Катарын шигшээ шөвгийн наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Катарын шигшээ шөвгийн наймд шалгарлаа

Катар улсад үргэлжилж буй хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдрөөс эхэллээ. Бямба гаригт D хэсгийн хоёр дахь тоглолтууд болж, Ираны шигшээ баг Хойд Солонгосын шигшээг 1:0 харьцаатай хожсоноор зургаан оноотой болж, D хэсгээс дараагийн шатанд шалгарах нь тодорхой болсон бол өчигдөр А хэсгийн сүүлийн тоглолтууд болж, энэ хэсгээс шөвгийн наймд өрсөлдөх хоёр багийн нэр тодорлоо.

Зохион байгуулагч орон Катарын шигшээ баг өчигдрийн тоглолтод хэсгийнхээ сүүл мушгиж буй Кувейтийн шигшээг 3:0-ээр хожсоноор зургаан оноотой болж, хэсгийнхээ хоёрдугаар байрт бичигдсэн бол Хятадын баг 2:2 харьцаатай Узбекистаны багтай эвийн гэрээ байгуулснаар энэ удаагийн Азийн аваргыг хэсгийн шатнаас орхих боллоо. Узбекуудын хувьд тэнцээний нэг оноо авснаар долоон оноотой болж, хэсгээсээ нэгээр шалгарлаа.

Катарын шигшээ дараагийн шатанд В хэсгийн ялагчтай тоглох бөгөөд олны таамаглаж буйгаар Японы шигшээ баг В хэсгийг манлайлах боломжтой юм. Сонирхуулахад, В хэсгийн сүүлийн тоглолтууд өнөөдөр болно. Япон Саудын Арабтай, Йорданы баг Сирийн шигшээтэй тоглоно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж