
-Саяхан нүүрсний салбарынхан цугларч Тяньжиний боомтоор нүүрс гаргах талаар ярьж байсан. Энэ асуудал хэр амжилтад хүрсэн бэ?
-Эрдэс баялаг эрчим хүчний яам, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар болон манай ассоциацийн зүгээс санаачилж ийм хамтарсан уулзалт зохион байгуулсан. Нүүрсний салбарын бараг бүх аж ахуйн нэгж оролцсон гэхэд болно. Тяньжиний боомтоор далайд гарах талаар Монгол, Хятад улс хоёрын хооронд цөөнгүй удаагийн яриа хэлэлцээр хийсний эцэст, эхнээсээ зарим нь ажил хэрэг болж байгаа юм билээ. Өнөөдөр харагдаж байгаа далайд гарах хамгийн бодитой боломж бол Тяньжиний боомт. Хятадын тал ч үүнд олон талын туслалцаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ хэлж байгаа. Манай хувьд дэлхийн зах дээр гаргаж ахиу мөнгө олох бүтээгдэхүүн гэвэл эрдэс баялгаас өөр юм одоохондоо алга. Энэ уулзалтаараа бид Тяньжиний боомтоор нүүрсээ далайд гаргах боломж нөхцөл, хүндрэл бэрхшээл, түүнийг яаж шийдэх, цаашид юу хийх тухайгаа ярилцсан юм.
-Нүүрсний салбарынхан Тянжиний боомттой газар дээр нь танилцах тухай яриа байгаа?
-Өнгөрсөн оны сүүлээр Улаанбаатарт болсон Монгол, Тяньжиний худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хэсгийн хуралдаанаар Монголын нүүрсийг Тяньжиний боомтоор дамжуулан далайд гаргах боломжийг шуурхай бүрдүүлэх шаардлагатай байгаа тухай яригдсан. Энэ асуудлыг урагш ахиулахын тулд монголчууд бид дотооддоо саналаа нэгтгэж цэгцлээд Тяньжиний эрх бүхий байгууллага, хүмүүс, компаниудтай энэ сард уулзахаар товлосон юм. Уулзалт хэр үр дүнтэй болох нь монголчууд биднээс л шалтгаалахаар байгаа.
-Манай Засгийн газар ОХУ-ын төмөр замаар нүүрсээ тээвэрлэж гадаадад гаргахаар ярьж байгаа. Гэтэл танай нүүрснийхэн Тянжиний боомтыг илүүд үзэх болсон шалтгаан нь юу юм бэ. Заавал төрийн бодлогоос зөрөх хэрэг байгаа юм уу?
-Өвөрхангай аймгаас Улаанбаатарт мах авчирч зарах гэж байгаа хүн наашаа шууд ачаад ирэхийн оронд заавал Хөвсгөл, Дарханаар дайруулахтай л адил юм даа. Ямар ч л гэсэн тэр хүний хувьд махаа зарж ашиг олох нь гол биш өөр илүү чухал шалтгаан цаана нь байна гэсэн үг биз дээ? Бид тэгж л харж байгаа.
-Өөрөөр хэлбэл, эдийн засгийн үр ашгийг нь тооцохгүй байх өөр шалтгаан бий гэж хардаад байгаа юм аа даа, та?
-Ганц би ч биш, олон хүн ойлгохгүй байгаа. Зарим хүмүүс улс төртэй, зарим хүмүүс өндөр албан тушаалтнуудын хувийн амбиц, ашиг сонирхолтой ч холбож тайлбарладаг. Нүүрснээс олох ашиг түүний тээврийн зардлаас шууд хамаардаг. Алтыг бол онгоцоор дэлхийн нөгөө талд аваачаад зарсан ч ашиг олж болно. Нүүрсийг нэг километр илүү тээвэрлэхэд л тэр нь ашигт сөргөөр нөлөөлдөг. Тавантолгойгоос Тяньжин хүртэл 1600 километр. Харин Оросоор дамжуулж далайд гаргах гээд байгаа Ванино, Восточный боомтууд нь 5000 гаруй киломерт. Гурав дахин урт зам туулж, гурав дахин их хугацаа зарцуулбал эргэлтийн хугацаа гурав дахин удааширна гэсэн үг. Тэгэхээр нүүрснээс олох ашгийн хэмжээ гурав дахин буурна гэсэн тооцоо хийсэн. Ямар ч эрүүл ухаантай хүн энэ бол буруу зам байна гээд бодогдохоор байгаа биз дээ.
-Оросууд тээврийн үнэ тарифаа 60-65 хувь хүртэл хямдруулна гэж байгаа. Тэгэхээр өртөг зардал нь Хятадаар дамжуулсантай ялгаагүй болно гэж би сонссон?
-Зүгээр л Оросоор дамжуулах бодит шалтгаанаа ард иргэдэд үнэнээр хэлэхийн оронд хүүхэд хуурах гэж байгаа юм шиг тийм юм яриад байх юм. Оросууд тэр хөнгөлөлтөө мөнхөд эдлүүлнэ гэсэн баталгаа хаа байгаа юм. Нүүрс ачсан вагонуудын замд явах тэр урт хугацааг богиносгох юмуу. Туулах зам уртсах тусам вагоны тоо нэмэгдэж, ачаа эргэлт төдийчинээ удааширч бас л тэр хэмжээгээр зардал өснө. Тэрийг яах юм. Гэтэл Тяньжин хүртэлх зай хэзээ ч сунахгүй, Номхон далай цаашаа нүүхгүй. Шударгаар хэлэхэд, Оросын тэр боомтууд нь мафиудынх мэдэлд байдаг эзгүй зэлүүд цөллөгийн газар гэсэн. Дорнод Сибирийн төмөр зам бол тайгын гүнд моралийн элэгдэлд ороод зэвэнд идэгдээд хаягдсан, бараг 40 жил болж буй зам. Хажууд нь Тяньжин бол дэлхийн “Нарантуул” зах.
-Хятадаас хараат болчихгүйн тулд төрөөс явуулж буй бодлого байж ч болох?
-Аль нэг улс оронтой эдийн засгийн харилцан ашигтай хамтран ажиллах нь түүнээс хараат болж буй гэсэн хэрэг биш шүү дээ. Нүүрсээ дэлхийн зах зээлд гаргах талаар Оростой харьцсанаас Хятадтай түншлэх нь бидэнд хамаагүй илүү ашигтай. Хэдэн арван мянган бээрийн алсад байсан дэлхийн зах зээл, арилжаа наймааны төв хажууд ирчихээд байхад бид Хойд Солонгос руу эхэлж зам тавина гээд зүтгээд байх юм. Голын урсгал сөрж сэлэх гээд л.
-Тэгээд яах ёстой гэж. Өнөөдөр хүн болгон л нүүрсний салбарыг сонирхож байна шүү дээ. Магадгүй энэ салбараас багагүй мөнгө үнэртэж байгаа болохоор тэр байх, тийм үү?
-Яг тийм. Бид угаасаа хэр зэрэг мундаг усчид билээ дээ. Дэлхийн эдийн засаг, зах зээлийн урсгал, чиг хандлагыг соргог мэдэрч, гярхай ажиж, зөв таньж түүнд өөрийгөө зохицуулан ажиллаж амжилт олно уу гэхээс түүний гольдролыг өөрчлөх гэж юмуу түүнээс тусдаа юм бий болгох гээд хол явахгүй л дээ. Жижиг улс гээд заавал жижигхэн сэтгэлгээтэй, жижигхэн зорилготой байж болохгүй шүү дээ. Нарийн яривал бид хараат биш харин ч Хятад улсын эдийн засаг манай нүүрсний нийлүүлэлтээс хамаарах байдал үүсээд байгаа шүү. 2009 онд Хятадын коксжих нүүрсний импортын 66 хувийг Австрали, 12 хувийг Монгол нийлүүлж байсан бол 2010 онд 39 хувь нь Австрали, 30 хувь нь Монгол болж өөрчлөгдсөн байх жишээтэй. Нүүрсний салбарт дэлхийд өрсөлдөхүйц орон болчихоод байгаагаа ойлгож, тийм хэмжээнд сэтгэж, тийм хандлагаар ажилламаар байна. Тэгэхгүйгээр тэрний ч хараат болчих вий, энэний ч дургүйг хүргэчих вий гэж өөрсдийгөө доош хийж бэрхшээл үүсгээд байх юм.
-Дотооддоо тавих төмөр зам, Сайншандад барих аж үйлдвэрийн паркийг талаар танай салбарынхан юу гэж үзэж байна?
-Тавантолгойн уурхайгаас олборлох нүүрсийг тэнд нь угааж, коксжуулах бүрэн боломжтой, амар хялбар, хамаагүй хямд байсаар атал хог шороотой нь хамт хагас мянган километр зөөж Сайншандад яг тэр боловсруулалтыг хийнэ гээд байгааг бид бас л ойлгохгүй байгаа. Ерөөс урагш нь төмөр зам тавьж болохгүй, нүүрсийг машинаар, тэгэхдээ бүр даац багатай машинаар зөөх хэрэгтэй. Тэгвэл олон хүн тасралтгүй ажилтай болно, байгаль экологид хоргүй гэж ярьдаг УИХ-ын гишүүн ч бий. Тэрэндээ тулвал машинаар ч яах юм. Ёгтлоод хэлбэл, үхэр тэргээр, морин тэргээр, тэмээгээр нүүрсээ зөөвөл малчид маань цөмөөрөө ажилтай, байнгын орлоготой, байгальд сөрөг нөлөөгүй болно. Бас нүүрсийг минь Хятадууд дорхноо зөөгөөд дуусчих вий гэж айх юмгүй сайхан болно шүү дээ.
-Өнгөрсөн онд нүүрсний салбарт ямархуу ажил өрнөв?
-Нүүрсний салбар түүхэндээ урьд хожид байгаагүй их амжилт ололттой, үсрэлтийн гэмээр жил байлаа. 25 сая тонн нүүрс олборлож, 18 сая тонн нүүрс экспортлолоо. Манай улс өнгөрсөн онд гадаадад гарсан бараа бүтээгдэхүүний 30 хувийг нь нүүрс эзэлж байгаа. Олон жил Монголын экспортын орлогын зонхилох хувийг зэс бүрдүүлдэг байсан бол нүүрс анх удаа өмнө нь орлоо. Цаашид ч энэ байдал хэвээр үргэлжлэх нь тодорхой. Харамсмаар нь нүүрс экспортлогч компаниуд маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Тэр нь дандаа манай улсын талаас учруулж буй хүндрэл бэрхшээлүүд. Бас Монголын үндэсний компаниуд олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гарган арилжиж хангалттай хэмжээний хөрөнгө босгож чадсан нь саяхан л бидний алс холын мөрөөдөл байсан зүйл бодит амьдрал болсон гэсэн үг.
-Жил болгон л хэл ам болж байдаг станцуудын нүүрсний асуудал харин энэ өвөл нам гүм байх шиг?
-Эрчим хүчний нүүрсний уурхайнууд ч маш сайн ажиллаж байгаа. Багануур, Шивээ-Овоо, Шарын гол, Адуунчулуун, Булганы “Илчит метал”, Сүхбаатарын “Талын гал” гээд бүгд нүүрс нийлүүлэлт, уулын ажлын төлөвлөгөөгөө давуулж биелүүлсэн. Станцууд нүүрсний хангалттай нөөцтэй, уурхайгаас авсан нүүрснийхээ төлбөрийг хугацаанд нь хийгээд, хоорондын өр авлага нь багасаад, техникийн шинэчлэл хийгдээд, тэр хэрээр уурхайчдын урам сэргээд их л өөдрөг дүр зураг харагдаж байгаа шүү.
-Түлш, эрчим хүчний салбар дампуурлын ирмэгт ирлээ гээд үглээд байсан чинь худлаа хэрэг үү, тэгээд?
-Мэдээж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд сайн ажиллаж байгаатай холбоотой. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт энэ тал дээр үр дүнтэй олон ажил хийсэн. Салбарынхан сайддаа их талархалтай байгаа. Олон жилийн турш асуудал нь шийдэгдэлгүй хуримтлагдсаар дампуурлын ирмэгт тулж ирсэн энэ салбарыг буцааж өндийлгөх эхний алхмуудыг хийж чадсан нь үр дүнгээ өгч эхэлж байна. Хэдийгээр нүүрсний үнэ нь өртгөөсөө доогуур хэвээр, уурхайнууд алдагдалтай ажиллаж байгаа ч гэсэн үнийг нэмэхгүйгээр санхүүгийн бэрхшээлтэй асуудлуудыг ингэж зөв шийдэж байсан сайдыг манай салбарынхан үзэлгүй бараг 20 жил болжээ. Төрийн өмчтэй гэж дарамтлалгүй, хувийн өмчтэй гэж гадуурхалгүй хандсан явдалд Багануурынхан ч, Шарын голынхон ч баярлаж байгаа. Манай салбарыг мэддэг УИХ-ын зарим гишүүд ч чухал тогтоол шийдвэрүүд боловсруулан гаргаж, бидний ирээдүйд гэрэл гэгээ нэмснийг хэлмээр байна.
-Д.Зоригт сайдыг ажлаа хийж чадахгүй байна гээд огцруулах дээрээтулаад байна шүү дээ?
-Тэр огцруулах гээд хөөцөлдөөд байгаа хүмүүст хийж өгөх ёстой ажлаа л муу хийж гомдоогоод байгаа юм байлгүй дээ. Түүнээс биш салбарын өмнө, улс орны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө ажиллаж байгаад нүүрснийхэн ам сайтай байдаг. Өмнөх сайд нар нь дандаа улс төрийн явцуу өнцгөөс харан туйлширч, арьсаа хамгаалан бэмбэгнэсээр байгаад бүр архаг өвчтэй болгоод хаячихсан салбарыг өөд татах амаргүй. Тэгээд ч монголчууд бид цаана нь дандаа нэг муу хувийн тооцоо, өчүүхэн ашиг сонирхол нь зүүгдээстэй явдаг, наанаа нэг их хариуцлага, улс эх орон ярьдаг.
Ажил хийж буй хүн л алдаа гаргадаг. Гүйж буй хүн л унадаг. Унахгүй гэвэл мөлхөөд яв гэсэн үг бий. Зоригт сайдад ч алдаа бий. Наад зах нь л гэхэд манайхны шүүмжилдэг нэг дутагдал бол өөрт нь явуулсан албан бичигт хариу өгөхийг мэддэггүй. Харин ч сайхан таг болно доо. Уг нь албан тоот, санал хүсэлт, өргөдөл гомдолд хариу өгөх тодорхой хоног хугацаа заасан хууль бий л дээ. Бас өөрийгөө нилээд тоосон юмуу гэмээр шинж харагддаг. Хүмүүст энэ нь таалагдахгүй нь мэдээж. Гэхдээ энэ бол хувь хүний гадна төрх болохоос ажлын алдаа дутагдал биш. Ер нь өөртөө эргэлзээд, хүн болгоны ааш араншинд тааруулах гээд, хэн юу гэх бол гэж эргэж хургаад байвал энэ цаг үед сайдын ажил хийх гэж оролдоод ч хэрэггүй.
-Зоригт сайдыг огцруулаад оронд нь түүнээс илүү чадвартай сайн хүн ирэхийг бас үгүйсгэж болохгүй биз дээ?
-Тэр ч үлгэр байх аа. Яг үнэнийг хэлэхэд, улс төрөөр хоол олж идэх гэсэн нэг нөхөр ирчихээд 2012 оны сонгуулийн ажлаа хийгээд эхлэх байх гэж бид айж байгаа. Зоригтын эхийг нь тавьчихсан ажлуудыг царцааж хаяна. Ер нь түлш, эрчим хүчний системийг зах зээлийн гольдролд оруулахад ард иргэдэд ойлгогдохгүй, “эх орончдод” таалагдахгүй, яг тухайн үедээ үр дүн нь харагдахгүй юм зөндөө гарна. Сонгуульд ялах гэж бодож буй хүнд энэ хэрэггүй. Наанаа сайхан харагдавч цаагуураа улс орны эдийн засаг, ард түмний ахуй амьдралыг орвонгоор нь сүйтгэх юмнууд л хийдэг юм, тийм хүмүүс.
-Нүүрсийг үнс болгоод хаядаг байсан бол мөнгө босгох боломжтой болж байх шиг байна?
-Өмнө нь бид нүүрсээ тоодоггүй байлаа шүү дээ. Харин өнөөдөр бидэнд нүүрсээ зараад ходоодоо дүүргэх боломж гарч ирлээ. Энэ боломжийг улс төржүүлэлгүйгээр эдийн засгийн зөв тооцоогоор ашиглаасай гэж хүсч байна. Монголчууд сүүлийн 20 жил улс төржлөө. Улс төрийн шоу тоглолтуудыг их хийлээ. Одоо энэ бүхнээ жаахан мартаад эдийн засагжмаар байна. Ингэвэл эрхбаригчид маань мөнгө олох гэж гаднаас гуйлга гуйж, нүүрээ улалзуулах хэрэггүй болно байх.