Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэнэ

Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцид оролцогч талуудын бага хурлын тавдугаар чуулган Вена хотноо эхлэлээ. Энэхүү чуулганы хуралдаанаар уг конвенц болон түүний хавсралт гурван протоколын хэрэгжилтийг хэлэлцэж, тодорхой тогтоол шийдвэр гаргах юм. Мөн түүнчлэн цахим сүлжээний гэмт хэрэг, хуурамч эм, ховордон устаж буй амьтан, ургамлын худалдаа зэрэг шинэ болон шинээр үүсч буй гэмт хэргийн асуудлыг хэлэлцэж байна.

Чуулганы ажиллагаанд Монгол Улсын Байнгын төлөөлөгч Ж.Энхсайхан оролцож, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаарх Засгийн газрынхаа байр суурийг илэрхийлэв. Тэрээр Монгол Улс нь хүний наймаатай тэмцэх асуудалд ихээхэн анхаарал хандуулж, хүний наймаатай тэмцэх асуудлаар хэд хэдэн семинар, сургалтыг зохион байгуулсныг онцлон тэмдэглэж, олон улсын хэмжээнд хүлээсэн үүргийнхээ хүрээнд гэрчийг хамгаалах хуулийн төсөл боловсруулж байгааг мэдээлэв.

Түүнчлэн Байнгын төлөөлөгч Ж.Энхсайхан хуурамч эмийн худалдаа нь Монгол Улсын хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг дурдаад хуурамч эмийн мэдээллийн сан бий болгох, тэдгээрийг илрүүлэх үндэсний лабораториудын чадавхийг бэхжүүлэх НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны санаачилгыг Монгол Улс дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Мөн хуурамч эмийг таних, үүнтэй холбогдох Ази, Номхон далайн бүс нутгийн байгууллагуудын үйл ажиллагааг бэхжүүлэхэд НҮБ-ын МБГХТА-ны Лаборатори, эрдэм шинжилгээний хэлтэс болон холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Хуурамч эмийн худалдааны жилийн эргэлт нь 75 тэрбум ам.долларт хүрсэн нь кокаиний наймааны эргэлттэй ижил түвшинд хүрээд байгаа ажээ. Монгол Улсын хувьд ч хуурамч эмний асуудал нь иргэдийн эрүүл мэнд төдийгүй эдийн засагт сөргөөр нөлөөлсөн тулгамдсан асуудал болоод байгаа бөгөөд энэ чиглэлд НҮБ-ын МБГХТА-тай хамтран ажиллаж эхэлж байгаа юм байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж