрдугаар сард таны зураг ОХУ-ын “Эрмитаж”-д тавигдлаа гэсэн шүү дээ. Энэ талаараа сонирхуулаач?

-Намар үзэсгэлэнд тэргүүн байрт оронгуут Засгийн газрын ордны бэлэг дурсгал, гурван өндөрлөгийг хариуцсан хүмүүс миний зургийг сонирхоод надтай холбогдсон. “Цагаан суваргын зун” зургийг маань ерөнхий сайд Москва явахдаа авч яван "Эрмитаж"-д бэлэглэн хүндэтгэлийн дэвтэрт нь гарын үсгээ зурсан. Би ерөнхий сайддаа маш их баярлаж байгаа. Урлаг руу хандаж уран бүтээл рүү хандаж байна гэдэг чинь Монголын соёл урлаг хөгжлийн бас нэг илрэл шүү дээ.
-Энэ аяллаас хэдэн бүтээл туурвисан бэ?

-Би судалбар зургууд олон зурсан. Хоёр том бүтээл хийсэн нь “Цагаан зун”, “Дэлгэр зун” бүтээлүүд маань. Намраас хойш ажил ихтэй байлаа. Мөн монгол зураг өөрөө шаглаа ихтэй цаг хугацаа их орсон ажлууд байдаг. Ирэх жилийн өдийд бие даасан үзэсгэлэнгээ гаргана гээд төлөвлөгөө зохиочихсон байгаа. Энэ зун, намрын турш нилээд сайн суух гээд миний толгой дотор өшөө сайхан зургууд бодогдож л байна.  

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж