Махны үнэ өсөх нэг шалтгаан нь “хахууль”

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Махны үнэ өсөх нэг шалтгаан нь “хахууль”

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр дөхөж буйтай холбоотойгоор жил бүр энэ цаг үед махны үнэ ханш нэмэгддэг нь нийслэлийн иргэдийг ихээхэн бухимдуулдаг. Энэ жилийн хувьд урьд жилүүдийнхээс эрс өсөлттэй байгаа. Уг байдлыг зуд турхан, ченжүүд, шүлхий, хувь хишиг болох бэлэн мөнгө тараалт гээд өөр өөрийн­хөөр тайлбарлах хүн олон.  Өчигдрийн байдлаар “Хүчит шонхор” хүнсний худал­дааны төв дээр ямааны мах кг нь 3100, хонины мах 4100-4400, үхрийн мах 4800-5300, адууны мах 3200 төгрөг байлаа. Үүнийг хоёр долоо хоногийн өмнөх үетэй харьцуулахад махны үнэ килограмм тутамдаа 200-500 төгрөг нэмэгджээ. Үндэсний статистикийн хорооны хүнсний гол нэрийн барааны үнийн судалгаагаар арванхоёрдугаар сарыг нэгдүгээр сартай харьцуу­лахад махны үнэ 8.8 хувиар өссөн байна. 

Нийслэлд хамгийн ойр зүүн гурван аймагт энэ намар малын гоц халдварт өвчин гарснаас хөл хорио тогтоож, эдгээр аймгуудаас махны нийлүүлэлтийг зогсоосон. Үүнээс болоод махны эрэлт нийлүүлэлт нь гүйцээгүйгээс үнэ өссөн байх талтай. Одоо ч гэсэн зүүн гурван аймгаас нийслэл рүү мах оруулахыг хориглосон шийдвэр хэвээр байна.

Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор зүүн талаас нийслэл рүү орж ирэх Баянзүрх, Хэрлэн автын шалган нэвтрүүлэх постон дээр мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллаж байна. Тэдний үүрэг мал, мах нийслэл рүү оруулахгүй байх явдал. Гэтэл тэд мал, махыг нийслэл рүү оруулж байна. Ингэхдээ малчид болон махны ченжүүдээс “хахууль” авч, мал махыг нь нийслэл рүү нэвтрүүлсээр байгаа аж. Улмаар энэ нь махны үнийг тодорхой хэмжээнд өсгөх хүчин зүйл болж байна. Өөрөөр хэлбэл, хяналт тавих үүрэгтэй мэргэжлийн байгууллагынханд авлигад өгч буй мөнгөө махны үнэн дээр нэмж байгаагаас үнэ өсөхөд хүрч байгаа бололтой.

Сүхбаатар аймгийн малчин Б “Манай сумын нутагт шүлхий огт гараагүй хэрнээ намаржин шүлхийн хөл хорионд байж бид­ний амьжиргааны эх үүсвэр болсон мал, мах борлуулахыг төрөөс зургаан сараар хориглолоо. Тэснэ гэхэд үүнээс илүү тэснэ гэж юу байх вэ. Цагаан сар ч гарах дөхлөө. Идэх уух, өмсөх, зүүх ч хэцүүдлээ. Ах дүүгээрээ нийлээд хэдэн мал нядлаад ахиухан хэдэн төгрөгөөр борлуулах санаатай байсан ч талаар боллоо. Замын шалган нэвтрүүлэх постуудын байцаагчид баахан дүрэм, журам ярьж оруулна, оруулахгүй гэж хэсэг зогсоож байснаа, хэдэн төгрөг өгөөд орвол ор гэснээр халаасан дахь хэдэн бор төгрөгөө хамаад өгчихлөө. Тэр хол газраас бензин тос зарлагадаж ирсэн хойно буцалтай биш, өгч л таарлаа. Дэнжийн 1000-ын зах дээр очиж бөөндсөн ч нэг их овойж оцойсонгүй. Үүнийг мэдсэн бол өнөө сайн муугаар хэлүүлээд гэр орноор орж, гараад байсан ченжүүдэд явдал чирэгдэлгүй өгчихдөг байж” хэмээн ихэд урам муутайхан ярьж байсан юм. Үүнээс үзэхэд махны үнэ ханшийг малчид биш төрийг төлөөлсөн гэх замын шалган нэвтрүүлэх пост болон хил гаалийн ажилтнууд, ченжүүдтэй хамтарч өсгөөд байгаа юм биш үү гэсэн хардлага ч төрөх шиг. Урд хөрш рүү гаргахаар чингэлэг дүүрэн мах ачсан хятадуудын хууль бус үйлдлийн талаар дүрс бичлэг телевизээр цацагдсаар байтал хил гаалиар огт гаргахгүй байгаа гэж холбогдох удирдлагууд нь илт мэлзсэн хариулт өнөөдрийг хүртэл өгч байгаа. Хятад иргэд мах их хэмжээгээр нөөцөлж байгаа нь махны нийлүүлэлт, үнэ ханшид нөлөөлөх үү гэсэн асуултад ХХААХҮЯ-ны холбогдох албаны дарга Ч.Энх-Амгалан “Ирэх хавар нийслэл хотын хэмжээнд худалдаанд гаргах нөөцийн мах 15 мянган тонн бэлтгэсэн болохоор хангалттай” гэж “ам таглан”, хятад худалдаачдын нөөцөлж байгааг хууль хяналтынхан шалгахаас биш, бидний асуудал биш” гэж хариулав. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Одоогоор 70 гаруй мянган тонн хятад хүмүүсийн бэлтгэсэн бог малын махыг хураах эрх байхгүй ч хяналтандаа аваад байна. Хэрэв хууль зөрчиж, хилээр гаргах зэрэг үйлдэл хийвэл газар дээр нь арга хэмжээ авна” гэсэн мэдэгдэл хийж байна.

Жилд ганц тохиох сар ши­нийн баяраар монголчууд ахас ихэсээ хүндэтгэж угтахын тулд 150-280 мянган төгрөгт хүрсэн ууцаар ширээгээ чимж, цаг цагт нэг “шатдаг”, цагаан сараар том “шатдаг” гэх үзэн ядалтаар ходоодоо дүүргэх болох вий.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж