Ерөнхий сайд л биш бол намын дарга хэн ч биш

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд л биш бол намын дарга хэн ч биш

Д.Дэмбэрэлийн чуул­ганы­хан дахиад л дуул­гаваргүй загнах нь. УИХ-ын дарга эр­хэм гишүүдэд Сонгуулийн тухай хуулийн ши­нэ­чилсэн найруулгын төслийг намрын чуул­ганаар амжиж батлах үүргийг саяхан өг­сөн. Гэвч ашиг сонирхлын зөрчилдөө хэт ороо­цолдож, бие биенээсээ болгоомжилсон пар­ламентчид “Уучлаарай, уг төслийг намрын чуул­ган завсарлахаас өмнө баталж чадахгүй юм шиг байна” хэмээх хариултыг өгч байна. Тийм ээ, тэд амжихгүй ч байж магадгүй. Бас хобби нь хөдөлбөл тасхийтэл кноп дарж, YES, NO гэчих ч юухан байх вэ дээ. Тэгэ­хээр тэд бас амжуулж ч мэдэх юм шиг. Иймэр­хүү таамаглалыг дэвшүүлсэн олон нийт шинэчилсэн найруулгын төслийг “Батална, баталж амжихгүй” гэдэг дээр мөрийцөж байна. Харин гишүүд эргэлзэж байна. Ардын нам, Ардчилсан намын гишүүдийг энэхүү эргэлзээ тээнэгэлзэл аль хэдийнэ хоёр талцуулжээ.

26:50, 38:38. Улстөрчид ирэх сонгуулийн дүр зургийг иймэрхүү хувилбараар зөгнөөстэй. Эрт урьдын цагт гэдэгчлэн Ардын нам МАХН байхдаа буюу бүр тодруулбал МАХН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн онд 26:50 хэмээх ху­вил­бартайгаар сонгууль явуулахыг дэмжиж, парламент руу тийм бичигтэй цаас чулуудсан. Гэвч намынхаа даалгаврыг яг таг биелүүлдэг бүлгийнхэн нь тэсрэх бөмбөг тэврүүлчихсэн мэт айж бэмбэгнэсээр намрын чуулганы төгс­гөлтэй золгочихлоо. Бүтэлгүй гэдэг нь. Гэтэл тээр тэнд Ардчилсан намынхан тэрхүү 26:50 гэдэг тооноос нь айж болгоомжлоод сууж байх юм. Тэд эрх мэдэл, нэр хүнд, бас мөнгө гэдэг үгс хоёр тооны наана, цаана бичээстэй бай­хыг олж харчихаж л дээ. Гэвч Ардын на­мын Удирдах зөвлөл захиалсан хөгжмөө эг­шиглэхийг хүлээгээд байдаг. Тэхийн зогсоол гэдэг л ийм байдаг байх. Мөн их тэвчээр ээ!  

УИХ ёсчилбол УИХ-ын 2012 оны сон­гуулийг 26 буюу мажоритар, 50 буюу пропор­циональ хувилбараар явуулна. VIP буюу 26 хэмээх тусгай салаанд тухайн намын лидерүүд, чинээлэг давхаргынхан, олон нийтэд нэр хүнд­тэй хүмүүс багтана. 50. Энэхүү тоонд л хамаг учир байгаа юм. Ардын нам, Ардчилсан на­мын дарга нар чухам хэн нь хэн бэ гэдгээ үзэц­гээх учраас тэр. Аргагүй ээ. Тэд ирэх сон­гуулиар пропорциональ тойрогт нэр дэвшиж, нам, намынхаа 50 нэр дэвшигчийг ахлан багаа үнэмлэхүй ялуулах үүрэг хүлээнэ. Өөрөө бусдаас үнэмлэхүй олон санал авч, нэр дэвшигчийн хувьд бас ялалт байгуулах учиртай. Тэгж чадахгүй бол намын дарга байтугай, улстөрчийнхөө карьерыг хуга “өшиглүүлэх” аюултай юм. Учир нь мажоритар хувилбараар нэр дэвшиж өрсөлдсөн 26-аас хэн нэгэн нь “Би чамаас илүү санал авч ялалт байгуулсан. Гишүүнээсээ бага санал авдаг намын дарга ч гэж юу байх вэ. Суудлаа надад тавьж өг” гэж тулган шаардвал яах вэ.

Сонгуулийн тухай хуулийг дээрх ёсоор баталбал намын дарга нарт ийм аюул нүүрлэх нь гарцаагүй. Мөнөөх 26-д багтан ялалт байгуулсан заргач нэр дэвшигч тиймэрхүү шаардлага тавихыг эс тоолоо гэхэд удирдсан багаа ялуулж чадахгүй бол яах вэ. Сонгуулийн ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх намын даргад ийм эрсдэл бас учирна. Тэгвэл намын дарга нарын хувьд хүч тэнцвэргүй өрсөлдөөнд барьж орох гол зэвсэг нь юу байж таарах вэ. Мэдээж хэрэг, хурц тод өнгөтэй том фон. Тэрхүү фон бол Ерөнхий сайдын алба юм. УИХ-ын ээлжит сонгуулийг 26:50 гэсэн хувилбараар явуулсан тохиолдолд тухайн намын дарга нь Ерөнхий сайдын сэнтийгүй л бол олонд нэр хүндгүй, мөнгөгүйгээс ялгаа алга. Төрийн гурван өндөрлөгийн нэг, улс орны хувь заяа халаасанд нь багтдаг нэр нөлөөтэй албан тушаал учраас том, жижиг намын дарга нарт Ерөнхий сайдын албанаас өөр том фон үгүй мэт харагдаж байна. Ардын намын Удирдах зөвлөлийнхөн ч үүнийг хамгийн түрүүнд олж харсан учраас 26.50 хэмээх адын хувилбарыг зүт­гүүлж байгаа билээ. Харин 38:38 гэдэг ху­вилбарт нэг их ач холбогдол өгөхгүй байна.

Гэвч хэрхэхийг Д.Дэмбэрэлийн чуулганы­хан мэднэ. Тэдний ихэнх нь “Бид 2008 оны сон­гуульд томсгосон мажоритар тойрогт өрсөл­дөж ялалт байгуулсан. Тиймээс өмнөх хувил­бараараа 2012 оны сонгуулийг явуулсан нь дээр байх” гэж байна. Хоёр намынхан сон­гуу­лийг ямар хувилбараар явуулахаа шийдэж чадахгүй ийн ацаглаж байтал Монголын алдар­тай ч гэнэ үү, алдаатай ч гэв үү нэг тиймэрхүү Хувьсгалт нам байгуулагдлаа. Алдартай ч бай, ал­даатай ч бай, олон, цөөн гишүүнтэй байх нь ха­маагүй, тэд лав санал хувааж лай болно доо. 

С.БАТТУЛГА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж