
Нийслэлийн орон гэргүй иргэдэд энэ сарын 16-наас эхлэн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрхийн бичиг тараах ажээ. Уг эрхийн бичгээр орон гэргүй, ядуу өрхийн гишүүд “бүсийн оношлогоо эмчилгээний төв, аймаг, дүүрэг, хөдөөгийн нэгдсэн эмнэлэгээс амбулаторийн тусламж үйлчилгээ, оношлогоо, шинжилгээ хийлгэх, хэвтэн эмчлүүлэх” зэрэг үйлчилгээ авч болох аж. Мөн даатгалын байгууллагатай хамтран ажилладаг эмийн сангуудаар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх ажээ. Уг эрхийн бичгийг Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сангийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Нийгмийн Даатгалын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлэх юм байна. 2011 оны эхний улиралд багтан эрхийн бичгийг Хөвсгөл, Дорнод, Ховд зэрэг аймгууд, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ядуу өрхүүдэд тараах юм байна. Тус хөтөлбөрийг 2012 он хүртэл үргэлжлүүлэх бөгөөд эрхийн бичгийг хүн тус бүрт биш өрхөд олгох юм. Иргэд эрхийн бичгийн талаархи мэдээллийн аймаг ,сум, дүүргийн хорооноос болон өрхийн эмнэлгүүдээс авч болно.
Ш.Чимэг