Узбекууд Кувейтийн мөрөөдлийг үгүй хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Узбекууд Кувейтийн мөрөөдлийг үгүй хийлээ

Катар улсад үргэлжилж байгаа хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн хоёр дахь тоглолтууд өчигдөр эхэллээ. Нээлтийн тоглолтыг эзэн орон Катарын эсрэг хийж, 2:0 харьцаатай ялалт байгуулсан Узбекистаны шигшээ баг өчигдөр тэмцээний хоёр дахь тоглолтоо Кувейтийн багтай хийлээ. Хэсгийн хамгийн сул баг гэгдэж буй Кувейтийн шигшээ багийг хожсон тохиолдолд узбекистанчууд тэмцээний хасагдах шатанд шалгарах болзлоо хангах байсан юм. Өрсөлдөгч багаасаа илүү довтолж байсан Узбекистаны баг 41 дэх минутад санасандаа хүрчээ. Хаалганаас 17 орчим метрийн зайнаас узбекууд чөлөөт цохилт хийх эрхтэй болоод байлаа. Энэ боломжийг Максим Шастких алдсангүй, гоол оруулснаар эхний хагасыг 1:0 харьцаатай илүүрхсэн байна. Энэ нь түүний шигшээ багтаа хийсэн 33 дахь гоол болсон байна. Дараагийн хагасын эхэнд Кувейтийн шигшээн тоглогч Хамад Найвиф дээр алдаа гарган 11 метрийн торгуулын цохилтыг Кувейтийн шигшээ хийх эрхтэй болсон юм. Энэ боломжийг Бадер Аль Мутва алдсангүй. Тооны харьцааг тэнцүүлсэн байна. Гэсэн ч тэдний энэ баяр хөөр удаан үргэлжлэсэнгүй, 65 дахь минутад Ясур Хасоновын зүүн захаас өгсөн дамжуулалтыг 2008 оны Азийн шилдэг хөлбөмбөгчин Сервер Жепаров шууд цохин гоол оруулснаар энэ тоглолтын хувь заяаг шийдсэн байна. Үлдсэн хугацаанд тооны харьцаа өөрчлөгдсөнгүй. Узбекистаны шигшээ 2004, 2007 онуудад хэсгээс шалгарсан амжилтаа энэ удаад ч давтах боломжтой болж ирлээ.

Харин хэсгийн эхний тоглолтдоо Кувейтийн шигшээ багийг 2:0 харьцаатай буулган авсан Хятадын шигшээ хэсгээ тэргүүлж байсан амжилтаа алдахгүйн тулд зохион байгуулагч Катарын шигшээг заавал хожих шаардлагатай байлаа. Харин Катарын шигшээ баг хасагдах шатанд оролцох мөрөөдлөө үгүй хийхгүйн тулд Хятадын эсрэг сайн тоглож, дор хаяж тэнцээ хийх хэрэгтэй байсан болохоор энэ хэсгийн хамгийн чухал тоглолт энэ байлаа. Доха хотын Халифа цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолт ч илүү довтолгоотой, ширүүн өрсөлдөөнтөй тулаан болсон байна. Ээлж дараалсан бүтэлгүй оролдлогуудын дараа тоглолтын 27 дахь минутад Катарын шигшээн довтлогч Иосиф Ахмед өөрийн ур чадварыг бүрэн илтгэсэн довтлогоог хийж, тооны харьцааг нээсэн байна. Энэ гоол талбайн эздийн тоглолтыг илт сэргээсэн бөгөөд эхний хагасын завсарлагааны өмнөхөн Иосиф Ахмэд дахин нэг гоолыг Хятадын шигшээ багийн хаалганд оруулснаар талбайн эзэд тоглолтыг хянах болсон байна. Шилдэг мэргэжилтэн Бруно Метцүгээр удирдуулсан Катарын шигшээ дараагийн хагаст хамгаалалтандаа алдаа гаргасангүй. Тоглолт 2:0 харьцаатай Катарын шигшээ багийн ялалтаар өндөрлөжээ.

Ийнхүү А хэсгийг Узбекистан зургаан оноогоор тэргүүлж, Катар, Хятадын шигшээ багууд гурван оноотой удаалж явна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж