Хорт бодисыг устгах талаар ярилцлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Хорт бодисыг устгах талаар ярилцлаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн үндэсний байгууллагын Аж үйлдвэрийн хөгжлийн газар хамтран “Монгол Улсад полихлорт бифенилийг байгаль орчинд ээлтэй аргаар устгах менежментийн чадавхи бий болгох нь” төслийг өнгөрсөн оны долдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Полихлорт бифенил бол цахилгааны тоноглолын тос, тосолгооны материалд цахилгаан дамжуулах чанарын бууруулах зорилгоор маш бага хэмжээтэйгээр ашигладаг химийн бодис юм. Хоруу чанар асар өндөртэй учраас олон улсын гэрээ конвенциор 2025 он гэхэд хэрэглээг нь дэлхийн хэмжээнд бүрмөсөн зогсоох бодлого баримталж байгаа аж. Байгаль дээр удаан хугацааны туршид задарахгүйгээр оршихоос гадна хүн амьтны эд, эсийн тэжээлийн хэлхээнд био соронзон байдлаар татагдан хуримтлагдаж, хорт хавдар үүсгэх аюултай болохыг эрдэмтэд баталсан байна.
Дээрх төслийн үйл ажиллагааг танилцуулах, цаашид энэ талаар хамтран ажиллах чиглэлээр санал солилцох зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Эрчим хүчний газрын холбогдох ажилтнуудын хамтарсан сургалт энэ сарын 3,4-ний өдрүүдэд Төв аймгийн Жаргалант сумын “Дуган хад” жуулчны баазад боллоо. Сургалт “Монгол Улсад полихлорт бифенилийг байгаль орчинд ээлтэй аргаар устгах менежментийн чадавхи бий болгох нь” сэдвийн дор болж, зохион байгуулагчдын болон эрчим хүчний түгээх, дамжуулах байгууллагуудын 60 гаруй төлөөлөл оролцжээ. “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай” Стокольмын конвенци, “Удаан задардаг оргаик бохирдуулагчийн тухай” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд дээрх төсөл хэрэгжиж байгаа юм. Сургалтын үеэр эрчим хүчний салбарын цахилгааны тоноглолд ашигладаг Стокольмын конвенцийн хавсралтад орсон полихлорт бифенил агуулсан бүтээгдэхүүнүүдийг байгаль орчинд ээлтэй аргаар устгах менежментийг хэрхэн бий болгох, сэдэв хамарсан илтгэлүүдийг тавилаа. Мөн полихлорт бифенил агуулсан тостой тоноглолуудыг цэвэрлэх Итали улсын “Sea Marconi” компанийн дэвшилтэт технологийг энэ үеэр танилцуулсан юм.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж