Долоо хоногт 40 дуудлага ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Долоо хоногт 40 дуудлага ирүүлжээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн долоо хоногт  40 дуудлага иргэдээс ирүүлжээ. Үүнээс  гал түймрийн болон галын зөрчлийн 36, зам тээврийн ослын хоёр, цахилгаан шатанд хүн гацсан гэх нэг дуудлагатай байжээ. Зам тээврийн ослын дуудлагын тухайд суудлын автомашин, том оврын автобустай мөргөлдсөн хоёр удаагийн тохиолдол гарч ослын улмаас автомашинд хавчуулагдсан хоёр хүнийг аврах шуурхай тасгийнхан гаргаж, бэртсэн хоёр хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Тоосгоны үйлдвэрийн авто зам дээр “Тоyото I-di” суудлын автомашин, “Автобус-3” компанийн “Бэлх-Мишээл Экспо” чиглэлийн “Daewoo” загварын том оврын нийтийн тээврийн автобустай мөргөлдсөний улмаас 25 настай Б хавчуулагдсныг шуурхай бүлгийн аврагчид газар дээр тусламж үзүүлсэн байна. Мөн тус хорооны Дамбадаржаагийн эцсийн автобусны буудлын зам дээр “Rover” загварын суудлын автомашин, “Автобус-3” компанийн “Тоосгоны үйлдвэр-3,4 хороолол” чиглэлийн том оврын автобустай мөргөлдсөний улмаас 36 настай Н хавчуулагдсныг шуурхай бүлэг 105-ын тасгийнхан гаргаж, 27 настай Э, 32 настай А нар бэртсэн байсан тул эмнэлгийн анхны тусламж үзүүлэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд шилжүүлэн өгсөн байна.

Харин он гарснаас хойш өнөөдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд гал түймрийн аюулд бага насны хоёр хүүхэд, харин орон нутагт сургуулийн насны дөрвөн хүүхэд өртөж  амь насаа алдаад байна. Өнгөрсөн долоо хоногт гал сөнөөгчид галын аюулд өртөх өндөр эрсдэлтэй байсан хоёр хүүхдийн амийг аварсан байна.  
Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхдүүдээ харгалзах хүнтэй гэртээ үлдээх, хүүхдүүдээ гаднаас нь цоожилж явахгүй байх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс цогтой үнс нурмаа бүрэн унтрааж аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж