“Хит”-ийн цуврал зогслоо

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

“Хит”-ийн цуврал зогслоо

Сүүлийн үед дийлдэшгүй мэт тоглож байсан “Майами Хит” энэ удаад бүдэрлээ. Тэдний зочлон тоглож авсан 13 хожлын цувралыг нь энэ удаад Лос-Анжелес хотын баг зогсоож чадсан юм. Уншигч авхай танд Коби Брайнт, По Газоль тэргүүтэй “Лейкерс” л тэднийг хожсон гэж санагдаж байж магадгүй. Харин тэд биш, тэдний хотын нөгөө баг “Клипперс” тэднийг талбайдаа буулган авлаа. Блэйк Гриффин, Эрик Гордон, ДиАндре Жордан зэрэг залуу хүчтэй тоглогчдыг Барон Дэвис хэмээх хашир туршлагатай, ахмад холбогч сайн нэгтгэж тоглож байгаа нь тэдний сүүлийн үеийн тоглолтуудаас харагдаж байгаа. Барон Дэвис энэ тоглолтод 20 оноо, есөн оновчтой дамжуулалт, таван самбар гэсэн үзүүлэлт хийсэн нь түүний сайн тоглосныг хангалттай гэрчилнэ. Энэ жилийн шилдэг шинэ тоглогчийн шагналыг авах хамгийн өндөр магадлалтай байгаа “Слэм Данкийн мангас” хочит Гриффин 24 оноо, 14 самбар гэсэн үзүүлэлтийг хийжээ. Тэр иймэрхүү статистикийг сүүлийн үед тогтмол хийж байгаа.

Эхний үед талбайн эзэд талбайд 77 хувьтай довтолж,  44 оноог авч, давуу байдал үүсгэсэн нь “Их гурвал”-д том асуудал үүсгэсэн ч “Хит”-ийнхэн хоёрдугаар хагаст сайн тоглож, эхний хагас өндөрлөхөд тооны харьцааг 68:58 болгож чадсан байлаа. Эхний хагаст 68 оноо авсан нь “Клипперс”-ийн энэ улирлын дээд амжилт болсон байна. “Майами Хит”-ээс Уэйд 31 оноогоор багаа тэргүүлсэн бол Леброн 27, Бош 26 оноо, 13 самбараас бөмбөг авалт хийсэн байна. “Их гурвал” хийдгээ л хийсэн бол багийн бусад тоглогчдоос Чалмерс 12 оноогоор тэргүүлсэн. Өөр ганц ч тоглогч 10-аас дээш оноог аваагүй. Эндээс харахад Эрик Споелстрагийн удирдсан “Хит”-ийн гуравхан тоглогч дээр тулгуурласан тоглолт үр дүнгүй болж байгааг нотолж байна. “Их гурвал” нь л зүтгээд оноо аваад, оновчтой дамжуулалт өгөөд, самбарт тэмцээд байдаг, харин тэдэнд багийн “хар ажил” хийдэг тоглогч үгүйлэгдэж байна.

“Майами Хит” өдгөө дорнод бүсийн хоёрдугаар байрт бичигдсэн хэвээр яваа бол “Клипперс” өрнөдийн сүүл мушгигчдын нэг хэвээр байна. Майами маргааш Денверийн талбайд зочлон тоглох бол “Клипперс” нөгөөдөр “Алтан муж”-д айлчлах болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж