Аль-Аттияа тэргүүллээ бататгав

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Аль-Аттияа тэргүүллээ бататгав

Катарын тамирчин Нассер Аль-Аттияа карьерынхаа анхны Дакар раллигийн аваргын цом гардан авахад тун ойрхон байна. Аргентин, Чили улсын нутаг дэвсгэрээр үргэлжилж буй 32 дахь удаагийн Дакар ралли уралдааны 10 дахь гараа өчигдөр Чилийн Копьяпогоос Аргентиний Чилесито хүртэл 862 км зайд үргэлжилж, Volkswagen багийн тамирчин, Өмнөд Африкийн Жиниэль де Вилльерс тэргүүлснээр Дакар раллигийн анхны түрүүгээ авчээ. Гэхдээ энэ гарааны гол өрсөлдөөн де Вилльерсээс хойно өрнөсөн. Тодруулбал, өнгөрсөн жилийн дэд аварга Аль-Аттияа болон аваргаа хамгаалан өрсөлдөж буй Испанийн Карлос Сайнс нар гол өрсөлдөөнийг үзүүлсэн бөгөөд Аль-Аттияа гурван цаг, хоёр минут, есөн секундын амжилт үзүүлж, дөрөвдүгээрт бариалсан бол Сайнс түүнээс есөн минутаар хоцорч, тавдугаарт барианд оржээ. Ингэснээр ерөнхий дүнгээр Аль-Аттияа тэргүүлсэн хэвээр, харин Сайнс түүнээс 12 минут, 37 секундын алдагдалтай хоёрдугаарт бичигдээд байна. Тэмцээний сүүлийн буюу 13 дахь гараа ням гаригт болох бөгөөд тамирчид Аргентиний нийслэл Буэнос-Айрост орж, бариалах юм.

Өчигдрийн гараанд мотоциклийн ангилалд Испанийн Марк Кома нийт замаа гурван цаг, зургаан минут, 35 секундэд туулснаар түрүүлсэн бол Францын Сайриль Деспре, Португалийн Рубен Фария нар удаалжээ. Нийлбэр дүнгээр ч ялгаагүй Кома тэргүүлж, түүнээс 18 минут 10 секундээр хоцорч, Деспре хоёрдугаарт бичигдээд байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж