
Эхний үед талбайн эзэд талбайд 77 хувьтай довтолж, 44 оноог авч, давуу байдал үүсгэсэн нь “Их гурвал”-д том асуудал үүсгэсэн ч “Хит”-ийнхэн хоёрдугаар хагаст сайн тоглож, эхний хагас өндөрлөхөд тооны харьцааг 68:58 болгож чадсан байлаа. Эхний хагаст 68 оноо авсан нь “Клипперс”-ийн энэ улирлын дээд амжилт болсон байна. “Майами Хит”-ээс Уэйд 31 оноогоор багаа тэргүүлсэн бол Леброн 27, Бош 26 оноо, 13 самбараас бөмбөг авалт хийсэн байна. “Их гурвал” хийдгээ л хийсэн бол багийн бусад тоглогчдоос Чалмерс 12 оноогоор тэргүүлсэн. Өөр ганц ч тоглогч 10-аас дээш оноог аваагүй. Эндээс харахад Эрик Споелстрагийн удирдсан “Хит”-ийн гуравхан тоглогч дээр тулгуурласан тоглолт үр дүнгүй болж байгааг нотолж байна. “Их гурвал” нь л зүтгээд оноо аваад, оновчтой дамжуулалт өгөөд, самбарт тэмцээд байдаг, харин тэдэнд багийн “хар ажил” хийдэг тоглогч үгүйлэгдэж байна.
“Майами Хит” өдгөө дорнод бүсийн хоёрдугаар байрт бичигдсэн хэвээр яваа бол “Клипперс” өрнөдийн сүүл мушгигчдын нэг хэвээр байна. Майами маргааш Денверийн талбайд зочлон тоглох бол “Клипперс” нөгөөдөр “Алтан муж”-д айлчлах болно.