Хийн түлшийн үнэ нэмснийг эсэргүүцжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Хийн түлшийн үнэ нэмснийг эсэргүүцжээ

Чилийн өмнөд бүс нутаг  Магальяны эрх баригчид  хийн түлшийн үнийг 16,7 хувиар нэмэх шийдвэр гаргасанд иргэд дургүйцэж,  лхагва гаригт олон нийтийг хамарсан эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсны улмаас 2 хүн амь насаа алдаж, 31 хүн баривчлагдаад байгаа тухай орон нутгийн албаны эх сурвалж мэдээлжээ. 

Сантьяго хотоос 2300 км хол орших хүйтэн сэрүүн уур амьсгалтай Пунта Аренас хотын гудамж талбайг иргэд бүслэн хааж, ажил хаялт эхлүүлсэн байна. Хотын онгоцны буудлыг хүртэл бүслэн хааж, онгоцны зорчигчод  босгосон саадыг явганаар нэвтрэн гарахад хүрч байгаа ажээ.

Лхагва гаригийн өглөөнөөс эхлэн хүмүүс гудамж талбайд цугларч эсэргүүцэл илэрхийлж, гол гудамжуудаар хоолны металл тогоо, шанага дэлдэн хангинуулж, олон зуун машин дохиогоо дуугаргаж эхэлсэн байна.

Магальяны хязгаарын захирагч Лилиана Кусановик  “31 хүнийг  баривчлан саатуулаад байгаа болон цагдаагийн 5 автомашиныг эсэргүүцлийн жагсаалд оролцогчид галдан шатаагаад байна” гэж Cooperativa  радио станцийн сурвалжлагчид мэдээлсэн байна.

Хэсэг бүлэг хүмүүс гудамжинд саад хаалт босгож эхэлсэн бөгөөд нэгэн автомашины жолооч саадыг дайрч гарах үеэр 23 настай эмэгтэй Мелиса Силва Руис, 19 настай охин Клаудиа Кастильо Кампос нар амь үрэгдэж, 2 настай хүүхэд гэмтэл бэртэл авсан ажээ.

Магальян муж Чилийн хэмжээнд хийн түлш үйлдвэрлэгч гол бүс нутаг бөгөөд хийн түлшийг нийтийн тээвэр, орон сууцны ахуйн хэрэглээнд өргөн хэрэглэдэг ба  орон нутгийн засаг захиргаа хийн түлшийн үнийн тал хувийг хариуцан төлж ирснийг зогсоохоор ийм шийдвэр гаргасан юм байжээ.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж