Пуужингийнхаа үлдэгдлийг “мартжээ”

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Пуужингийнхаа үлдэгдлийг “мартжээ”

Өнгөрсөн оны хоёрдугаар сард Төв аймгийн Бүрэн сумын нутагт үл мэдэгдэх биет унасан. Энэ талаарх мэдээллийг эргэн тодрууллаа. Тухайн үед үл мэдэгдэх металл биетийг “хиймэл дагуулын сэг”, “сансрын хөлгийн хэлтэрхий”, “харь гаригийн хөлөг” гэх мэтээр шуугиж, тэр ч бүү хэл Бүрэн сумын Засаг дарга Р.Очирбат солир эндүүрч, хэлтэрхийг нь албан өрөөндөө “залж” байсан гэдэг. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажаваар /пуужингийн мэргэжилтэн/ удирдуулсан ажлын хэсгийнхэн тухайн үед газар дээр нь ажилласан ч үзлэг шалгалтын явцад олны ярьж байсанчлан солирын хэлтэрхий биш болохыг нь тогтоосон юм.

Олны гайхашралыг төрүүлсэн төмөр биетийг тэр даруйд нь Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэж өгсөн байдаг бөгөөд “80 орчим сантиметр радиус бүхий хагас бөмбөлөг толгойтой, их бие нь 1.5 метр орчим урттай, цилиндр хэлбэртэй, сүүл хэсэг нь тэсрэлтийн улмаас хэлбэргүй болсон металл сав байсан” гэсэн тодорхойлолтыг Ажлын хэсгийн дүгнэлтэд бичсэн байдаг. Албан ёсоор бол гайхал төмөр биетийг “Delta-2” зөөгч пуужингийн үлдэгдэл болохыг судалгаагаар тогтоосон гэдэг мэдээллээс хойш энэ тухай яриа сураг тасарчээ.

Бид “Delta-2” зөөгч пуужингийн үлдэгдэл хэмээн нэрийдсэн уг төмөр биет одоо хаана хадгалагдаж байгаа, судалгаа хийж байгаа эсэх талаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигтай  тэмцэх газрын дарга, комиссар С.Цогтбаатараас тодрууллаа.

-Төв аймгийн Бүрэн сумын нутагт унасан металл биетийн талаар тодруулах гэсэн юм. Судалгаа хийж байгаа юу?

-Төмөр биетийг судлахаар АНУ-ын судалгааны багийнхан өнгөрсөн онд манай улсад ирж ажилласан байгаа. Судалгаагаар төмөр биетийг Америкийн “Delta-2” зөөгч пуужингийн үлдэгдэл болохыг тогтоож, зураг хөргийг нь аваад буцсан. Тэд пуужингийн үлдэгдлийг эргэж ирж авна гэсэн боловч өнөөдрийг хүртэл аваагүй байгаа.

-Төмөр биетийг тэгвэл хаана хадгалж байгаа вэ?

-Төмөр биет 2010 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 11:40-12:00 цагийн орчимд Төв аймгийн Бүрэн сумын малчин Ц.Маналжавын өвөлжөөнөөс 2-3 км зайд унасан байдаг. Тухайн үед ийм мэдээлэл ирүүлсний дагуу Ажлын хэсэг байгуулж, газар дээр нь очиж, шинжлэн ямар нэгэн химийн хорт бодис агуулаагүй болохыг нь тогтоож, Орбит дахь Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн агуулахад хүргэсэн. Одоог хүртэл тэнд нь хадгалж байгаа.

2009 оны хоёрдугаар сарын 10-нд АНУ-ын “Иридиум 33” ОХУ-ын “Космос 2251” хиймэл дагуулууд мөргөлдөн сүйрсний дараа АНУ-ын Конгрессийн дэд хороо Батлан хамгаалах яам, Сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн мэргэжилтнүүдийг оролцуулсан комисс томилж, дүгнэлт гаргасан байдаг. Тус комиссын тооцоолсноор өнөөдөр дэлхийн тойрог замд 300 мянга гаруй сансрын хог хаягдал/1см-ээс дээш хэмээтэй/ байгаагаас том хэмжээний биет 19 мянга орчим байгаа аж. Энэ тоо 1980 онд гурван мянга хүрэхгүй байсан бол сүүлийн жилүүдэд ийнхүү эрс нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор эдгээр биетүүд сансрын уудам дахь улам бүр нягтарч буй хөдөлгөөнд аюул учруулах боломж 200-д нэг буюу 0.5 хувийн магадлалтай байгаа. Цаашлаад дараагийн 10 жилд улам бүр нэмэгдэнэ гэх нарийн тооцоо байдаг аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж