Мессигийн хет-трик “Барса”-д том ялалт авчирлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Мессигийн хет-трик “Барса”-д том ялалт авчирлаа

Испанийн эзэн хааны цомын тэмцээн буюу Копа дел Рейн шөвгийн наймын эхний тоглолтууд өчигдөр боллоо. “Барселона” энэ шатанд “Реал Бетис”-тэй учраа таарч, өчигдөр эхний тоглолтоо Ноу Камп цэнгэлдэхдээ хийлээ. Лионель Месси Европын төдийгүй дэлхийн шилдэг тоглогчийн шагналхүртсэнээс хойш ердөө хоёр хоногийн дараа хийсэн энэ тоглолт “шагнал эзнээ олсон” гэдгийг харуулах орой байсан юм. Тэр ч утгаараа Аргентиний шигшээ багийн хагас хамгаалагч тоглолтын эхний гоолыг 44 дэх минутад оруулж, тооны харьцааг нээжээ. “Бетис”-т гоол оруулах цөөхөн хэдэн боломж гарсны нэгийг довтлогч Рубен ашиглаж чадаагүй. Ингэснээр тооны харьцаа эхний хагаст 1:0-ээр өндөрлөжээ. Харин 15 минутын завсарлаганы дараа буюу хоёрдугаар хагасын 62 дахь минутад Месси өөрийн болон багийнхаа хоёр дахь гоолыг “Бетис”-ийн хаалганд оруулсан юм. Энэ гоолын дамжуулалтыг түүнд Давид Вилья өгчээ. Улмаар Вилья 72 дахь минутад сэлгээний суудалд шилжиж, түүний оронд Сейду Кейта сэлгээгээр гарч ирсэн юм. Гэвч тэдний гоол, тэр дундаа Мессигийн гайхалтай тоглолт үүгээр дуусаагүй байж. Тоглолтын 73 дахь минутад Месси хет-трик хийснээр “Барса” тус тоглолтод ялах нь ойлгомжтой болсон. 23 настай хагас хамгаалагч маань талбайн төвд бөмбөгийг хүлээн авч, ур чадвараа гайхуулан “Бетис”-ийн хамгаалалтыг дахин нэвтэлсэн нь энэ байлаа. Яг энэ гоолоос 3 минутын дараачаар Испани довтлогч Педро багийнхаа дөрөв дэх гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулж, багийнхаа хожлыг бататгасан бол 83 дахь минутад солилцоогоор гарч ирсэн Кейта тооны харьцааг 5:0 болгон тоглолтын эцсийн цэгийг тавьжээ. Ингэснээр тэд “Бетис”-ийн талбайд хийх хариу тоглолтод маш том давуу талтайгаар очих нь тодорхой болсон юм.

“Барса”-гийн бүрэлдэхүүнд солилцоогоор 20 дугаартай Афеллай талбайд гарч ирсэн нь энэ тоглолтын гол чимэг болсон үйл явдлуудын нэг байлаа.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж