Б.Тэмүүлэн “Masters”-аас хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Б.Тэмүүлэн “Masters”-аас хүрэл медаль хүртлээ

Азербайжаны нийслэл Баку хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон “World Masters-2011” тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн -100 кг-д өрсөлдсөн Б.Тэмүүлэн хүрэл медалийн эзэн болжээ. Жингийнхээ ангилалд дэлхийд чансаагаараа 17-рт бичигдээд буй тэрбээр эхний барилдаандаа Азийн аварга, дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Гуанжоугийн Азийн наадмын аварга, Японы жүдоч Такамаса Анаиг цэвэр ялж, удаахь барилдаандаа Азербайжаны бөх Элмар Гасимовыг мөн цэвэр ялснаар хүрэл медалийн болзол хангасан юм. Харамсалтай нь, мөнгөн медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын жүдоч Сергей Самойловичтой хүч үзэж, цаг дуусахын өмнөхөн оноо алдаж ялагдсанаар медалийн өнгөө хувиргаж чадсангүй.
Харин тэмцээний эхний өдөр буюу бямба гаригт манай есөн жүдоч Бакугийн татамид зодоглосноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин Х.Цагаанбаатар алт, ОУХМ М.Бундмаа хүрэл медаль хүртсэнээс гадна Ч.Болдбаатар, С.Ням-Очир, М.Уранцэцэг нар тавдугаар байрт шалгарсан билээ.
Ийнхүү Монголын жүдочид “World Masters-2011” тэмцээнээс нэг алт, хоёр хүрэл медаль хүртэж, гурван тамирчин тавдугаар байрт шалгарснаар багийн амжилтаар 41 орноос зургадугаар байрт шалгарлаа.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж