“Далайн эрэг дээх цайз” Кувейт

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

“Далайн эрэг дээх цайз” Кувейт


Персийн булангийн эрэг дээрх Кувейт улс нь Арабын нэгэн тусгаар тогтносон эмират юм. Урдуураа Саудын Арабтай, хойд болон баруун хэсгээрээ Ирактай хиллэн орших Кувейт улсын нэр нь араб хэлээр "далайн эрэг дээрх цайз" гэсэн утга агуулдаг. 20 мянга орчим ам.дөрвөлжин км талбайтай, 2,8 сая хүн амтай энэ улс газрын тосны нөөцөөрөө дэлхийд тавдугаарт, харин нэг хүн амд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр дэлхийд гуравдугаарт жагсдаг юм. Кувейт улс нь парламентийн тогтолцоо бүхий үндсэн хуульт засаглалтай бөгөөд Кувейт хот нь улс төр, эдийн засгийн цорын ганц нийслэл нь болно. Түүнчлэн улсын албан ёсны мөнгөн тэмдэгт нь дэлхий дээрх хамгийн үнэтэй мөнгөн тэмдэгт болох динар юм. Сонирхуулахад, нэг динар өдгөө 3,43 ам.доллартай тэнцэж байна.

1990 онд хөрш Ирак нь Кувейт руу халдаж, долоон сарын турш үргэлжилсэн энэхүү булаан эзлэлт АНУ тэргүүтэй хүчин Кувейтийг чөлөөлснөөр өндөрлөсөн юм. Иракийн арми ухрахдаа бараг 750 газрын тосны цооногийг галдан шатаагаад зогсохгүй, улсын бэлгэдэл, нэрийн хуудас болсон олон барилга байгууламжийг сүйдэж, улмаар байгаль орчин болон эдийн засгийн хувьд томоохон гарзтай учирчээ. Уг дайны үеэр тус улсын дэд бүтэц туйлын ихээр сүйдсэн тул сэргээн байгуулалт өдгөө ч үргэлжилж байгаа юм.

Экспортын орлогынх нь бараг 95 хувийг бүрдүүлдэг газрын тосны ашгаар улсынхаа ард иргэдээ хаан шиг амьдрах нөхцлийг бүрдүүлж чадсан энэ улс байгалийн үзэсгэлэнт дүр төрх, түүхэн дурсгалт газрууд, үзвэр үзмэрийн тухайд маруухан боловч тус улсыг зорин очсон жуулчид энэ жижигхэн улсад багтаж ядсан гэмээр газруудтай танилцаж, сэтгэл хангалуун нутаг буцдаг байна.

Кувейт улсын бэлгэдэл, илэрхийлэл болсон гол байгууламж нь Кувейтийн цамхаг ажээ. Тус улсын төрийн далбаанаас бусад бараг бүхий л зүйлд Кувейт гэсэн нэртэй салшгүй холбоотой явдаг, дэлхийд алдартай энэ цамхаг нь өндрийн хэмжээгээрээ ялгаатай хурц үзүүр бүхий гурван цамхгаас бүрддэг байна. Гол цамхаг нь 187 метр өндөр, ресторан болон усан цамхгийн үүрэг гүйцэтгэх бөгөөд цамхгийн 123 метрт Viewing Sphere буюу хотын орчинг тольдох бөмбөрцөг байрладаг юм. Энэхүү бөмбөрцөг нь 30 минут тутамд бүрэн эргэлдэх бөгөөд Кувейт хотыг өндрөөс дурандах сайхан боломжийг бүрдүүлдэг байна. Харин хоёр дахь цамхаг нь 145,8 метр өндөр усан цамхаг бол гурав дахь нь цахилгааны урсгалыг зохицуулж, бусад хоёр цамхгаа гэрэлтүүлэх үүрэгтэй ажээ. Цамхгийн загварыг Шведийн архитекторууд болох Сюн Линдстрём, Малень Бьорн нар бүтээсэн бөгөөд Югославын барилгын "Energoproject" компани барьж, сүндэрлүүлсэн түүхтэй. Кувейтийн цамхгийн барилгын ажил 1975 онд бүрэн дууссан боловч 1979 оны гуравдугаар сард анхны зочноо хүлээн авчээ. Цамхгийн нийт гурван бөмбөрцгийг битүү бүрсэн гялтганасан бүрээсийг Хятадын зэвэрдэггүй ган төмрийг найман өөр өнгөөр чимэглэн хийсэн бөгөөд нийт 55 мянган ширхгийг шитгэсэн байдаг гэнэ. Өдөр шөнийн аль ч цагт олон хөлийн жуулчдын нүдийг хужирладаг Кувейтийн цамхаг наран шингэх үеэр бүр ч үзэсгэлэнтэй харагддаг гэнэ.

Кувейт улсын нийслэл хотод орших бас нэгэн тэнгэр баганадсан өндөр байгууламж бол Liberation Tower юм. Дэлхий дээрх хамгийн өндөр харилцаа, холбооны цамхгуудын нэг болох энэ цамхаг нь улсын хэмжээнд хамгийн өндөр байгууламж бөгөөд хэдийгээр гадна хүмүүсийг дотогш нэвтрүүлдэгггүй боловч үзэж сонирхох гэсэн хүмүүс цамхгийг зорьсоор байдаг ажээ.

Дээрх цамхгуудаас гадна Кувейт хотод Үндэсний музей /National Museum/, Саду байшин /Sadu House/, Байт Эль-Бадр /Bayt Al-Badr/, Сейфийн ордон /Sief Palace/, Үндэсний ассамблей /National Assambley/, Лалын шашны их сүм /Grand Mosque/, Дайны музей /War Museum/, Энтертайнмент хот /Entertainment City/, Шинжлэх ухааны төв /Science Center/ зэрэг Кувейтэд зочилсон зочид төлөөлөгч, жуулчдын заавал очих ёстой дурсгалт газрууд бий. Үнэ төлбөргүй нэвтэрч болох Кувейтын үндэсний музейд энэ улсын түүх, байгаль, зан заншил, соёлтой холбоотой бүхий л зүйлийг дэлгэн тавьсан байдаг аж. Харин музейн яг баруун талд байрлах Саду байшин нь шүр болон шохойгоор барьсан Бедуины үеийн соёлын гол төв юм. Харин Байт Эль-Бадрын тухайд эртний Кувейтийн архитектурын шинжийг хадгалсан өнөө цагт хэвээрээ үлдсэн цөөн тооны барилгуудын нэг ажээ.

Мөн энэ хотын гол түүхэн дурсгалт барилгуудын нэг болох Лалын шашны их сүм нь тус улсын хамгийн том шашны сүм бөгөөд 45 мянган ам.дөрвөлжин метр талбайг эзэлсэн сүрлэг том байгууламж юм. Мөргөлийн гол танхим нь хааш хаашаа 72 метр хэмжээтэй, нийт 144 цонхоор танхимыг бүхэлд нь байгалийн гэрлээр гэрэлтүүлдэг гэнэ. Сүмийн дугариг орой нь 26 метрийн диаметртай, 43 метр өндөр, 99 бурхны нэрээр сийлсэн байдаг ажээ. Лалын их сүм нь 10 мянган эрчүүдэд зориулсан мөргөлийн танхимтай бөгөөд зөвхөн эмэгтэй мөргөлчдөд зориулсан 950 хүний багтаамжтай танхимтай байна. Хэрэв эмэгтэй хүн энэхүү сүмд орж сонирхохыг хүсвэл сүмийн гадна байрлах дэлгүүрээс тусгай мөргөлийн хувцас худалдан авч болдог гэнэ. Сүмийн гадна талбайд мөн 550 автомашины багтаамжтай таван төвшний авто зогсоол байрлах аж. Лалын шашны их сүмийн барилгын ажил 1979 онд эхэлж, 1986 онд үүдээ нээжээ.

Мөн үүнээс гадна Кувейтэд Our Lady of Arabia Church болон Holy Family Cathedral зэрэг алдартай сүм дуганууд бий.

Арабын Кувейт улсын бас нэгэн чимэг бол Файлака арал. Персийн булан дахь Кувейт хотоос 20 км зайд орших эл арлын нэрэнд багтсан “файлака” гэдэг нь эртний грек хэлний “алслагдсан суурин” гэсэнтэй утга дүйх ажээ.

Манай эриний өмнөх 3000-аад оны үеэс эхлэл нь тавигдсан Файлака арал өөрийн гэсэн өвөрмөц соёл, ёс заншил болон шашны бурхдаараа алдартай. Эрт цагаас эхлэн энд нарыг тахин шүтэж ирсэн бөөгийн шашин оршин тогтносоор ирсэн бөгөөд хүнээр тахил өргөх ёсон ноёлж байжээ.

Хавар цагийн Файлака арлыг кувейтчууд гойд үнэлдэг бөгөөд энд олон төрлийн ургамал, цэцэг дэлгэрч, байгаль цаг уурын хувьд туйлын таатай нөхцөл бүрддэг гэнэ. Хэдийгээр дэд бүтцийн хөгжил тааруу боловч Файлака аралд сүүлийн үед дотоодын аялал жуулчлалын салбар нь ихээхэн хөгжиж буй. Энд хүмүүс загасчлах, завиа аялах, усанд сэлэх, дарвуулт завиар зугаалах болон бусад усан спортоор хичээллэх гэж ирдэг байна.

Түүнчлэн Арабын өв залгамжлах хаант засаглалтай Кувейт улсыг зорин очсон хүмүүсийн үзэж танилцаж, амарч зугаалах хамгийн таатай газруудын нэг бол Ногоон арал /Green Island/ юм. Далайн эргийн Эль-Шивайх хотоос 21 км зайд орших энэ арал 785 мянган ам.дөрвөлжин метр талбайг хамрах бөгөөд 3140 метрийн диаметртай, эх газартайгаа 134 метр урт үргэлжилсэн гарцаар холбогддог байна. Ногоон арал хэмээн нэрлэсэн энэхүү арлыг кувейтчууд 1988 онд хиймлээр бүтээж, ашиглалтад оруулсан бөгөөд өдгөө цагийн дэлхийн хамгийн сайхан амралтын газруудын нэгт зүй ёсоор тооцогдож байна. Арал дээрх элсийг алс газраас зөөвөрлөн авчирсан бөгөөд үргэлжийн мөнхөд, ялангуяа зуны дэлгэр цагт хэдэн зуун мянган жуулчдын хөлд дарагддаг ажээ. Арал дээрх олны анхаарлыг зүй ёсоор татдаг нэгэн байгууламж нь 700 хүний суудалтай амфитеатр гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж