Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Кубын нийслэл Хавана хотыг олон чанараар нь дэлхийд цор ганц гэж тодорхойлж болно. Карибийн тэнгисийн арлууд дотроос хамгийн том бөгөөд хамгийн хөгжилтэй, амьдралын баяр баясгалантай хотоос гадна романтик уур амьсгал, бусдын сэтгэлийг өдөөж чаддаг битүүлэг эрч хүч нь Хавана хотын өнгө төрх. Оросын “Лада” маркийн машины хөдөлгүүр суурилуулсан америк машинууд ачаа дүүрэн усан үзмийн дарс зөөх, шил шилээ даган байрласан хүнсний мухлагуудтай та газар сайгүй тааралдана.

Хавана хотын уугуул оршин суугчид нь төрөлх хотдоо үнэхээр хайртай байдаг, чухам ямар учраас гэдгийг ч ойлгож, мэдрэхэд тун хялбар. Карибийн тэнгисийн цэлэлзсэн, талст болор мэт гялтганан цайрах бүлээн ус, 500 жилийн агуу түүхтэй, алдарт галзуу хулганаараа Хавана хот алдаршиж, Латин Америкийн хамгийн гайхалтай, цор ганц сэтгэлгээг бий болгожээ.

Орчин цагийн латин соёлын талаар ярья гэвэл нэн түрүүнд Хаванагийн салса болоод мамбо бүжиг, тэндхийн ром дарс, кохиба гэх тамхи, ханын зураг болоод цуут Че Геварагийн хөргийн талаар зайлшгүй дурдах хэрэгтэй болно. Энэ л Хавана хотын тод илэрхийлэл, дэлхийд гайхагдсан өнгө төрх ажгуу.

Гэхдээ тус хотын энд тэнд тааралдах, захаасаа сүйрч нурсан хөлсний орон сууцнууд, замын түгжрэлд дөжирсөн гудамжнуудыг харвал тийм ч боловсон байдал, гоо үзэсгэлэн харагдахгүй нь лавтай. Хэдийгээр үзэсгэлэнт Парис шиг гайхамшигтай төрх, Рио де Жанейрогийн үзэмжит байдал, нөгөө эргийн Калифорни шиг хөгжөөгүй боловч Хавана хотын бусдыг даллан дуудах хүчин зүйл нь дотоод, хийсвэр мөн чанарт оршдог гэлцэнэ.

Хавана хотын хөрш хотууд болох Сентро Хавана болон Ведадагийн хуучин гудамжуудаар дайраад гарвал ер бусын нууцлаг Сантериагийн ёс заншилтай танилцаж, румба хэмнэлээр бөмбөр алгадан суух гудамжны хөгжимчидтэй нэг бус удаа тааралдана.

Нарийн, ширийнийг үгээр өгүүлж тайлбарлахад бэрх, хотын доторх зөрчил эцэс төгсгөлгүй, үл ойлгогдоно. Магадгүй ийм ч учраас Хавана хотын жинхэнэ мөн чанарыг тодорхойлоход бэрх байдаг байж болох. Энэ талаар дэлхийд цуутай олон зохиолч, яруу найрагчид учир нь үл тайлагдах, тэгсэн хэрнээ олны анхаарлыг эрхгүй татдаг Хавана хотын талаар бүтээлээ туурвисан байдаг. Кубын нэгэн сэтгэгч Алехо Карпентьер нэгэн бүтээлдээ  Хавана хотыг “баганат хот” хэмээн нэрлэсэн нь бий. Түүнчлэн Федерико Лорка Хаванад өнгөрүүлсэн хэдэн хоног бол амьдралынх нь хамгийн гайхалтай мөч хэмээсэн байдаг. Мөн Грахам Грин Хавана хотыг “бүх зүйл боломжгүй” хэмээн тодотгожээ.

Хэдий өргөст цэцэг мэт санагдах авч Хавана хотод бусдыг эрхгүй татах ховс байдаг. Хавана хотод орших колончлолын үеийн хөшөө, дурсгалын газруудтай танилцаж, шөнийн цагаар үргэлжлэх кабарет шоуг тухлан үзэж, нутгийн амтат пиццаг зооглохыг хүсэгчид дэлхийн өнцөг булан бүрт бий.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж