Эмч нарт шатахуун хүрэлцэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.01.13-нд нийтлэгдсэн

Эмч нарт шатахуун хүрэлцэхгүй байна

НҮБ-ын Хүн амын сангийн сан­хүү­жилтээр Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгуудын тө­лөөллийг хамруулсан “Гамшгийн үеийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн  нэн шаардлагатай багц тусламж үйл­чил­гээ” сургалтыг  Ховд аймагт зо­хион байгуулжээ. Сургалтанд баруун бүсийн таван аймгийн  ЗДТГ-ын дэр­гэдэх Эрүүл мэндийн асуудал хариуц­сан мэргэжилтэн, мөн аймгийн Эрүүл мэндийн газрын НҮЭМ, эх барихын эмч, Улаан загалмайн хороодын дарга нараас бүрдсэн 30 гаруй хүн хам­рагдсан байна. Баруун аймгуудын эмнэлгийн тус­ламж үйлчилгээний хүрэлцээ,  хүнд­рэл бэрхшээл, цаашид авах арга хэмжээний талаар  сургалтыг зохион байгуулаад ирсэн ЭМЯ-ны Эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэрэгжилтийг зохицууулах газрын мэргэжилтэн Ч.Баярмаагаас тодрууллаа.

-Баруун аймгуудын эмнэлгийн удирд­­лагуудыг хамруулсан сургалт се­минарын үеэр ямар асуудлыг хөн­дөж ярьсан бэ?
-Аймаг сумдын эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүд өвөлжилтөд бэлэн эсэх, эмнэлгийн түргэн тусламж үзүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээл, аймаг, сум дундын эмнэлгүүдэд тулгам­даж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх шаард­лагатай ажил, арга хэмжээний талаар  түлхүү ярилцсан.

-Дээрх таван аймаг нийслэлээс алс­лагдсан аймгуудын тоонд ордог. Орон нутгийн удирдлагууд нөхцөл байдлын талаар юу ярьж байна?
-Хамгийн гол нь ойрын хугацаанд дээрх аймгууд зудын үед бэлэн байд­лыг хангах төлөвлөгөөг холбогдох хү­мүүс­тэй хамтран боловсруулж ба­тал­гаажуулах, цаашлаад орон нутаг­таа ажил хэрэг болгохоор болсон. Өвөл­жилт хүндэрсэн зарим сумдын зам да­ваа хаагдсанаас эмнэлгийн түргэн тус­ламж  очиход бэрхшээл гарч эхэлсэн бай­на лээ. Цаг агаарын  байдлаас шалт­гаалж шатахууны зарцуулалт нэмэгдэж байгаа талаар орон нутгийн удирд­лагууд ярьж байсан.

-Сум, багт  ажиллах эмч, сувилагч, автомашин хүрэлцээтэй байна уу?
-Өнгөрсөн жил ЭМЯ-наас хөрөнгө гаргаж орон нутгийн Түргэн туслам­жийн машинуудыг шинэчлэх томоо­хон ажил хийсэн. Гэхдээ Завхан айм­гийн Алдархаан, Баянхайрхан сум­дын түргэн тусламжийн машиныг шинэч­лэх, шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, Увс аймгийн өвөлжилт хүндэрсэн 5-6 суманд уналгын өвс, морь, дулаан хув­цас, эмнэлгийн багаж тоног төхөө­рөмж шаардлагатай   байна.

-Сургалтад хамрагдсан аймгуудад өвөлжилтийн байдал хүндэрсэн гэх мэдээ байна?
-Тийм ээ. ОБЕГ-аас энэ сарын 04-ний байдлаар 14 аймгийн 87 суманд өвөлжилт хүндэрсэн гэх мэдээллийг ирүүлсэн байна. Дээрх 14 аймгийн тоонд баруун бүсийн таван аймаг багтаж байгаа. Жишээ нь Баян-Өлгий аймгийн Сагсай, Булган, Ховд аймгийн Алтай, Үенч, Увс аймгийн Малчин, Хяр­гас, Давст, Түргэн зэрэг сумдад өвөл­жилт хүндэрсэн  гэсэн мэдээ бай­на. Тиймээс цаашид зудын  байдалд шилж­лээ гэхэд хүнээ аврах, эмнэлгийн тус­ламж үзүүлэхэд шаардлагатай нөхц­лөөр хангаж ажиллах үүрэг чиглэл өгөөд ирсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж