
“Япон” гэх нэрийг сонсоод хамгийн түрүүнд таны санаанд чухам юу зурсхийн орж ирдэг вэ? Цаасан ханаар тусгаарлагдсан, гүйдэг хаалгатай байшин, эртний сүм дуган, эсвэл ганган чамин төмөр хөлөг сүлжилдсэн ирээдүйн гэмээр гайхалтай хот санаанд чинь буудаг уу? Мананд хучигдсан уул толгод, эсвэл гэрлийн хурдаар сум мэт шунгинан өнгөрөх хурдны галт тэрэг үү? Хийц сайтай, үнэтэй костьюмээр гоёж, үсээ толийтол гельдсэн бизнесмэн залуус, эсвэл кимоногоор гангарсан гейша юу? Япон улсын тухай та ямар ч төсөөлөлтэй байлаа ч дээрх бүгд тэнд бий гэдгийг итгэл төгс хэлэх байна.
Хэрэв та уламжлалт ёс заншил, хэв маягийг илүүд үздэг бол Японд очоод Киото эсвэл Наараг чиглэх нь зүйтэй. Эртний сүм дуган, хийд, бунхан, кабуки (япон театрын төрөл), цайны ёслол болоод Японы урлаг соёлын арвин өв бүхий баялаг музейг та тэндээс харах болно. Харин та орчин үеийн хотын соёл, технологийн дэвшлийг сонирхож буй бол Япон улс танд хүссэн бүхнийг тань мэдрүүлж чадна. Тус улсын бүхий л хотууд маргаангүйгээр “гайхамшгийн ертөнц”. Хотын гудамжинд дэлхийн тэргүүн зэрэглэлийн кафе, ресторан, загварын алдартай ордны дэлгүүрүүд хаа сайгүй тааралдана. Харин хотоос гараад явахад арлын орны гайхамшиг танд нэгийг эрхгүй бодогдуулна. Окинавагийн шүрэн хад, Нисеко дахь цанын бааз гээд л. Түүнчлэн Япон улсыг дэлхийд гайхагддаг нэг чанар бол хоол. Амтат сүши, темпура, жантай гоймон гээд… энэ жагсаалт үргэлжилнэ.
Гэхдээ Их наран улсад зочилсон дийлэнх зочид гийчдийн хувьд япончуудын өөрсдийнх нь найрсаг, уриалгахан зан чанар сэтгэлд нь тод үлддэг гэх. Түүнчлэн галт уулын идэвхтэй бүс учраас халуун рашаан ихтэй, харин тэр нь харин жуулчдыг соронзон мэт татах ажээ.
Газар нутгийн хэмжээгээр төдий л гайхуулах юмгүй арлын Япон орон Ази тивийн зүрхэнд оршдог. Япон гэх нэр нь “наран үндэслэх” гэсэнтэй утга дүйнэ. Тиймээс дэлхий нийтээрээ Япон улсыг “Их наран”, “Мандах наран” улс гэлцдэг.
Японы олтриг нийт 3000 гаруй арлаас тогтох бөгөөд уулархаг, галт уул ихтэй, хүн амын тоогоор дэлхийд 10-рт бичигддэг. Эдийн засгийн чадавхиараа дэлхийд дэд байр эзэлсэн тус улсын нийслэл нь дэлхийн томоохон хотуудын нэг Токио. Азийн цор ганц өндөр хөгжилтэй орон хэдий ч түүхий эд, хүнс, эрчим хүнсний 80-ас илүү хувийг импортолдог, гадаад худалдаанаас хамааралтай улс юм.
Япон улсын түүхийн хуудсыг сөхвөл МЭӨ X мянганы тэртээх хятад хэл дээр бичигдсэн эх сурвалжуудад дурдсан байдаг. Гэхдээ саяхны судалгаа шинжилгээгээр бүр эрт, чулуун зэвсгийн үед Японы олтриг дээр хүн амьдарч байсныг баталсан юм. Хэдий тийм боловч иргэншил МЭӨ III зуунд бий болж, улмаар манай эриний VI зуунд буддын шашин нэвтэрч дэлгэрснээр Японы өв соёл өнөөгийн өнгө төрхөө олсон байна. Хожим нь, XVI зууны үед Португалийн худалдаачид, шашны номлогч нар анх Японд хүрч, энэ үеэс л Баруун болон Японы хооронд худалдаа, соёлын солилцоо эхэлжээ.
Гэхдээ XIX зуунд америкчуудын нөлөөгөөр Япон улс бие даасан, тусгаар тогтносон эдийн засгаа дэлхий дахинд нээжээ. Улсын түүхэнд хамгийн тод бас хамгийн гашуунаар тэмдэглэгдэн үлдсэн үйл явдал Дэлхийн II Дайны үеэр тохиож, Хирошима болон Нагасака хотын дээр атомын бөмбөг хаясан явдал байлаа. Улмаар цөхөрч зүдэрсэн ард түмэн дайнд ялагдал хүлээсэн боловч Япон улс 1947 онд Үндсэн хуулиа баталж, Үндсэн хуульт, хаант засаглалтай арчилдсан орон болон төвхнөжээ.
Тэр цагаас эхлэн Япон улс сэргэн мандалтын замдаа орсон гэж болно. Техник, технологийн тэсрэлт хийж, үүнийхээ үр дүнд эдийн засгийн хувьд ямагт өсөлттэй байсаар дэлхийн томоохон гүрнүүдийн нэг болсон юм.
Японд нийт 17 мянга гаруй зүйлийн цэцэг, ургамал бий. Азалия, цээнэ, бадамлянхуа, удвал гээд дорнын өв соёл, зан заншилд үргэлж дүрслэгдэж байдаг анхилам цэцэгсийн орон гэвэл Япон. Газар нутгийнх нь 64 хувь нь ой модоор хөвч бүрхэгдсэн байдаг гээд төсөөл дөө. Хоккайдо аралд гэхэд л шилмүүст болон навчит мод, нигүрс, улиангар, эвэрлэг мод хаа сайгүй харагдах бол төвийн Хоншюү аралд эвэрлэг, уд болон туулайн бөөрний мод элбэг. Харин Шикокү, Кюүшю зэрэг Хоншюүгийн харьцангуй дулаан газрууд нь дулаан орны ургамал моддоор баялаг аж.
Харин сакура. Арлын Японы үзэсгэлэнт сакура цэцэгс жил бүрийн нэгдүгээр сараас эхлэн Окинава арлаас эхэлж цэцэглээд, Токио, Киото хүртэл гурав, дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэн цэцэглэнэ. Цэцэглэснээс хойш ердөө долоо хоноод л хагдран унадаг сакура асар богинохон хугацаанд үзэсгэлэн гоо, өнгө үзэмжээ гайхуулан, анхилам сайхан үнэрээрээ бусдын сэтгэлийг гэгэлзүүлнэ. Тиймдээ ч япончууд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс сакура цэцэглэх мөчийг тэсч ядан хүлээж, зөвхөн энэ үеэр хамгийн гайхалтай, үзэсгэлэнтэй Японыг үзэхээр арлын орныг зорьдог байна.
Түүнчлэн Хоншюү арлын төвд орших Киото хот үзэсгэлэнт байгаль, эртний сум дуганаараа зочид гийчдийг далладаг. Японы уламжлалт соёл, зан заншлын эрдэнэсийн сан болсон Киото хот тус улсын түүхийн чухал он жилүүдтэй салшгүй холбоотой. ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн 17 түүхэн дурсгалт газартай энэ хотод Буддын шашны 1600 гаруй сүм, 400 гаруй бунхан байдаг бөгөөд соёлын өв уламжлалаараа хамгийн баялаг хот юм. Романтизм ханхалсан Парис, хуучинсаг өнгө төрх ноёлсон Лондон, Ромын адилаар Киото хотыг амьдралдаа ганц удаа ч болов очиж үзэх ёстой хотуудын нэгээр нэрлэдэг. Японы тухай төсөөллийг бүгдийг эндээс мэдэрч болно. Цэмцийтэл засч янзалсан цэцэрлэгт хүрээлэн, хулсан төгөл дундах шүлэгчийн овоохой, хурц тод өнгөөр будаж шунхадсан нуман хаалгууд, эртний уламжлалт зоогийн газрын үүдээр холхилдох гейша нар, тогтуун усны мандалд хөвж буй мэт үзэгдэх алтан сүм дуган гээд л.
Японы түүх соёл, өв уламжлалын тухай ярья гэвэл самурай, гейша, якуза бас сумог дурдахгүй өнгөрч болохгүй. Феодолийн нийгмийн үед бүхэл бүтэн нийгмийн анги болж байсан самурайг хүмүүс ихэвчлэн цэрэг, тулааны хүн мэтээр төсөөлдөг ч үнэн хэрэгтээ ёс суртахууныг шүтэн дээдэлсэн “төрийн хар хүн” ажгуу. Жинхэнэ эр хүний жишиг болж асан самурайн ёсыг “Бушидо” гэх. Өдгөө ч үнэ цэнээ алдаагүй оршин тогтносоор буй энэ ёсны гол утга учир, агуулга тун энгийн. Эр хүний хэлсэн үг, амласан амлалт, бодол ухаан гэж ямар агуу, туйлбартай бөгөөд үнэнч байдгийг самурайн ёсноос харж болно. Тэгвэл якуза. Хар талын зам мөр хөөж, харгис хатуу, өрөвч сэтгэл үгүй боловч дэндүү нягт нарийн зохион байгуулалттай тэдэнд сайн тал бас бий. Өөрийн гэсэн ёс жаяг, ёс суртахуун, хариуцлагаа ухамсарласан якузагийн бүлэглэл дэлхийн хамгийн том гэмт бүлэглэлүүдийн жагсаалтад тэргүүлэх байр суурь эзэлнэ. Тэнд ч бас бушидо ёсон ноёлдог гэлтэй.